Гадаад дахь монголчууд: Covid-19-ийг хэрхэн даван туулж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Гадаад дахь монголчууд: Covid-19-ийг хэрхэн даван туулж байна вэ?

Гадаад дахь монголчууд: Covid-19-ийг хэрхэн даван туулж байна вэ?

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй. Улсын онцгой комисс, Засгийн газраас covid-19-ийн халдвартай холбоотойгоор хэрэгжүүлж буй арга хэмжээ иргэдэд таалагдах, таалагдахгүй, гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан, зарим шийдвэр нь бодит байдалд нийцэхгүй, халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэл үүсгэж байгааг иргэд шүүмжилж буй.  Тэгвэл NEWS агентлагийн зүгээс гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа холбогдож, тэдний амьдарч байгаа улс, хотод covid-19 цар тахлын үед хэрхэн ажиллаж байгаа, улс орнууд ямар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлж буй, иргэд нь түүнийг хэрхэн дагаж мөрдөж байгаа талаарх байр суурийг онлайнаар холбогдож авснаа  хүргэж байна.


ОХУ COVID-19 ВИРУСИЙН ҮЕИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛЖ БАЙНА ВЭ?

-ОХУ-д 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Тюмень, Читад БНХАУ-ын хоёр иргэн шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн. Иймд нэн даруй БНХАУ-тай хиллэж буй тухайн бүс нутагт тодорхой хязгаарлалт хийж яаралтай ажилласан. Ингээд гуравдугаар сарын дундуур халдварын тохиолдлууд эрчимтэй нэмэгдэж байсан учраас мужийн захирагч нар тодорхой дүрэм журам боловсруулж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн. Удалгүй ОХУ даяар иргэдийг гэртээ байхыг уриалж, алсын зайнаас ажиллах, сурах хэмжээнд хүрч каратин тогтоов. Иргэдийн хувьд карантин орох бэлтгэл мэдээж байгаагүй учраас ОХУ даяар хот бүрт л тодорхой шок үүсч дэлгүүрийн ачаалал нэмэгдэх зэрэг үзэгдлүүд мэдээж гарсан. Миний хувьд ОХУ-ын Москвагийн бүсийн хүн ам багатай буюу манайхаар Дархан, Эрдэнэттэй ижил хотод ажиллаж, амьдардаг. Хүмүүс карантин зарласан ч маск, бээлий, халдваргүйжүүлэлтийн хатуу горимыг тэр бүр дагаж мөрдөхгүй л байв. Хэдийгээр ОХУ даяар карантин зарласан ч иргэд тодорхой хүрээнд ажлаа хийж, дэлгүүрүүд хэвийн горимоор ажиллаж байсан. Гэхдээ нэг ажиглагдсан зүйл нь онлайн худалдаа, үйлчилгээ болон үзвэр маш идэвхтэй болж эхэлсэн. Манай хотын хувьд хүн ам багатай учраас маш хурдан зохион байгуулалтад орсон. Гадуур маскгүй зорчсон тохиолдолд 5000 рубль буюу 200 орчим мянган төгрөгөөр торгоно, дэлгүүр заавал масктай болон 2 метрийн хоорондын зайг баримтлах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх зэрэг тодорхой дүрэм журмуудыг хотын захиргаанаас боловсруулж иргэдийг маш сайн мэдээллээр хангасан. ОХУ даяар эрүүл мэндийн салбарын ажилтнууд, цэрэг цагдаагийн ажилтнуудыг дайчилж, боломжит бүх нөхцөлөөрөө эмнэлгийн нөөц бэлдсэн. ОХУ анагаахын шинжлэх ухаанаар дэлхийд дээгүүрт өрсөлддөг улс. Тиймээс covid-19-тэй холбоотой бүхий л мэдээлэл энэ чиглэлийн судалгаа, шинжилгээ хийж буй эрдэмтэд дээр онцгой төвлөрч байв. Тархварзүй судлаач, дархлаа судлаач, вирус судлаач гэх зэрэг энэ талын эрдэмтэн судлаачдын яриа, судалгаа, зөвлөгөөг Оросын бүх хэвлэл тогтмол хүргэж ирсэн нь иргэдийг мэдээллийн төөрөгдөлд оруулахгүй байх хамгийн чухал гаргалгаа болж байна гэж харсан. Яг ийм дэлхийг хамарсан цар тахлын үед мэргэжилтнүүд, албаны эх сурвалжийн мэдээлэл хамгийн чухал гэдэг нь мэдрэгдэж байв. Москва болон хүн ам ихтэй хотуудын хувьд бүгд нэг жигд дүрэм журмыг сахихгүй байгаа талаар хэвлэлүүдээр, сошиал орчинд ч бичигдэж, шүүмжлэл дагуулж л байсан. Энэ нь аль ч улс оронд үүсч буй нөхцөл гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Иргэд гэнэтийн энэ нөхцөл байдалд шууд дасан зохицох нь амаргүй. Гуравдугаар сарын 25 гэхэд Москва хотод нийт тохиолдол 78 хүрэхэд тус хотын захирагч Сергей Собянин иргэддээ гэртээ байхыг, шаардлагатай тохиолдолд л гадуур зорчих, хилийн боомтуудыг хаах зэрэг шат дараатай арга хэмжээнүүд авч эхэлсэн.

Мөн энэ үед иргэдийн эдийн засаг хэрхэн хүндрэх, covid-19-ийн үед нийгмийн аль хэсэгт эдийн засгийн шок үүсэх вэ гэдгийг шийдвэр гаргагчид маш хурдан олж харж, хууль санаачлан батлуулж байв. Тиймээс covid-19 урт хугацаанд буюу багадаа 2022 он хүртэл үргэлжилнэ гэж тооцвол эдийн засгийн хямрал нь ДНБ-ий хэдэн хувьтай тэнцэх, хүн амын бодит орлого нь мөн хэдэн хувиар буурах, ажилгүйдэл, инфляцийн түвшин хэр байх зэрэг бүх талын стратеги боловсруулж танилцуулсан нь БНХАУ-д ковид 19 вирусийн нөхцөл байдлаас бодит үнэлэлт, дүгнэлт хийж бэлтгэлтэй байсантай холбоотой байж болох юм. Ингээд ковидын үед хатуу карентин улс даяар зарлахад хууль  санаачлагчдын зүгээс шат дараатай арга хэмжээнүүд авахыг Засгийн газартаа санал болгож, мөн иргэд рүү чиглэсэн хуулийг даруй боловсруулан өргөн барьж батласан. Ингэхдээ нэн тэргүүнд covid-19-ийн үеийн эдийн засгийн хүндрэлийн хамгийн том хохирогч нь хүүхэд гэдгийг ойлгож, даруй хүүхэд рүү чиглэсэн хэдэн хэдэн бодлого хэрэгжүүлсэн. ОХУ-ын Хөдөлмөрийн яам, Сангийн яамтайгаа хамтран эцэг эхийн аль нэг нь эсвэл хоёулаа ажилгүй болсон тохиолдолд, нэг хүнд ногдох дундаж орлого амжиргааны түвшнээс доогуур болсон тохиолдолд, хүүхэдтэй гэр бүл ковидийн халдвараар өвчилсөн тохиолдолд, гэр бүлийн орлогоо алдсан олон хүүхэдтэй гэр бүлд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд, эцэг эх нь амжиргааны түвшнээс доогуур орлоготой гэр бүлд тус тус эдийн засгийн дэмжлэг үзүүлэх саналыг хамтран боловсруулж, батлуулсан. Үүнийг гэхдээ нийтэд нь халамж тараах хавтгайруулсан ойлголттой хольж хутгаж болохгүй санагдсан. Хүний эрхийн байгууллага, Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яамд байнгын судалгаа хийдгийн ач холбогдол юу билээ. Үүн дээрээ түшиглээд зорилтот, яг энэ covid-19-өөс үүдэж бодитоор хохирол амсч буй нийгмийн сигментүүд рүү анхаарч өгөх ёстой юм байна гэж харагдаж байлаа.

ОХУ-ын Засгийн газрын нөөц сангаас 81 тэрбум рублийн татаасыг ковид цар тахлын үед жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох үүргийг тус улсын ерөнхийлөгч Путин чиглэл болгосон. Ингэхдээ ажилчдынхаа 90-ээс доошгүй хувийг ажиллуулж, цалилнжуулж буй аж ахуй нэгж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 12130 рубльтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажилтан бүрээр тооцож олгох. Хүн амын бодит орлого хэдэн хувиар буурч байгааг тооцож, үүнтэй уялдуулан татвар, орон сууцны төлбөр, нийтийн үйлчилгээний төлбөрүүдийг бууруулах. Түүнчлэн ковидын үед боловсрол анагаах ухааны салбар болон онлайн үйлчилгээ эрхлэгчдийн цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг  тус тус авчээ. Өнөөдрийн байдлаар ОХУ-д covid 19-ийн хоёр дахь давлагаа явж байна. Ковидын халдвараар 2 сая 15 мянга гаруй хүн өвчилснөөс 34 мянган хүн энэ өвчнөөр нас барж, өдөртөө 22 мянга гаруй тохиолдолд шинээр бүртгэгдэж байна. Хүмүүс маск, бээлий, гар ариутгагч, хоорондын зай гээчийг бараг амьдралын нэг мөрдлөг болгосон. Цаашид багадаа 1-2 жил үргэлжлэх энэ нөхцөл байдалд иргэд дор бүрнээ дасан зохициж, төр харин үүсч болох хүндрэлүүдээс хэрхэн гарах вэ гэсэн менежерийн зарчмаар ажиллах нь чухал болохыг ОХУ гэлтгүй дэлхийн бусад улс орны жишээнээс харах нь зүйтэй юм болов уу.

Ц.ТАМИР, ОХУ, ДУБНА ХОТ


“ААН-ҮҮДИЙН ОРЛОГЫГ БУУРУУЛАХГҮЙН ТУЛД ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ БАЙГАА”

-Нийтдээ АНУ даяар 12 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс Колорадо мужид 188500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 2700 гаруй хүн нас барсан. Сүүлийн 14 хоногийн дотор covid-19-ийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор АНУ даяар бизнес, үйлчилгээний байгууллагуудыг цагийн хязгаарлалттайгаар ажиллуулах, шаардлагатай бол зарим бизнес, үйлчилгээний газруудыг гэрээс нь ажиллуулж байна. Цаашид түр хугацаагаар хаах шийдвэр ч гарч магадагүй байна.  Арваннэгдүгээр сарын 21-ээс эхлэн албан байгууллага 10.00-17.00 цагийн хооронд ажиллаж, ресторан зааланд үйлчлэхгүйгээр зөвхөн захиалга хийж эхэлсэн. Өдөр бүр тодорхой заасан цэгүүдэд шинжилгээ үнэ төлбөргүй, зарим хэсэгт яаралтай үед төлбөртэй шинжилгээ авах ажлыг эхлүүлээд ажиллаж байна. Covid-19 тогтсон эмчилгээ байхгүй учраас хүмүүст мэдээлэл сайн түгээж халдвараас сэргийлэхийг л уриалж байна. Хэрэв халдвар авсан бол гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлаж, онц ноцтой хүндрэл гарахгүй бол эмнэлэгт ирэхгүй байх, энгийн томуугийн эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэхийг л уриалж байна. Мөн өвчин хүний дархлааны системийг эвдэж байгаа учраас дархлаагаа сэргээх хоол хүнс хэрэглэж, маш сайн унтаж амрах шаардлагатай гэдгийг бүх байгууллагууд нь уриалж, сурталчилж байна.

Зарим хотуудад хатуу хөл хорио тогтоохгүйгээр бизнесийн байгууллага, үйлчилгээний газруудыг богино цагаар үйл ажиллагаагаа эрхлэх, зарим мужид хувийн баталгаатай үйл ажиллагаа явуулах гэх мэт иргэдийн орлогыг бүр мөсөн хаахгүйгээр зохицуулалт хийхийг хичээж байгааг мэдэгдэж буй.

Э.МӨНХНАСАН, АНУ, ДЕНВЕР ХОТ КОЛОРАДО МУЖ. 


"ТАХАЛ 2022 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ, АЙЖ ЗҮГЭЭР СУУХ БИШ, ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ХЭМЭЭН ЯПОНЧУУД АРД ТҮМНЭЭ УРИАЛААД БАЙГАА"

-Би нөхөр хүүхдийн хамтаар Япон улсын Сайтама аймагт амьдарч байна. Яг одоо Япон улсад covid-19-ийн гурав дахь давалгаа эхэлж, өдөрт 2500 орчим халдвар авсан иргэн шинээр бүртгэгдэж байгаа юм. Covid-19 гарснаас хойш анх удаа л нэг өдөрт ийм олон хүн бүртгэгдэж байна. Өвчний хүрээ нэмэгдэж байгаагаас гадна хүмүүс сайн дураар тест өгөх нь ихэссэн учраас ч энэ тоо нэмэгдэхэд нөлөөлсөн гэх. Өөрөөр хэлбэл, ямар ч шинж тэмдэггүй тохиолдлууд маш их нэмэгдсэн гэсэн үг. Ингээд энд өвчлөлийн тоо түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Өдөрт 2500 гэдэг багагүй тоо. Гэхдээ л Японы иргэд уужуу тайван байж, амьдрал өнөөх янзаараа л үргэлжилж байна. Өглөө эрт цэцэрлэг сургууль яг цагтаа цугларч, Токиогийн 14 сая орчим хүн хөлхөлддөггөөрөө хөлхөж, метро, хурдны галт тэрэг дүүрэн хүмүүс ажил, амьдралдаа оролцдогоороо оролцож, цэцэрлэгт хүрээлэнд гүйдгээрээ гүйж, өглөө өндөр настанууд цуглаж дасгал хөдөлгөөнөө хийдгээрээ л хийж байна. Дэлгүүр хоршоонд инээлдсэн залуус хөлхөж л байна, орой уушийн газрууд бүгд нээлттэй, сургалт дамжаа, хүүхдийн тоглоомын газрууд ажилладгаараа ажиллаж, сайн дурынхан гудманд зогсдгоороо зогсч, хүргэлтийн үйлчилгээг огт зогсоолгүй, төрийн үйлчилгээ тасралтгүй шуурхай үзүүлсээр л байна. Гагцхүү тэд бүгд л маскаа зүүж, алхам тутамдаа гараа угааж, ариутгаж сурсан байна. Дэлгүүр хоршоо, төрийн байгууллагууд, албан газрууд, сургууль цэцэрлэг бүгд орох гарах хэсгүүдэд гар ариутгагч байрлуулсан учраас орох гарах тоолондоо гараа ариутгаж дадсан байна. Мөн эдгээр газруудад нэг өрөөнд байх хүний тоог тогтоож, хязгаарлан, хүн дүүрсэн тохиолдолд 1 метрийн зайтай дугаарлуулж, орох хэсэгт халуун хэмжигч барьсан нэг хүн, гар ариутгагч барьсан өөр нэг хүн инээгээд зогсч байх нь олонтаа. Гараа угаа, гараа ариутга, зай барь, маскаа зүү гэсэн ухуулга сурталчилгаанууд сүржин даржин бус өнгө аястайгаар хаа сайгүй л наасан, хадсан байдаг. Ойлгох шаардлагагүй ч олон удаагийн давтамжтайгаар харах нь хүний ухамсарт илүү үлддэг аж. Ер нь энд хүмүүс вирустэй “хамт” амьдраад сурчихлаа. Анх адилхан л дэлгүүрийн гурил, ариун цэврийн цаасыг хуу хамж байсан хүмүүс шүү дээ. Одоо бол өвдөх эсэх нь өөр хэнээс ч биш өөрөөс минь л шалтгаална гэдгийг ойлгочихсон шиг санагдсан.

Харин Засгийн газрын хувьд өнгөрсөн хугацаанд шат дараатай маш олон арга хэмжээ авсан. Иргэддээ болон гадаад иргэдэд ч нэг удаагийн 100 мянган иений тусламж үзүүлж, хүүхдүүдэд тусгайлан нэмэлт 15 мянган иен өрхийн тэргүүний дансаар дамжуулан шилжүүлсэн. Олимп 2020 хойшлогдсон, цар тахлын үеийн бизнесийн уналтуудаас шалтгаалж Япон улс эдийн засгийн дарамтад орсон нь илэрхий. Гэхдээ эдийн засгийн дэмжлэг болгох гэж “Go to travel”, “Go to eat” нэртэй аяныг улс дотроо зохион байгуулж, улс дотроо жуулчилбал зочид буудал, хоолны газрын төлбөр, хурдан галт тэрэг, метроны зардлын тодорхой хувийг Засгийн газраас төлөх системийг нэвтрүүлсэн юм. Covid-19-өөс үүдэж уналтад ороод байсан аялал жуулчлалын салбарынхнаа дэмжих нэг тактик нь энэ байв. Гэвч үүнээс үүдэж Япон улсад гурав дахь давалгаа үүссэн гэх шүүмжлэл ч байна. Бизнес эрхлэгчдийг Япон улс төсөв бүрдүүлдэг чухал хэсгээ гэж хүндэлдэг учир covid-19-ийн үед тэднийг дэмжих хэд хэдэн бодлого боловсруулсны нэг нь хүүгүй зээл олгож, хөнгөлөлттэй үнээр /тун бага дүнгээр/ техник болон бусад эд зүйлсийг авах эрх олгов. Энгийн иргэдэд ч covid-19-өөс шалтгаалан эдийн засгийн хүнд байдалд орсон бол нэг жилийн дараачаас эхлэн хэд хэд хуваан төлөх боломжтой зээлүүд олгож эхэлсэн. Гадаадын иргэд ч энэ зээлийг авах боломжтой. Мөн хоол хүнсний дутагдалд орсон иргэд байвал өөрийн амьдарч буй харьяа дүүргээс очиж үнэ төлбөргүй хүнснээс сонгон авах боломжтой. Ер нь Япон улсын эдийн засгаа аварч үлдэх гол стратеги бол бизнес эрхлэгчдээ дэмжиж, ажлын байруудыг хадгалж авч үлдэх. Ингэснээр иргэд ажилгүйдэлд өртөхгүй тул эдийн засаг тэнцвэртэй байна гэх. Саяхан “Токио олимд 2021”-ийг 2021 оны долоодугаар сарын 23-нд юу ч болсон зохион байгуулна гэдгээ зарлаж, бүх заалнуудыг үзэгчээр дүүргэнэ гэдгээ итгэл төгс хэллээ. Ер нь л энэ тахал 2022 он хүртэл үргэлжилнэ, тиймээс бид айж зүгээр суух биш, тэмцэх хэрэгтэй хэмээн ард түмнээ уриалаад байгаа. Япон улсын туршлагын зах зухаас, цөөн хэдийг жишээ татан хуваалцахад л ийм. Яг одоо бол Токио хотод таван “小” буюу таван жижиг гэсэн ханз бүхий сэрэмжлүүлгүүд түгээж байна. Токио хотын захирагч хэлэхдээ гадуур хоол идэж, ууж суухдаа цөөн хүнтэй газар байя, богино цагаар суугаад гаръя, ойр ойрхон гараа угаая, жижиг тавгаар хооллоё, аяархан ярья гэсэн нь бүгд бага, жижиг, богино гэсэн утгыг илэрхийлж буй юм. Манай улс ч өнөөгийн энэ хүнд хэцүү нөхцөлд “жижиг, бага” гэсэн энэ агуулгыг ойлгож, нэвтрүүлбэл тустай байж болох санагдана.

Б.ГЭРЭЛМАА, ЯПОН УЛС, САЙТАМА АЙМАГ. 


“ЗАРИМ ХОТОД НИЙТИЙН ТЭЭВЭР ҮНЭГҮЙ, ХҮНСНИЙ ТАЛОН ТАРААЖ БАЙГАА”

-Хэвлэл мэдээллээр үхлийн тоо, өвдөж байгаа хүний тоо хэр хэмжээнээс давлаа гэж зарласаар л байна. Гэхдээ манай эндэхийн хүмүүс гуравдугаар сараас хойш ийм байдалтай байсан юм болохоор дасан зохицож амьдарч байна. Маскны хэрэглээг амьдралдаа хэвшүүлж, маскгүй хүн харагдахаа байсан. Гадуур кофе шоп, ганц нэг жижиг дэлгүүр хааяа хаагдсан харагддаг. Яасан юм бол гэхээр ажилтан нь ковид тусаад, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа гэж зар тавьсан ч юм уу, амнаас ам дамжиж яригддаг. Доналд Трамп олигтой ажил хийхгүй өөрөө ч маск олигтой зүүхгүй даган дууриагчиддаа муу үлгэр дууриалал үзүүлж байна гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Одоо хүмүүс өөр болох байлгүй гэж хүн бүр найдаж байна. Засгийн газраас нэг удаагийн мөнгөн тэтгэмж covid-19  эхэлж байхад өгсөн. Зарим хотуудад автобус унаа үнэгүй, хүнсний талон үнэгүй тарааж байгаа сураг байсан. Муж болгон өөрийн хуультай болохоор өөр өөр арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа байх. Америк асар том, хүмүүсийн амьдралын хэв маяг хаанаас ирсэн хаана амьдарч байгаагаас хамаараад тэс ондоо. Манай гэр бүлийн хувьд том хотын захад, олон хүнгүй, тайван газар суурьшдаг болохоор хүмүүсийн амьдралын хэв маяг тайван. Хүүхдээ түрээд хөршүүдийн хажуугаар өнгөрөхөөр бүгд л гэрээсээ ажил хийж байгаа юм шиг харагддаг. Бас нэг айлд нэг “үсчин”-тэй болж байх шиг. Гаднаа нэгнийхээ үсийг засаад сууж байхдаа таардаг. Замын түгжрэл бараг байхгүй болсон.  Аав ээж нь зайлшгүй ажил хийх шаардлагатай эцэг эхчүүд олон байгаа учраас хүүхэд харах үйлчилгээтэй гэр цэцэрлэгүүд хэвийн ажиллаж байгаа. Сургуулиуд янз бүр байгаа. Эцэг эх нь сургуульд очих, очихгүйг сонгодог байхад бүрэн онлайн, зарим нь тодорхой хоёр өдөр орох гэх мэтээр янз бүрийн зохицуулалттай явж байна. Сошиалаар харж байхад өвчинд хэт хөөрүү хандаад байна уу л гэж харагдаж байна. Гараа байнга угаагаад гэрээ цэвэрлээд, амин дэмтэй шөл устай хоол хүнс хэрэглээд аль болох олон нийт дунд орохгүй байвал эрсдэл бага. Гадны юманд хүрэх тоолондоо гараа ариутгадаг болоод удлаа. Гаднаас орж ирж байгаа хүнс барааны уут савыг арчиж оруулж ирдэг. Байнга хаалганы бариулнуудаа ариутгалын бодистой усаар арчдаг. Ийм зуршлууд тогтоод удлаа. Машиндаа ариутгалын бодисны цуглуулгатай болсон гэхэд бараг болно. Гарч орох болгондоо л хувцасаа сольж угаадаг. Иймэрхүү хэвшлүүд тогтоосон. Ер нь бол гэртээ л байх, халдвар хамгааллын дэглэмээ сахих нь л маш чухал хамгаалалт. Гадуур гарахаараа хэд хоног биеэ чагнаж сэтгэл зүйгээр унах тал бас байсан /инээв/.

С.ЦОЛМОН, АНУ, ФИЛАДЕЛЬФИ ХОТ.


"СОЛОНГОСЧУУД ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ, ГАРВАЛ МАСКАА ЗҮҮЖ ДЭГЛЭМЭЭ МАШ САЙН САХИЖ БАЙНА"

-БНСУ-д анхны Дэгү хотын тархалтыг бараг дөрөвдүгээр сараас барьж авсан байх. Гэхдээ халдвар энд тэнд тархсан учир өнгөрсөн тавдугаар сар хүртэл тайван байж чадаагүй. Олон хүн цуглах үеэр тархсаар байсан. Мөн ахмадууд болон олон цагаар ажиллаж дархлаагаа сулруулсан иргэд илүү өртөж байна. Хамгийн чухал нь энд хүн хоорондын зай барих арга хэмжээг авсан нь тэлэлтийг багасгасан байх гэж дүгнэж болно. Уг нь тавдугаар сарын 5 буюу Хүүхдийн баярын өдөр дотроосоо нэг ч халдвар гараагүй гэж Ерөнхийлөгч нь гоё мэндчилгээ хүргээд байтал эргээд халдварын тоо нэмэгдэж эхэлсэн. Хорио цээрийг сулруулж бараг чөлөөтэй болгоод байтал Сөүлд шөнийн клубт орсон залуу халдварыг тэлчихсэн. Эцэст нь барьж дийлэлгүй эргээд алдчихсан. Бараг наймдугаар сарыг хүртэл өдрийн тохиолдол 100-аас буугаагүй байна. Зуны халуунд ч иргэдийг маскаа зүү гэж сануулсаар халуунд иргэд зүүсний хүчинд өнгөрсөн есдүгээр сараас гайгүй болж эхэлсэн. Гэхдээ энд судалгаа өндөр байх шиг байна. Хоёр дахь давалгаа өвөл болно гэдгийг сануулж арваннэгдүгээр сараас олон нийтийн газар явсан иргэнийг 100 мянган воноор торгоно гэдэг мэдэгдлийг бүр сарын өмнө мэдээлсэн. Учир нь Ургацын баяр буюу есдүгээр 28-аас аравдугаар сарын 5-ны хооронд урт амралтаар аль болох гэртээ байхыг сануулсан. Солонгосчууд энэ баяраар аав, ээжийнхээ шарил дээр очдог юм байна. Энэ үйл явцыг онлайнаар хийж орон нутагт байгаа иргэдэд (шарил цэвэрлэгч) мөнгийг нь өгөөд очихгүй байхыг сануулсан. Гэвч энэ үеэр иргэд мөн бие биетэйгээ уулзаж хоолонд орохоос эхлээд, олон хүн цугларсан газраар явсан учраас халдвар дахиад тархсан. Хаана тархалт бага байна вэ гэхээр хөдөө тосгонд л байна.  Ер нь хүн их газар халдварын тархалт өндөр байна. Солонгосын төр засгаас цар тахлын хоёр дахь давалгаа болно, тэр нь өвөл байна гэж сануулж байсан учир бид гэр бүлээрээ шууд хөдөө ирсэн.  Сөүлд бол хүмүүстэй уулзах, зөрж өнгөрөх гээд аюултай нөхцөл их байсан. Тийм болохоор хөдөө ирсэн. Манай тосгонд  10 мянган иргэн амьдардаг ч одоогоор 6 тохиолдолтой. Энэ 6 нь дотроосоо биш гаднаас ирсэн иргэд байна. Ийм халдвар багатай тосгон олон. Энд хүн цөөн ч гэлээ гадуур гарахдаа масктай. Ер нь агаар сайн хөдөө газар л тархалт бага байна. Манай зэргэлдээх аймагт (бараг 30 мянгаас дээш хүн амьдардаг байх ) 200 тохиолдолтой. Бидний утсанд тухайн хотын захиргаанаас мессеж ирдэг. Тэгэхээр орон нутгийн засаг захиргаа их сайн ажиллаж байх шиг. Тосгон гэж нэрлэдэгч манай аймгаас өндөр хөгжилтэй. Ийм тосгонууд шөнийн клуб зэрэг олноор цуглах газар ховор. Тиймээс иргэд үнэхээр гам барьж эндээ амьдраад байгаа бололтой. Ёстой хүмүүсийн тэвчээрийг л шалгаж байна, covid-19. Сөүл болон Гёнги муж хамгийн өндөр бөгөөд манайхаар Улаанбаатар-Эрдэнэт юмуу даа. Ёстой хүн багатай газар л халдварын тохиолдол бага хэвээр. Авч байгаа арга хэмжээ нь ердөө маскаа зүүх. Гадуур гарвал маск. Энд хүн бага ч юмуу гадуур гарах нь бага. Цэцэрлэг сургууль бүгд масктай. Манай хүү ангидаа /цэцэрлэгт явдаг/ тавуулаа, нэг багштай. Бүгд байнга маскаа зүүнэ. Сүүлийн үед нэмэгдэж байгаа тохиолдлуудыг харахад эцэг, эх нь буюу томчууд олон хүнтэй газраар зорчсон, хоолонд орсноос болж хүүхдүүддээ халдаах тохиолдол нэмэгдэж байна. Хүүхэд нь сургуульдаа ирээд дахин хүүхдэд халдаагаад өнөөдөр гэхэд хоёр тосгоны дунд сургуульд гарсан учир тосгон руу орох замыг хаасан байсан. Солонгост аргагүй хүн ам ихтэй учир барьж дийлэхгүй байх шиг. Бид гэр бүлээрээ Сөүлдээ байсан бол бөөн айдас дунд байх байсан байх. Энд хөдөө болохоор  тайван ажлаа хийгээд, хүүгээ цэцэрлэгт нь өгөөд дажгүй байгаа. Гадуур бараг гарахгүй, гарсан ч маскаа зүү гэж анхааруулна. Зэргэлдээх тосгонд ийм байна гэж мэссэж өдөр бүр явуулна. Арваннэгдүгээр сард бүх нийтээр маск зүүхийг сануулсан. Одоо манай тосгонд маск заавал зүүсэн байхыг сануулсан мэсссэж утсанд ирдэг. Хөдөө гээд ганц нэг хүмүүс маск зүүхгүй байх шиг, гэхдээ бүх газар камертай учир хянаж байх шиг. Ер нь бол олон хүнтэй уулзахгүй энэ өвөлдөө гэртээ өвөлжих шинжтэй. Манай энд цөөн буюу 10 монгол байна. Бараг бие биетэйгээ уулзахгүй хол байдаг.

Ц.БОЛОРЧУЛУУН БНСУ, КАНВАНДУ ХОТ.


"ИРГЭДИЙНХЭЭ ЭРСДЭЛИЙГ ТООЦОЖ, АЛХАМ ТУТАМ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭГЧ БАЙРШУУЛСАН"

-Яг өнөөдрийн байдлаар Германд 14061+254, Мюнхен мужид арваннэгдүгээр сарын 20-ний өдрийн байдлаар 185 мянган хүн халдвар авснаас 3450 нас барсан, 24 мянган хүн эдгэсэн гэсэн мэдээлэл байна.  /Герман улсын хувьд халдварын тоогоо 7 хоногоор гаргадаг учраас арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн тоо баримтыг дурдав/. Өнгөрсөн хавар Герман улсад халдварын тоо огцом нэмэгдэж, бүх нийтийн хөл хорио тогтоосон.  Энэ үеэр бүх нийтийн хөл хорио тогтоож, хүмүүс ажилдаа явахгүй, онлайнаар ажилласан. Мөн хүнс, аптек хоёроос бусад бүх үйлчилгээг зогсоосон.

Улаан өндөгний баяраар баярлаж чадаагүй, хатуу карантинтай байсан учраас одоо хатуу хөл хориог тогтоож байна. Зөвхөн хоол, хүнс авахаар бол гадагшаа амны хаалттай гарч байсан. Тухайн үед бүх бизнесийн байгууллага хаалгаа барьсан учраас улсаас  тусламжийн мөнгө гэж иргэддээ өгсөн. Мөн энэ үеэр Герман улсад амьдарч байгаа хүн бүр нэг удаа үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломж олгосон.  Хатуу хөл хорио тогтоосон учраас германчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг Улаан өндөгний баярыг тэмдэглэхийг хориглосон. Ингээд түр хугацаанд хорио цээрийг сулласан ч халдвар дахин өссөн учраас арваннэгдүгээр сараас эхлэн дахин хөл хориог чангатгаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд карантилахад аж ахуй нэгжүүд эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалд орсон учраас энэ удаад  эдийн засгийн чадамж,  аж ахуй нэгжүүдийн орлогыг тооцож олон хүн цугладаг кино театр, музей, рестораныг хаагаад байгаа. Гэхдээ ресторанууд хоолоо зөвхөн захиалгаар хүргэж байгаа. Нөгөө талдаа эдийн засагт том эргэлт болдог  улаан өндөгний баяр, зул сарын  баярын зах, шар айрагны баяр зэрэг арга хэмжээг бүгдийг цуцалсан нь том цохилт болсон.

Германчуудын хувьд улаан өндөгний баяраараа гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, аав ээж дээрээ очдог ч өнгөрсөн удаад энэ баяраа тэмдэглэж чадаагүй учраас одоо хөл хорионы дэглэмийг маш сайн сахиж байна. Учир нь арванхоёрдугаар сарын зул сарын баяраараа гэр бүлийнхэнтэйгээ уулзахын тулд хөл хориог сайн сахиж байгаа. Хэдийгээр одоо хөл хориотой байгаа  ч байгууллагууд онлайнаар ажиллах, гурван ширээтэй оффисд зөвхөн нэг хүн ажиллах гэх мэтээр зохицуулалтууд хийж байна.  Мөн эмнэлгийн ачаалал, орны тоог тооцоолж, халдвар авсан ч хөнгөн байгаа бол гэртээ 14 хоног тусгаарлах зөвлөмж өгч байгаа. Яг одоо Германд хүйтний улирал эхэлж байгаа учраас ханиад томуу нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс эмнэлгийн ачаалал нэмэгддэг учраас халдвар авсан ч хөнгөн бол гэртээ тусгаарлаж, өөрийгөө хамгаалахаас өөр зөвлөмж өгөхгүй байгаа. Мөн хүнс, худалдаа, барааны дэлгүүрүүд нээлттэй ажиллаж байгаагаас гадна үсчингүүд хэвийн ажиллаж байна. Мэдээж ажиллаж байгаа байгууллагуудыг нэг бүрчлэн халдвар хамгааллын дэглэм сахих, иргэд нь ч үйлчлүүлэхдээ маскаа зүүж, гараа ариутгаж үйлчлүүлж байгаа. Манай мужийн хувьд нийтийн тээвэр хэвийн горимд ажиллаж байгаа бөгөөд үйлчлүүлэгчид заавал маск зүүх шаардлагатайг анхааруулж буй. Хүн ихтэй газруудаар маск зүүх, маск зүүгээгүй бол сануулах эргүүлүүд гарч эхэлсэн. Одоогоор уулзах хүмүүсийн тоог заасан байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр айл уулзаж болно, уулзах хүмүүсийн тоо 10 байна гэж журамлаж өгсөн. Иргэдийнх нь хувьд маш сайн маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол ариутгаж байгаа. Нэг давуу тал нь Германд гудамж талбай, үйлчилгээний газрууд гээд ер нь алхам тутамд гар ариутгагчийг байрлуулж өгсөн. Энэ нь иргэд хаана ч явсан гараа ариутгаад, маскаа зүүгээд явах боломжийг бүрдүүлж өгсөн нь сайн тал гэж харж байна.  Өнгөрсөн хавраас хойш халдвар тархсан учраас одоо харьцангуй коронатай “хамт амьдарч” сурч байна.  Хэдийгээр хорио тогтоосон ч Германд хичээлийн шинэ жил эхлээд хоёр сар болж байгаа, сургууль дээр бүх хүүхдүүд масктай, ойр ойрхон агааржуулалт хийж байгаа бол бүх оюутнууд нь онлайнаар хичээлээ хийж байна. Одоо германчуудын хамгийн их хүсч байгаа зүйл нь хөл хориогоо сайн сахиж, зул сарын баяраараа гэр бүл, аав ээж, ах дүү нартайгаа уулзахыг л  их чухалчилж байх шиг байна.

Б.ЦЭЦЭГТУЯА  ГЕРМАН УЛС, МЮНХЕН ХОТ.


Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж