Мөнгөгүй эрүүл байх, эсвэл мөнгөтэй өвчтэй байх сонголтыг тулгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС - COVID-19

Мөнгөгүй эрүүл байх, эсвэл мөнгөтэй өвчтэй байх сонголтыг тулгаж байна

Мөнгөгүй эрүүл байх, эсвэл мөнгөтэй өвчтэй байх сонголтыг тулгаж байна

Арван сар тэссэний эцэст Монгол улс дотооддоо COVID-19-ийн халдварыг алдаж, улсаараа хөл хорионд ороод хоёр долоо хонох гэж байна. Анх таван өдрөөр хөл хорьсон шийдвэр арванхоёрдугаар сарын 1 хүртэл сунгагдаад байгаа бөгөөд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цааш сунгах эсэхийг шийднэ гэдгээ Улсын Онцгой комисс өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Улсын Онцгой комиссын шийдвэрээр улс орон даяар хэрэгжүүлж байгаа бүх нийтийн бэлэн байдлын хязгаарлалт нь эдийн засагт сөрөг нөлөөтэй байж, иргэдийн орлого буурах нөхцөл болж байна. Энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн явагдаж байгаа хэмээн Засгийн газар мэдэгдсэн.

Гэвч COVID-19-ийн халдварын тархалт нь төмөр зам дагасан маршрут байгаа нь санаа зовоож байна. Өчигдрийн /2020.11.21/ байдлаар таван аймагт халдварын батлагдсан тохиолдол илрээд байгаагийн нэг нь төмөр замын шугамын өмнөд төгсгөл болох Дорноговь аймаг юм. Монголын экспортын гол орлогын нэг болсон нүүрсний экспорт Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон Шивээхүрэн хилийн боомтоор хийгдэж байгаа. Тиймээс Өмнөговь аймагт халдвар тархахгүй байх нь Монголын хувьд амин чухал болоод байна.

Монгол улсад тогтоосон бүх нийтийн хөл хорио хэр удаан үргэлжлэх, халдварын нөхцөл даамжрах эсэхийг Хятад улс анхааралтай ажиглаж байна. South China Morning Post-д Монголд тогтоосон коронавирусийн хөл хорио нь тус улсын коксжих нүүрсний импортод нөлөөлж магадгүй ч Хятад улс дотоодын нөөц боломжоороо эрэлтээ хангах чадавхитай хэмээн бичжээ.

Хятад улсын коксжих нүүрсний гол импортлогч Австрали улсаас нүүрс авахаа зогсоохоор шийдсэн нь Монголын нүүрсэнд сайхан боломж олгосон гэж шинжээчид хэлж байгаа статистик тоо баримтыг харахад хүлээлтэд хүрээгүй байна. 2020 оны аравдугаар сарын дүнгээр дөрвөн сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх есдүгээр сарын дүнгээс 600 мянган тонноор буурсан дүн ажээ. 2020 оны эхний арван сарын байдлаар нийт 23.9 сая тонн нүүрс экспортолсон нь мөнгөн дүнгээр 1.8 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет жингээр 26%, орлогын дүнгээр 35.5%-иар тус тус буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Хятад улсад оны эхнээс нүүрлэсэн COVID-19-ийн халдвартай холбоотой. Халдварт өвчний тархалтын улмаас өнгөрсөн хаврын саруудад Хятад нүүрсний татан авалтаа эрс бууруулсан билээ. Харин оны сүүлийн хагаст нүүрсний экспорт эргэн сэргэсэн. Монгол, Хятад хоёр орон хилийн “Ногоон гарц” журмыг хэрэгжүүлж, хялбарчилсан байдлаар нүүрсний татан авалтыг хийсэн нь экспорт нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн. Энэ 2020 оны төсөвт нүүрсний экспортын хэмжээг 42 сая тонн, орлогыг 1.4 их наяд гэж тооцсон боловч аравдугаар сарын байдлаар 23.9 сая тонн байжээ. Салбарын сайд нь энэ жилийн нүүрсний экспортын хэмжээг 30 саяар төсөөлж байгаагаа өмнө мэдэгдэж байсан. Он дуустал үлдсэн хоёр сард нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэх эсэх нь эргэлзээтэй.

Ер нь жил жилийн төсөвт нүүрсний экспортыг ихэд өөдрөгөөр төсөөлөн тавьж, орлого талыг дөвийлгөдөг жишиг эрх баригчдад тогтсон. Ирэх 2021 оны төсөвт ч гэсэн нүүрсний экспортын хэмжээг 42 сая тонноор баталлаа. Гүйцэтгэлийн эцсийн дүн гарахад төсөвт баталсан хэмжээндээ нүүрсний экспорт хэзээ ч хүрч байгаагүй нь үнэн билээ.

42 сая тонн нүүрс экспортлохын тулд жилийн 365 тоногт тасралтгүй, ямар нэг саадгүйгээр нүүрс гаргаж байж хүрэх тоо юм. Одоо экспорт хийгдэж байгаа Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хүчин чадлаа бодсон ч 42 сая тонн бол хүчин чадлаас давсан тоо. Харин төмөр замаар тээвэрлэсэн нөхцөлд байдал эсрэгээрээ байх боломжтойг олон жил хангалттай ярьсаар ирсэн.

Коронавирусийн нөхцөл байдал Монголд ч , Хятадад ч ямар байхаас нүүрсний экспорт нэмэгдэх, эсвэл буурах нь шалтгаална. Мөн Хятад улс Австралийн нүүрсэд тавьсан хориг ирэх онд хэвээр үргэлжлэхээс бас хамаарах болжээ. БНХАУ-ын Хөгжил, шинэтгэл хороо өнгөрсөн Мягмар /2020.11.17/гаригт энэ өвлийн цагт эрэлт нь эрс нэмэгддэг байгалийн хий болоод нүүрсний хэрэглээгээ хангах хангалттай дотоодын нөөц бий хэмээн мэдэгдсэн. Монголын дотоод дахь халдварт өвчний тархалт уул уурхайн бүтээгдэхүүний экспортод нь нөлөөлөх эсэхийг хэлэхэд эрт байна хэмээн South China Morning Post дүгнэжээ. Хятадын жилийн нүүрсний хэрэгцээний багахан буюу 10 орчим хувийг импортын эрчим хүчний нүүрс эзэлж байгаагийн нэг нь Монголын коксжих нүүрс юм.

Халдварт өвчний дэгдэлтийн онцгой энэ үед төсвийн зарлага, тэр дундаа хөл хорионы хязгаарлалтаас үүдэлтэй халамжийн зориулалтын зардал эрс нэмэгдэхийн хэрээр, орлого хумигдах нь ойлгомжтой энэ үед экспортын орлогыг хамгаалж үлдэх нь амин чухал асуудлын нэг болж байна.

Халдварыг тархаахгүй байх, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах нь эн тэргүүний зорилт мөн боловч эдийн засгийн амин үзүүлэлтүүдийг авч үлдэх, бизнес явуулах зохистой орчныг бүрдүүлэхэд дэлхийн бүх улс орон толгойгоо гашилгаж байна. Эрүүл байх, мөнгөтэй байх хоёрыг хослуулж чадсан нь амьд үлдэх ганц сонголтын өмнө иржээ. Хөл хориог шинжлэх ухаанчаар, бизнесийн орчин нөхцөлөө харгалзан хийх хүнд даалгаврыг тулгаж байна. Харамсалтай нь хөл хорионы өнгөрсөн 10 хоногийн хугацаанд төр засгийн эргэж буцсан шийдвэрүүд эрх баригчид даалгавраа хийж чадах эсэхэд эргэлзэхэд хүргэж байгааг хүмүүс хангалттай шүүмжилж байна. Арван сар бэлдэж, хууль хүртэл гаргаж, төлөвлөгөө боловсруулсан гэж мэдэгдсэн байгаа ч тэр төлөвлөгөө нь муу, дутуу байсныг харууллаа. Гудамжинд гулууз зарсан кэйсийг л харахад ийм төлөвлөгөө байсан эсэхэд эргэлзээ төрж байгаа юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан ч энэ хууль нь зургадугаар сарын парламентын, аравдугаар сарын орон нутгийн сонгуулийг зохион явуулахад зориулагдсан болохоос цар тахал нүүрлэсэн үед нийгмийг зохион байгуулалтад оруулах, эдийн засгийг сөрөг нөлөө багатайгаар удирдах чиглэлд огт нэмэр болоогүйг сая харлаа. Арван сар бэлдсэн эрх баригчдын одоо баримталж байгаа байр суурь нь мөнгөгүй эрүүл байх, эсвэл мөнгөтэй өвчтэй байх сонголтыг тулгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж