ЭМЯ: Сэлэнгэ аймагт халдварын 21 шинэ тохиолдол илэрлээ | News.MN

ЭМЯ: Сэлэнгэ аймагт халдварын 21 шинэ тохиолдол илэрлээ

COVID-19

ЭМЯ: Сэлэнгэ аймагт халдварын 21 шинэ тохиолдол илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын  талаарх цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.


Өнөө өглөө 11:00 цагаас хойш  Дорноговь, Улаанбаатар, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт covid-19 илрээгүй.  Харин Сэлэнгэ аймагт өнөөдөр 11:00 цагийн мэдээллээс хойш шинээр covid-19 халдварын 21 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөл 96 болжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хот, Сүхбаатар суманд халдварын голомт үүссэн байна. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 17:00 цагийн байдлаар 629 болж, 340 хүн эдгэрчээ.

-ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА

-Сэлэнгэ аймагт шинээр covid-19 халдварын 21 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөл 96 боллоо. Тус аймагт хавьтал илрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хавьтлаас батлагдсан тохиолдлууд илэрч байна.

АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

-ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдсэн үед ахмадууд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Эмчтэйгээ холбоотой байх шаардлагатай. Давс, сахар, чихэр багатай хоол идэж, стрессгүй, эрт унтаж амрах, өөрийн биеийн онцлогт тохирсон хөдөлгөөн хийх хэрэгтэй.

АМЬСГАЛЫН АППАРАТАД ОРСОН ӨВЧТӨН БАЙХГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Сэлэнгэ аймагт нөхцөл байдал хүндэрлээ. Тус аймагт хөл хорио тогтоохгүй байна гэх мэдээлэл байна. Уг гомдол мэдээлэл иргэдээс шүүмжлэл дагуулж байна?

-Ойрын хавьтлуудаас шинжилгээ авах ажил маш сайн байгаа. Халдварын нууц үеийн хугацаанд хавьтлыг илрүүлж байна. Батлагдсан тохиолдлуудын 70 хувь нь шинж тэмдэггүй байгаа тул эрт илрүүлгийг үр дүнтэй зохион байгуулж байгаагийн нэг хэлбэр.

– Амьсгалын аппарат хэр хүрэлцээтэй байна вэ. Одоогоор хүндэвтэр болон хүнд өвчтэй эмчлүүлэгчид амьсгалын аппарат ашиглаж байна уу?

-Бидэнд хангалттай байна. Дэлхийн банкны шугамаар 50 гаруй аппарат авч нөөцөлсөн. Одоогоор амьсгалын аппаратанд орсон өвчтөн байхгүй.

-Алтанбулаг боомтод буй жолооч нараас шинжилгээ авч байна уу?

– ОХУ-ын талаас ирж буй тээврийн жолооч нар үзлэг шинжилгээнд хамрагдсан байдаг. Тус боомтод хөл хорио үргэлжилж байна. Үүнтэй холбоотой асуудлаар маргааш УОК-ын шуурхай штабаас мэдээлнэ.

-Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал болох хэчнээн хүнийг илрүүлээд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар энэ сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 801 ойрын хавьтал илрүүлсэн. Шинжилгээнд хамруулах ажил 40 хувьтай байна. Улаанбаатар хотод тандалтын зорилгоор, иргэдийн хүсэлтээр 19,400 гаруй  хүн хамрагджээ. Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр ойрын хавьтал нэмэгддэг.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдтэй хэчнээн эмч ажиллаж байна. Эмч нар хэчнээн хоног ажиллаж амрах вэ. Эмч нарын нөөц хэр байна?

-ХӨСҮТ-д өвчтөнтэй ажиллах 14 баг байдаг. Нэг эмчид 10-14 өвчин оногдно. Одоогоор шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж байна. Манай төв 400 ор дэлгэх боломжтой нөхцлийг хангасан. Эмч мэргэжилтнүүдээ бэлдсэн. Эмч ажилтны нөөц байгаа. Эмч нар 14 хоног ажилласны дараа 14 хоног ажиглалт тандалтад байдаг. Ерөнхийдөө 28 хоногийн дараа гэртээ харьж байна. Өнөөдрийн байдлаар ажиллах хүчний нөөц хангалттай байна. Мөн тандалтын хэсэгт  16 баг ажиллаж  хавьтлуудыг олж, шинжилгээ авах байдлаар ажиллаж байна. Нийт 200 гаруй хүн тандалт судалгаанд ажиллаж байна.

-Хүйтний эрч чангарч байна. Covid-19 халдвар гадаргуу дээр хэчнээн тэсвэрлэх хугацаатай вэ?

-Бохирдсон орчинд 3-72 цаг амьдарна. Манай улсад хүйтний эрч чангарч байгаа тул covid-19 гадаад орчинд амьдрах боломжгүй. Харин  бохирдсон орчинд 72 цаг хүртэл амьдрах чадвартай.  Иймд, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийхийг зөвлөж байгаа юм. Өглөөний мэдээлэлтэй холбоотойгоор тодруулж хэлэхэд нийслэлд мэргэжлийн хяналтын ажилтнууд халдвар аваагүй, Алтанбулаг боомтод мэргэжлийн хяналтын ажилтан халдвар авсан.

Б.ЦЭЦЭГ

ЭМЯ 17.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, November 22, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж