Хөл хориотой холбоотой зарим шийдвэр олон удаа өөрчлөгдөв

Хуучирсан мэдээ: 2020.11.22-нд нийтлэгдсэн

Хөл хориотой холбоотой зарим шийдвэр олон удаа өөрчлөгдөв

Хөл хориотой холбоотой зарим шийдвэр олон удаа өөрчлөгдөв

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна


ТАВАН АЙМАГТ COVID-19 ХАЛДВАР ТАРХАВ

Монгол Улсад өчигдрийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 578 боллоо. Нийслэл болон таван аймагт өвчлөл багц хэлбэрээр голомтлон тархаж байна.

Нийт батлагдсан 578 тохиолдлоос эдгэрсэн нь 58 хувь буюу 337 хүн байна. ХӨСҮТ-ийн клиникт халдвар авсан 234 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 42, хөнгөн 190 хүн эмчлүүлж байна. Бид голомтод арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн тохиолдлууд сургуулийн сурагч, оюутнууд байсан. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй бол тархалт нэмэгдэх эрсдэлтэй байсан. Одоогийн байдлаар эрсдлийг 60-70 хувь буурууллаа. Дархан-Уул аймагт арваннэгдүгээр сарын 17-нд анх Covid-19 халдвар илэрсэн ба нийтдээ 16 тохиолдол бүртгэгдсэн юм. Харин аймгийн хэмжээнд өнгөрсөн тав хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоон тэг зогсолт хийж, хавьтагч болон эрсдэлтэй иргэдийг шуурхай илрүүлэн шинжилгээ авснаар халдварын тархалтыг сааруулж чаджээ. Одоогоор голомтын тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Тус аймагт өнөөдрийн байдлаар халдвар тархах эрсдлийг бууруулж байгаа гэж үзэж байна.

Дотоодод бүртгэгдсэн Covid-19-ийн халдвар 142 хүрсэн байна.

  • Улаанбаатар хот-38
  • Сэлэнгэ аймаг-58
  • Дорноговь аймаг-12
  • Орхон аймаг- 16
  • Дархан-Уул аймаг- 16
  • Говьсүмбэр аймагт- 1 тохиолдол тус бүр бүртгэгджээ.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ МАРГААН, ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАВ

Монгол Улсын Засгийн газраас Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрийг үндэслэн, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгасан. Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл  хорио тогтоох  шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон  автомашины хөдөлгөөнийг хязгаарласан. Зөвхөн нэр бүхий 13 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт  ажиллагсдад дээрх хязгааралт хамаарахгүй. Гэхдээ албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зөвхөн тусгай зөвшөөрөлтэй автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцох нь маргаан, шүүмжлэл дагуулснаар хэдхэн хоногийн дараа уг шийдвэрээ цуцалсан юм. Учир нь автозамын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг авахын тулд иргэд тодорхойлсон цэгүүдэд бөөгнөрөл үүсгэж, халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлсэн төдийгүй, олон цагаар оочерлон зогсох шаардлагатай болсон нь хүмүүсийн бухимдлыг төрүүлжээ.


ЗАРИМ ТАТВАР, ЗЭЭЛИЙГ ИРЭХ ДОЛДУГААР САРЫН 1 ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАСАН

Монгол Улсын Засгийн газрын арваннэгдүгээр сарын 18-ний хуралдаанаар айл, өрх, аж ахуйн нэгжийн орлого, ажлын байрыг хамгаалах, эдийн засагт дэмжлэх үзүүлэх чиглэлээр  нийт 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Засгийн газрын шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн танилцуулж, шийдвэртэй холбогдуулан сайд нарын хамт сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Засгийн газраас гаргасан 23 арга хэмжээнээс дурдвал, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуй нэгж, байгууллагыг татвараас чөлөөлж, зохих шийдвэр гаргахыг даалгасан. Дээрх хугацаанд  хугацаанд Албан татвар төлөгчийн хуулийн дагуу тайлангаа гаргасан төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүй бол торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина. Мөн хугацаанд импортоор орж ирэх хүнсний будаа, ургамлын тос, өвс, малын тэжээл, хүнсний буудайн үрийг импортын бараа болон гааль, НӨАТ-ын татвараас, дотооддоо боловсруулсан өвс, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна. Ипотекийн зээлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлд үндэслэн хойшлуулна. Зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалт хийнэ. 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүй төлбөрийн чадварт нийцүүлэн хугацааг сунгана гэх мэт шийдвэрүүдийг  хэрэгжүүлэх юм.


НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРИЙГ ДАХИН ӨӨРЧЛӨВ

Монгол Улсын Засгийн газраас Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрийг үндэслэн, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгаснаар хатуу хөл хорио тогтоож, нийтийн тээврийн үйлчилгээг өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-22:00 хугацаанд л зорчуулах шийдвэр гаргасан. Улмаар өнгөрсөн Мягмар гаригт нийтийн тээврийн цагийн хуваарьд дахин өөрчлөлт оруулж, өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагийн хооронд зорчих болгож богиносгосон. Харин Улсын онцгой комиссын шуурхай штаб өчигдөр хуралдаж, гурван асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргахдаа гурав дахь удаагаа нийтийн тээврийн цагийн хуваарийг өөрчилжээ.  Тухайлбал, Улсын онцгой комиссоос 13 салбарыг хатуу хөл хорионы хугацаанд ажиллахаар болж, шийдвэрлэсэн. Тэгвэл дээрх  салбарынхан мөн эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болж шийдвэрлэжээ. Тиймээс автобус 07.00 цагаас 22.00 цаг хүртэл тасралтгүй үйлчлэх юм байна. Мөн дээрх нэр бүхий салбарынхан, эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай иргэд хувийн автомашинаараа зорчих боломжтой боллоо. Энэ шийдвэр өнөөдөр өглөөнөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж