Үнэ хөөрөгдөгчид торгуулиас бултах боломжгүй болно

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

Үнэ хөөрөгдөгчид торгуулиас бултах боломжгүй болно

Үнэ хөөрөгдөгчид торгуулиас бултах боломжгүй болно

Анхааруулсаар атал Covid-19 цар тахал дотоодод алдагдсаныг далимдуулан, хүнсний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх үзэгдэл зогсохгүй үргэлжилж байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар "Ebarimt апп" ашиглан газар дээрээс нь үнийн баримтыг хүлээн авах системийг боловсруулан, ашиглалтад оруулахад бэлэн болжээ.

Өнөөдөртөө багтаан "Ebarimt апп" системийг ажиллагаанд оруулах аж.

Дээрх систем ашиглалтад орсноор:

  1. Хуурамч дуудлага, худал мэдээллийг хаах боломж бүрдэнэ.
  2. Хөл хорионы цаг хугацаанд албан хаагчид заавал газар дээр нь хяналт шалгалт хийж тогтоохгүйгээр ажиллах боломж бүрдэнэ.
  3. Иргэн бүр үнийн хяналт тавих боломж бүрдэнэ.
  4. Хяналт тавьж чадахгүй байгаа жижиг дэлгүүр, эмийн санг шууд хяналтанд байлгах боломж бүрдэнэ.
  5. Үнийн хэлбэлзэл болон зохицуулалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээрээс шууд хийх боломж бүрдэх юм байна.

Covid-19 цар тахал арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод алдагдсан нь батлагдаж, Засгийн газраас хатуу хөл хорионы дэглэм тогтоож буйгаа зарласан.

Дээрх мэдээллийн дараа иргэд хүнсний зах, дэлгүүрүүдэд олноороо дугаарлаж, мах, гурилыг бөөндөн их хэмжээгээр авч, зохиомол хомсдол бий болгож болзошгүй нөхцөл үүсгэсний зэрэгцээ зарим худалдаачид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн юм.

Тэр дундаа махны үнэ нэмэгдсэн талаарх гомдол энэ өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хамгийн их ирсэн байдаг. Тодруулбал, иргэдээс 600 гаруй гомдол санал ирснээс 40 хувь нь махны үнийн өсөлттэй холбоотой болсон юм. Гэхдээ газар дээр нь очиж шалгалт хийхэд зарим  гомдол нь ташаа, батлагдаагүй тохиолдол ч бий.

Шалгалтаар “Хүчит шонхор” захад 1 кг нь 6500 төгрөгөөр борлуулагдаж байсан мах 8500 төгрөг болгон нэмсэн зөрчлийг илрүүлж, арилгуулсан байдаг. Мөн “Таван эрдэнэ” захад махны үнийг зохиомлоор нэмсэн зөрчил илэрсэн. Иймд зөрчил гаргасан хоёр аж ахуйн нэгжид тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ.

Хамгийн сүүлд буюу өчигдөр (2020.11.19) Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь зургаан дүүргийн нутагт байрлах 56 зах, худалдааны төв, жижиг дэлгүүр, 24 жижиг эмийн санд шалгалт хийсэн юм.

Шалгалтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Эфес” супермаркетад лангуу түрээслэн ажиллуулдаг иргэн Т нь махны үнээ зохиомлоор нэмж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн зөрчил гаргасан нь батлагдсан аж. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу түүнд хоёр сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан юм.

Зөрчлийн тухай хуульд зохиомлоор үнэ хөөрөгдсөн нь батлагдвал аж ахуй нэгжийг 20 сая, иргэнийг хоёр сая төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь 40 гаруй ажилтантай бөгөөд өнгөрсөн өдрүүдэд иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг даган ажлын ачаалал эрс өсч, зарим газар хүрч ажиллах боломжгүй тохиолдол ч гарч буй аж. Тэр дундаа орон нутагт хүрч ажиллахад амаргүй байгаа.

Тэгвэл дээрх "Ebarimt апп" ашиглалтад орсноор иргэд хаана байгаагаас үл хамааран, үнийн дүнг зурагтай нь тус газарт илгээснээр зохиомлоор бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж буй газарт хяналт тавих бүрэн боломж бүрдэж буй юм.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж