Дотоодод covid-19-ийн халдвар илэрч Монгол Улс анх удаа хатуу хөл хорионд ороод байна. Халдварын тархалтыг барих, хумих зорилготой УОК-ийн зарим шийдвэр олон нийтийг хөл хорионоос илүү бухимдуулж, чирэгдүүлж буй нь худлаа биш.
Хэдийгээр иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь нэн тулгамдсан асуудал болж буй нь үнэн ч нөгөө талаараа эдийн засгаа амьд байлгах шаардлага ч гарч буй. Товчхондоо, УОК-оос гарч буй шийдвэр нь эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь харсан, уялдаа холбоотой, уян хатан байх учиртай. Эдийн засаг дампуурвал эрүүл мэндийн салбар нь ч дампуурна. Эдийн засаг нь өвдвөл, нийгэм өвчин тусна.
Монгол Улсын хэрэглээний бүтээгдэхүүний 80 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Мах, сүү, гурил, эсгий таавчигнаас бусдыг нь бид гаднаас худалдаж авдаг. Иймээс эксполрт, импортыг хэвийн үргэлжлүүлэх нь төрийн нэгдсэн бодлого байх ёстой юм. Импортын тээвэрлэлтэд асуудал үүсвэл хомсдол үүснэ, үнэ хөөрнө. Иймээс импортын тээвэрлэлтийг хэвийн үргэлжүүлэхгүй бол ШБӨХТГ шалгалт хийж торгууль тавиад асуудлыг шийдэхгүй гэсэн үг. Нийлүүлэлт багасвал эрэлт нэмэгддэг хомсдол үүсдэг, хомсдол үүсвэл үнэ өсдөг нь эдийн засгийн энгийн онол. Өөрөөр хэлбэл, бүс асуудлыг төр хүчээр шийдвэр эргээд айл өрх, иргэдийн нуруун дээр зовлонг нэмнэ гэсэн үг. Тээврийн зардлын өсөлт нь импортоор орж ирж буй өргөн хэрэглээний барааны үнийн тариф болон ханган нийлүүлэлт, дотоодын үндэсний үйлдвэрлэгч компаниудын түүхий эдийн ханган нийлүүлэлтэд шууд нөлөөлөх хүчин зүйл болдог.
Иймээс Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос Шадар сайдад хандан санал хүсэлт хүргүүлжээ. Учир нь, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс, Гаалийн ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн зөвхөн “Хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн тоног төхөөрөмжид” гаалийн бүрдүүлэлт хийгдэн олгож буй нь эргээд өрхийн амьдрал, эдийн засагт том дарамт болж болзошгүй байгаа юм. Улаанбаатар хотод нийтдээ 14 гаалийн хяналтын бүс байдаг. Тус холбооноос “Төмөр замаар ачаа бараа хэвийн тээвэрлэгдэж буй энэ цаг үед гаалийн хяналтын бүсүүдэд ачааны бөөгнөрөл үүсэн төмөр замаар ирсэн вагон болон чингэлгийг буулган байршуулах боломжгүй болох төлөвтэй байгаа”-г сануулж, төмөр замын тээврийн хөдөлгөөнд нөлөөлөхүйц эрсдэл үүсээд буйг анхааруулжээ. Хэрэвзээ төмөр замд түгжрэл үүсвэл энэхүү бөөгнөрөл нь ойрын хугацаанд орж ирэх стратегийн ач холбогдол бүхий импортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд сөргөөр нөлөөлөн эдийн засагт дарамт учруулах эрсдэлтэй юм. Өнөөдөр гэхэд Алтанбулаг боомтод Тир машины бөөгнөрөл үүсээд байгаа тухай мэдээлэл ч байна.
Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос доорх саналуудыг УОК-т хүргүүлжээ.
- Бүх төрлийн ачаа бараанд гаалийн бүрдүүлэлтийг хүлээн авагчийн шууд оролцоогүйгээр тээвэр зуучуудад ариуцуулан ариутгал, халдвар хамгаалалтын дэглэм доор хүлээн авагчийн агуулахад хүргэлт хийлгэх,
- Гаалийн хяналтын талбайд ачааны бөөгнөрөл үүсч байгаатай холбогдуулан импортоор ирсэн хуучин машинтай чингэлэгийг суллаж гаалийн бүрдүүлэлт хийн талбайд байрлуулах, боломжтой бусад ачааг агуулах руу шилжүүлэн ачих,
- Энэхүү тээвэр зуучуудын 1-2 ажилчдад хотын хөдөлгөөнд цагийн хязгаарлалтгүй саадгүй оролцох тусгай зөвшөөрөл олгох (бүрдүүлэлт, хүргэлт хийх зорилгоор),
- Далайн тээврийн чингэлэг Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш гадаад агентын заасан хугацаанд хоосон чингэлэгийг буцаах шаардлагатай байдаг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд чингэлэг түрээс өдрөөр алданги тооцогдон бодогддог,
- Ачааг гаалийн талбайд буусан огноогоор жагсаагаад дэс дарааллын дагуу үдээс өмнө үдээс хойш гэсэн хуваарь гарган бүрдүүлэлт, олголт хийлгэн хатуу хөл хориог цуцалсан цаг үед, гаалийн талбайд үүсэх хүний бөөгнөрлөөс урьдчилан сэргийлэх,
- Алтанбулагийн хилийг хааснаас хойш, шийдвэр гарахаас өмнө замдаа гарсан, хилийн цаана түгжигдчихээд байгаа 100 гаруй Тир автомашинтай ачаануудыг бүхэлд нь хэдэн удаагийн татан авалтаар, ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын чанд хяналтан доор Монгол Улсын хилээр нэвтрүүлж, авчрах,
- Тэр дунд олон Монгол жолооч нар хилийн цаана түгжигдчихсэн, маш хүнд байдалтай байгааг анхаарах хэрэгтэйг саналдаа тусгажээ.
Төр засгийн алдаатай шийдвэр эргээд эдийн засаг, иргэдэд дарамт учруулдаг. Тиймээс гадаад, дотоодын тээвэрлэлтийг жигд, хэвийн үргэлжүүлэхэд УОК анхаарах ёстой юм. Үгүй бол үнийн хөөрөгдөл үүсгэх вий!
Б.БАТ
Холбоотой мэдээ