Орхон аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2020.11.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус аймгийн Засаг дарга С.Батжаргал “2020 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай аймагт Covid-19-ийн халдвартай 16 тохиолдол бүртгэгдээд байна. Шинээр нэмж бүртгэгдсэн гурван тохиолдол бүгд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал учир тусгаарлагдсан байсан. Нийт батлагдсан бүх иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлсэн.
Бид нийт 4582 сорьцонд шинжилгээ хийсэн. Аймгийн хэмжээнд нийт зургаан ажиглан тусгаарлах байранд 142 хүнийг тусгаарласан. Тусгаарлалтын байранд нийт 34 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Мөн 248 хүүхэд гэрийн хяналтад байна” гэв.
Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн 901 ажилтанд шинжилгээ хийсэн бөгөөд бүгд сөрөг гарсан. Бүх ажилчдыг бүрэн шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Хэрвээ таны утас руу аймгийн Онцгой комиссоос утсаар мэдээлэл өгч шинжилгээнд хамрагдахыг хэлээгүй л бол та түр цэгт шинжилгээ өгөхөөр ирж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг албаныхан анхааруулъя.
Аймгийн нутаг дэвсгэр дэх хүнсний дэлгүүрүүд онлайн худалдан авалт хийдэг болно. Маргаашнаас бүх дэлгүүрүүдэд худалдан авалт хийгдэхгүй. Зөвхөн 57 аж ахуй нэгжээр дамжуулан цахим худалдан авалт хийнэ. Мөн хүнсний түгээлтэд 80 тээврийн хэрэгсэл ажиллана" гэлээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ