Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас өчигдөр /2020.11.20/ 22.30 цагт мэдээлэл хийлээ.
Тэг зогсолтыг аймгийн хэмжээнд цаг алдалгүй тогтоосноор Covid-19-ийн халдварын голомтыг хумьж чадсан тул гурав хоногийн хугацаанд зарлаад байсан дэглэмийг цуцалж буйгаа мэдэгдэв.
Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дархан-Уул аймагт Covid-19-ийн анхны халдвар илэрснээс хойш өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 16 байна. Үүний гурав нь анхны голомтын ойрын хавьтал бол үлдсэн 13 нь төмөр зам дагасан халдвар болох нь тогтоогдсон. Төмөр зам дагуу халдвар авсан иргэдийн сүүлийн гурван тохиолдол нэгдүгээр хавьтал бөгөөд нэг гэр бүлийнх, хоёр нь бага насны хүүхэд юм.
Өнгөрсөн хугацаанд батлагдсан 16 тохиолдлын ойрын хавьтал 230 хүнийг зургаан ажиглах байранд тусгаарлалаа. Хамгийн сүүлд Хонгор сумын гуравдугаар баг буюу Салхит өртөөн дээр хоёр иргэнээс халдвар илэрсэн. Энэхүү голомтын нэгдүгээр хавьтлуудыг гэрийн хорионд байлгаж байгаа. Мөн тус өртөө рүү орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан байгаа.
Мөн бид тус суманд ажиллаж, 500 өрхийн 1600 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Шинжилгээнд 85 хувь нь хамрагдаад байна. Эдгээрээс таван хүний шинжилгээний хариу эерэг гарч, хоёр хүнийх нь сөрөг гарч, үгүйсгэгдэж, гурван хүний PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Төмөр зам дагуух голомтыг тогтоох ажил үргэлжилж байна. Маргааш өглөө энэ шинжилгээний ажил бүрэн дуусна.
Дархан хотод 1088 төмөр замын ажилчид бий. Эдгээрийг бүрэн шинжилгээнд хамруулж, шинээр найман тохиолдол нэмж, бүртгэгдсэн. Мөн энэ 1088 ажилтантай холбоотой 3700 орчим ар гэрийнхэн байгаа. Өчигдрөөс эхлэн эдгээр иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна. Энэ ажлын үр дүнгээр эхний байдлаар шинээр гурван тохиолдол илрүүлсэн.
Шарын голд 49, Хонгорт 18, Орхонд 43 хэсэгт төмөр замын ажилчдаас шинжилгээ авч, бүгд сөрөг гарсан. Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдаас шинжилгээ авахад бас сөрөг гарсан. Дараагийн ээлжинд 1088 иргэдээс олноор оршин суудаг гурван хорооллоос түүвэрчилсэн шинжилгээг хийнэ.
Өнгөрсөн 96 цагийн хугацаанд Дархан-Уул аймгийн иргэд хатуу хөл хорионд байсан. Өнөөдөр бид аймгийн Онцгой комиссын хурлаараа хэлэлцэж, халдвар авсан 16 тохиолдол хамгийн багадаа 48 хүнд халдварласан байх магадлалтай гэдэг тооцоог гаргасан. Ингээд аймгийн хэмжээнд зарлаад байсан тэг зогсолтын 72 цагийн ажлын үр дүнд халдварын голомтыг хумьж чадлаа. Тиймээс арваннэгдүгээр сарын 21-ний өглөөний 06.00 цагаас эхлэн Улсын онцгой комиссоос тогтоосон арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэлх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Аймгийн хэмжээнд тэг зогсолтын үйл ажиллагааг бүрэн зогссоныг мэдэгдье” гэв.
Дархан-Уул аймгийн Онцгой комисс дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд,
- Тэг зогсолтыг өнөөдөр өглөөний 06.00 цагт цуцална. Гэсэн хэдий ч бүх нийтийн хөл хорио арванхоёрдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
- 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй.
- Үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж байгууллагууд ажилтнууддаа 100 хувь шинжилгээнд хамруулж, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ.
- Дотуур байранд байгаа оюутнууд арванхоёрдугаар сарын 1-н хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэнэ.
- Сум хооронд хөдөлгөөн хийхгүй. Сумд руу орох гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна.
- Дархан хотыг дөрвөн үндсэн блокт хувааж хязгаарлана. Бусад блок руу зорчих хөдөлгөөн хийхгүй. Зөвхөн өөрийн оршин сууж буй бүсдээ нийгмийн харилцаанд орно. Халдвар ахиад гарвал блок тус бүрээр тэг зогсолт хийнэ.
- Хүнсний дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд 11.00-18.00 цаг хүртэл ажиллана. Хүнсний дэлгүүрийн худалдагчид бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн өдөр бүр ариутгал хийж дэлгүүрт 2-3 хүн ажиллана. Нэг хүн нь гадна зогсч хүн хоорондын зайг 1.5 метр байлгана. Ингэж ажиллаж чадахгүй дэлгүүрийг ажиллуулахгүй.
- Зорилтот бүлэгт таван өдрийн хоол хүнс олгоно.
- Эмийн сангуудаас захиалгаар эм авна.
- Хүнсний үйлдвэрүүдийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдсаны дараа үйл ажиллагаа явуулна гэх зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Холбоотой мэдээ