Хөлбөмбөгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ОУ-ын симпозиум болно

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ОУ-ын симпозиум болно

Монгол улсад тэр дундаа сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн спортыг сонирхох, үүгээр хичээллэх хүсэл эрмэлзэлтэй хүүхэд багачуудын тоо эрс нэмэгдэж буй бөгөөд үүнээс үүдэн хөлбөмбөгийн спортыг олон нийтэд түгээх, цаашлаад мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогч, дасгалжуулагч, мэргэжилтэнүүдийг бэлтгэн, сонгон шалгаруулж Монгол улсын шигшээ багийг бүрдүүлж олон улсын тавцанд амжилт үзүүлэх тэргүүн зорилгыг Монголын Хөлбөмбөгийн Холбоо баримтлан ажиллаж байгаа билээ. МХБХ, БСШУЯамтай хамтран ирэх хичээлийн шинэ жилээс ЕБС-иудын хичээлийн хөтөлбөрт хөлбөмбөгийн хичээлийг албан ёсоор оруулахаар болоод байгаа. Тиймээс хүүхэд багачууд өсвөр наснаасаа эхлэн  дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хаан болсон спортоор мэргэших боломж нээгдэж байгаа юм. Үүний тулд бидэнд өөрийн гэсэн арга барил, хөлбөмбөгийн философи хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл Монгол хүний бие бялдар, оюун санаа, тэдгээрийн онцлогт тохирсон хамгийн ойр байх тийм арга барилыг бид эзэмших ёстой. 

2016 оны гуравдугаар сарын 12-ны бямба гарагт Монгол улсад зохиогдох олон улсын симпозиумын ач холбогдол нь өөрөө Монголын хөлбөмбөгийн ирээдүйд, хөгжлийн зөв замаа олоход түлхэц үзүүлэх юм. Энэхүү симпозиумд дэлхийд хөлбөмбөгийн чансаагаараа тэргүүлэгч улс орнуудын төлөөлөл, мэргэшсэн мэргэжилтэнүүд хүрэлцэн ирнэ.

Тухайлбал "ФИФА" буюу ОУХБХ-ны төлөөлөгч Томми Нилсон, "УЕФА" буюу ЕХБХ-ны төлөөлөгч ноён Стивен Льюис, Азийн Хөлбөмбөгийн Холбооны төлөөлөгч ноён Винсент Субраманьям болон ХБНГУ-ын Хөлбөмбөгийн Холбооны төлөөлөгч ноён Михайл Мюллер, мөн уг хуралд цор ганц эмэгтэй гишүүн оролцож байгаа нь Японы Хөлбөмбөгийн Холбооны төлөөлөл болох хатагтай Имай Жюнко зэрэг албаны хүмүүс МХБХ-ны гишүүн байгууллагууд, хөлбөмбөгийн хүрээлэлтэй уулзах юм. Энэхүү симпозиумын ач холбогдол маш өндөр, бидэнд санаа нэмсэн, туршлага болох олон зүйл энд яригдах болно.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж