Улаан бурхны халдвар дахин дэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Улаан бурхны халдвар дахин дэгдлээ

Улаан бурхан өвчлөл нэмэгджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгсдийн 70 хувь нь буюу 290 хүүхэд Улаан бурхан өвчнөөр оношлогдон  эмчлүүлж байна. Сэхээний эрчим эмчилгээний тасагт 19 хүүхэд Улаан бурхны оноштойгоор хэвтэж байгаа юм. Намжаад байсан Улаан бурхны дэгдэлт өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн дахин сэргэж, бага сартай буюу 0-8 сартай эсвэл 15-28 насны залуучууд энэ халдвараар өвдөх нь нэмэгджээ. Иймээс улаан бурхан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакциныг уг халдвараар өвчилсөн хүний дэргэд байсан буюу голомтод байгаа иргэд заавал хийлгэх шаардлагатайг Халдварт өвчлөл судлалын үндэсний төвөөс санууллаа. Улсын хэмжээнд 70 мянган дооз вакцин байна. Үүнээс 40 гаруй мянгыг нь орон нутагт буюу аймгуудад тараажээ. Халдварын голомт Улаанбаатар хотод хамгийн их. Мөн хүн ихээр зорчдог зам дагуух Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудад өвчлөл их гарч буйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Улаан бурхнаар өвдсөн хүний эргэн тойрны хүмүүст халдварын эсрэг вакцин хийж чадвал уг өвчлөлийн халдварыг устгах боломжтойг Ч.Уртнасан дарга тодотголоо. Иймээс өрх, багийн эмч нар өвчний голомтод буй иргэнийг олж яаралтай вакцин тарих. Эсвэл дэргэдэх хүн нь буюу цэцэрлэг, сургуулийн аль нэг анги, бүлгийн хүүхэд улаан бурхнаар өвдсөн бол тухайн сургууль, цэцэрлэгийн эмч нар өрх, сумын эмнэлэгтээ яаралтай хандаж урьдчилан сэргийлэх вакциныг бүх хүүхдүүддээ хийлгэх ёстой болжээ.

Хэсэг хугацаанд чимээгүй байсан улаан бурхны халдвар яагаад дахин дэгдэв гэдэгт эмч нар хүн амын дархлаа суларсантай холбоотой гэсэн хариултыг өгч байна. Нэг удаа халдварын эсрэг вакцин хийлгэсэн хүнд улаан бурхны өвчлөл хөнгөвтөр, хоёр удаа вакцин тариулсан иргэнд хөнгөн, огт хийлгэж байгаагүй хүмүүст хүнд тусаж байгаа юм. Иймээс дархлаа нь суларсан болон өмнө нь огт халдварын эсрэг вакцинд хамрагдаж байгаагүй иргэн бүр улаан бурхны эсрэг тариаг хийлгэх шаардлага тулгарчээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж