Бүхий бие тодорхой дундаж дулаантай байдаг билээ. Гэтэл сүүлийн үед тус тогтмол дулаан аажмаар багассаар байгаагийн учрыг эрдэмтэд нарийн тайлбарлаж чадахгүй байгаа аж.
Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд өнгөрсөн хоёр зууны турш хүний биеийн дундаж дулаан буурсаар байгааг олж тогтоожээ. Зарим нутагт хүний биеийн дундаж дулаан өмнөхөөсөө хагас хэмээр буурсан байна. Хагас хэм гэдэг тийм ч их биш санагдаж болох ч эрүүл болон эрүүл бус хүний биеийн дулаан ердөө ганцхан хэмийн ялгаагаар тодорхойлогддог гэдгийг санах хэрэгтэй. Гэвч ийнхүү хүний биеийн дундаж дулаан буурч байгаа шалтгааныг эрдэмтэд ойлгохгүй байгаа аж.
Тухайлбал, XIX зуунд Германы эрдэмтэн Карл Вундерлих эрүүл хүний биеийн дундаж дулаан цельсийн 37 хэм байдаг хэмээн тэмдэглэж байжээ. Түүнээс хойш нэлээд хэдэн жилийн дараа шинжлэх ухаан хүний биеийн дундаж дулааныг 36.8 хэм хэмээн албан ёсоор тогтоосон байдаг. Судалгаа, шинжилгээ улам хөгжиж, олон улсын хүмүүсийн онцлогийг харгалзан үзээд, уг тоо 36.5-37.8 хэмийн хооронд хэлбэлздэг гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байна.
Гэтэл одоо америк хүний биеийн дундаж дулаан 36.6 хэм, англи хүний биеийн дундаж дулаан эрүүл хэмээн үздэг доод хязгаараас даруй 0.2 хэмээр бага буюу 36.3 хэм болсныг эрдэмтэд тогтоожээ.
Энэ өөрчлөлт зарим алслагдсан нутгуудад бүр их байгаа аж. Жишээлбэл, Амазоны ширэнгэн ойн Цимане омгийнхны биеийн дундаж дулаан 20 жилийн дотор мэдэгдэхүйц буурсан байна.
Үүнтэй холбоотой хэд хэдэн таамаг урган гарч ирж байгаа аж. Жишээлбэл, зарим хүмүүс үүнийг хүн төрөлхтөний илүү цэвэр ус, вакцин зэргийн ачаар халдварт өвчнүүд цөөрч, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж байгаатай холбон тайлбарлажээ. Харин нөгөө хэсэг нь орчин үед хүн төрөлхтөн агаар шүүгч, сэнс, халаагч зэрэг технологи ашиглан, орчны агаарын хэмийг хүссэнээрээ удирддаг болсноос болж хүний бие өөрөө дулааныхаа хэмжээг тохируулах чадваргүй болсонтой холбон тайлбарлаж байгаа аж.
Гэтэл Цимане омгийн уугуулуудыг бодоод үзвэл дээрх хоёр таамгийн аль аль нь буруу болж таарна. Алслагдсан Амазоны ширэнгэн ойд агаар шүүгч, сэнс зэрэг төдийгүй барууны өндөр хөгжилтэй орнууд шиг эмнэлгийн үйлчилгээ ч үгүй юм. Гэвч хүмүүсийнх нь биеийн дундаж дулаан барууныхантай ижил байдлаар буурсан шүү дээ.
Судалгааны ахлагч Майкл Гурвений хэлснээр, энэ хачирхалтай үзэгдлийг тайлбарлах нарийн тайлбар одоохондоо байхгүй бөгөөд ийнхүү биеийн дундаж дулаан буурч буй нь эрүүл мэндэд ямар нэг нөлөөтэй эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ