БНХАУ-ын төрийн мэдээллийн "Глобал Таймс" агентлаг Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч байх сүүлийнхээ хэдэн долоо хоногийг ашиглан хамгийн сүүлийн "галзуурал"-даа бэлдэж байна хэмээн анхааруулжээ.
Харин Axios, Bloomberg тэргүүтэй олон улсын агентлагууд Трампыг Хонгконг, Шинжаан Уйгурын талаарх асуудал болон БНХАУ-ын хууль бус загасчлал, түрэмгийллийг зогсоох, Хятад дахь америк компаниудыг хамгаалахтай холбоотой шинэ хориг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна хэмээн мэдээлэв.
Мөн Хятадын эх сурвалжууд Трамп Жо Байденг Бээжинтэй холбоотой асуудлуудад хэт сул дорой хандана хэмээн болгоомжилж, түүнийг ерөнхийлөгч суухаас өмнө зорилгуудаа биелүүлэхээр хичээж байж магадгүй хэмээн бичжээ.
Тэр дундаа "Глобал Таймс" агентлаг Трампыг суудлаа орхихоос өмнө нэгдүгээр сард сүүлчийн удаа “сүрийг үзүүлэх” төлөвлөгөөтэй байгаа тул Бээжин болгоомжлох хэрэгтэй хэмээн сануулж байгаа юм.
Олон улсын бусад эх сурвалжуудад Трамп суудлаа орхихоос өмнө дараах алхамуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна хэмээн үзжээ. Үүнд:
- Хонгконгтой холбоотой асуудлаар Хятадын эрх баригч намын улам олон даргад хориг арга хэмжээ авах;
- Шинжаан Уйгур дахь үндэсний цөөнх исламын шашинтнуудтай холбоотой асуудлаар Хятадын эрх баригч намын дарга нарт хориг арга хэмжээ авах;
- Өөрийн эзэмшлийн бус далайд хууль бусаар загасчилж, эмзэг, нандин экосистемийг доголдуулж байгаатай хатуу тэмцэх;
- АНУ-ын технологийн компаниудыг Хятадын нөлөөнөөс хамгаалах зэрэг ажлууд багтаж байгаа аж.
“БНХАУ-ын төрийн бодлогод дорвитой нөлөөлж чадсан нь Трампын бүтээсэн “дипломат домог” мөн. Тиймдээ ч тэрбээр суудлаасаа буусны дараа энэ бүхэн нь сарниж алга болоосой гэж хүсэхгүй байгаа нь мэдээж” хэмээн "Глобал Таймс" бичжээ. Мөн цаашлаад хэрвээ Трамп 2024 онд дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл Байденыг Хятадын эсрэг маш сул дорой байсан хэмээн буруутгаж магадгүй юм хэмээсэн байна.
Түүнээс гадна “АНУ-ын шинэ засаглал ч гэсэн Трампын нөлөөлөл дунд үргэлжилнэ. Байден Хятадтай харилцах харилцаанд зарим нэг өөрчлөлт хийлээ ч Бүгд найрамдах намынхан түүнийг 2022 он болон 2024 оны сонгууль дээр хэт сул дорой байсан хэмээн хүчтэй шүүмжлэх болно” хэмээн бичжээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ