Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

БӨХ бол ТӨР биш!

БӨХ бол ТӨР биш!

“Энхсаран” сувилалд тусгаарлалтад байсан иргэн Д-ээс анх Сovid-19 илэрснээс хойш найм хоногийн хугацаанд халдварын тохиолдлууд хоногтоо л гуч, дөчөөрөө нэмэгдэж, Улаанбаатар төдийгүй улс даяараа хөл хорионд шилжсэн. Энэ үеийг хэрхэн давах эрсдэлийн стратеги байхгүй, улс, хотын Онцгой комиссынхон, сайд, дарга нар ажил хийсэндээ ялархсан, гомдсон, ядарсан хүмүүс болж хувирчээ. Уг нь “Хүчээ нэгтгээд хөгжинө” гэж амалсан нь аль намынхан билээ.

Ердөө сарын өмнө, нийслэлийн Засаг даргаар томилогдохдоо “Миний туршлага, хувь хүний ёс суртахуун зэргийг харгалзан үзсэн байх” гэж хэвлэлийнхэнд мэдээлж суусан Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ямар ч менежментгүй, ядахнаа л төрийн ажил хийх туршлагагүй болохоо харуулав. Онцгой байдлын үед нойр хоолгүй зүтгэх нь хотын даргын ажил, ямбыг нь эдэлж буйн хувьд ялыг нь давхар үүрэх ёстой юм. Ямар сайндаа л хөл хорионд уйдсан олон нийт нийгмийн сүлжээнд “Дархан хотын даргыг Улаанбаатарт бартердъя” гэж хошигнож байх вэ.

Улаанбаатар хот нэг сая гаруй хүн амтай гэвэл 12 сая хүн амтай Ухань хотоос даруй 10 дахин бага гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг сая хүн амтай Улаанбаатар хотын хүнс, хөдөлгөөнийг шийдэхэд илүү хялбар, хэрэвзээ Нийслэлийн онцгой комисст эрсдэлийн үеийн стратеги, нэгдсэн зохион байгуулалт байсан бол шүү дээ. Тэгээд ч МАН-ынхан Улаанбаатарт “шинэ” хүмүүс биш, 27 жил хотыг удирдаж байна.

Covid-19 голомтлон тархаж байгаа учир Улаанбаатар болон хэд хэдэн аймагт хөл хорио тогтоосон. Гэтэл хотын шинэ даргын эргэж, буцсан шийдвэрүүд хөл хорионоос илүүтэй иргэдийг бухимдуулж буйн нэг нь “….Хүнсний үйлдвэрлэл, худалдаа (хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл) эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийг шөнийн 22:00-06:00 цагийн хооронд зохион байгуулж ажилласугай” гэх  захирамж. Үлгэрт гардаг шиг өдөр ч биш шөнө ч биш цагаар, замтай ч биш замгүй ч биш газраар хувийнхан түгээлт хийхээр болж байх шиг.

Өдрөөр эм, хүнс зөөхөөр халдвар тархдаг, шөнө болохоор Сovid-19  халдварладаггүй гэх “мэргэн” аргыг  хотын даргад хэн шивнэчихэв ээ. Энэ мэт шог, иргэдээ чирэгдүүлсэн нэг шийдвэр нь нөөцийн махны худалдаа байв. ЭМЯ нь олон хүн битгий бөөгнөрүүл гэсээр байхад хотын дарга нар нөөцийн махны худалдаа зохион байгуулж, иргэд нь юун нэг, хоёр метр зай барих. Д.Нямхүү эмчийн хэлснээр ёстой л “коронавируc нь хоорондоо ярилцах нь бүү хэл тэврэлдэх нь холгүй” л харагдана лээ.

Өвчин хэлж биш хийсч ирдэг гэдэг. Гэхдээ Сovid-19 монголчуудад хэлсээр, арван сар анхааруулсаар байгаад нэг л өдөр төмөр замаар “тээвэрлэгдээд” ороод ирлээ. Төмөр зам дагасан том голомт хэдийнэ үүсчихсэн байна, аль эрт  аравдугаар сард.

Манайхан л болсон хойно “Дайсан урдаас танкаар биш хойноос вирусээр, нарийн царигаар биш өргөн царигаар ороод ирлээ” гээд Ерөнхийлөгчөө даажигнаж сууна. Хятад руу экспортын төмөр замаа тавьсан бол Гашуунсухайтаар хятад иргэд биш, хятад юань орж ирэх ёстой байсан юм. Хэрэвзээ хэн нэгэн сайн эр Тавантолгойн төслийг гацаагаагүй бол урдаас орж ирэх юаниар Ерөнхийлөгчийн санал болгосон сая төгрөгийг өрх бүрт өгөх боломжтой байлаа. М.Энхсайханы боловсруулсан төслөөр бол дор хаяж дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт аль хэдийнэ ороод ирсэн байх байсан юм.
Нүүрсний төмөр замаа барьж чадаагүйгээс өнгөрсөн хугацаанд багадаа 10 гаруй тэрбум ам.долларын экспортоо алджээ, Монгол Улс.

Өрх бүрт нэг сая төгрөг тараахад нийтдээ 900 тэрбум төгрөг хэрэгтэй, ирэх 2021 оны төсвийн орлого 11 их наяд 797 тэрбум төгрөг гэвэл арав хуваасны нэгийг нь нэг удаадаа тараачихлаа гэхэд цаашдаа хүүхдийн мөнгө, цалин тэтгэмжээ яаж тавих нь асуудал болно. Харин 60 мянган татвар төлөгч компаниа “амьд” авч үлдвэл эргээд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж болж чадна.
Ерөнхийлөгчийн хувьд “буцах бэрд үнээ тугал нийлэх” хамаагүй байх л даа.

Гэвч Италийн Ерөнхий сайдын хэлж байсанчлан “Вирусийн улмаас нэг ч хүний цалин, орлого тасалдах учиргүй. Нэг ч хүн ажлын байраа алдах ёсгүй” л юм.  Үүний тулд хүнгүй шахам болсон хөдөөд 27 соёлын төв барих шаардлага байхгүй гэсэн үг. Доод тал нь 50 сая, дээд тал нь  хоёр тэрбумаар хөдөөгийн соёлын төвүүдийг шинэчлэх цаг одоо биш. Тэр мөнгөө хувийн хэвшил рүүгээ оруулах ёстой. Монгол Улсын төсвийн алдагдал энэ оны эцэст 4.8 их наяд төгрөг хүрэхээр байгааг өнгөрсөн аравдугаар сард тооцсон, одоо энэ алдагдал замбараагаа алдах ч биз. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аль, аль нь эдийн засгаа улстөржүүлэх хэрэггүй, эрсдэл хохирлыг бодитоор, эрүүлээр дүгнэх ёстой биз.

Үнэндээ ЗГХЭГ-ын даргын өвөөгийнхөө буурин дээр барьж байгаа Андлалын хөшөөг үзэхээр 400 сая жуулчин ойрын хоёр жилдээ лав ирэхгүй. Үүний оронд Алтанбулагт тусгаарлах байр, эмчлэх эмнэлэгтэй нь хамт барьсан бол ёстой л өөрсдийнх нь хэлдгээр эх оронч шийдэл болох байв. Монгол Улс хэзээ хилээ нээх нь тодорхойгүй байгаа нөхцөлд энэ мэт хэрэггүй зардлаа танахаас Ерөнхий сайд ковидтой тэмцэх ажлаа эхлэх ёстой юм.

Өнгөрсөн гурван сард М.Энхсайханыг “Коронавирусийг зөвхөн өвчин гэж хараад, эдийн засаг гэж үнэлэхгүй байгаа нь манайхны гол буруу” гэж анхааруулж, “Эрүүл мэндээ хамгаалах бодлого, эдийн засгийн бодлого хоёр бие биенээ дэмжсэн байх шаардлагатай. Цалин авч байгаа хүн цахилгаан дулааныхаа мөнгийг төлж таарна. Цахилгаан дулааныхаа мөнгийг төлнө гэдэг чинь цахилгаан станцаа унагаахгүй гэсэн үг. Цалин авч байгаа хүн эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хандана. Тэгэхээр эмнэлгүүдээ хамгаална гэсэн үг. Хүнсээ авч таарна, тэгвэл хүнсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрүүдээ хамгаална. Цалин орлогоо баталгаатай хамгаалж чадвал үр хүүхдэдээ, сургууль, боловсролд нь мөнгө зарцуулж таарна. Тэгвэл сургууль, боловсролын байгууллагуудаа хамгаалж чадна. Тийм учраас цалин, орлогыг зайлшгүй хамгаалах ёстой” гэж санаа өгөөд байхад л хэн хэн нь авч хэлэлцээгүй, бүр хилс хэрэг тохоод шоронд суулгачихсан.

Одоо covid-19-ийн “буянаар” Монголд сайн бөх биш сайн менежер хэрэгтэй байгааг олон хүн олж харсан байх. Орон нутгийн сонгуулиар цөөнгүй аймаг, сум бөхөөр удирдуулах болсон. Гэвч бөх бол төр биш болохыг бодит жишээ нь Ерөнхийлөгч болон хотын даргын үг, үйлдэл юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
120
ЗөвЗөв
33
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж