Дархан эрхээ даруулгатай эдлээрэй, гишүүд ээ!

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

Дархан эрхээ даруулгатай эдлээрэй, гишүүд ээ!

Дархан эрхээ даруулгатай эдлээрэй, гишүүд ээ!

Цагаан нөмрөгтнүүд амиа үл хайрлан, Covid-19 цар тахалтай цаг наргүй тэмцэж, цагдаа нар нь хатуу хөл хориог мөрдүүлэхийн тулд гудамжинд хонохоос наахнуур хүнд нөхцөлд ажиллаж байхад УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Танай цагдаа ордонд хуралтай байхад 30 минут зогсоож, саатууллаа” гэх ховыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад зөөж шогтох.

УИХ-ын гишүүнээр сонгогдчихоор бүгдийн хаан болдог гэж бодоогүй биз. Хэдийгээр хууль тогтоогч бүрт халдашгүй дархан эрх бий ч Монголын хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой.

Covid-19 цар тахал дотоодод алдагдсанаар Монгол урьдын амар тайван улс биш болчихоод байна.

Дэлхий дахинаа нэг сая гаруй хүний аминд хүрээд буй цар тахлын халдвар авсан хүмүүсийн тоо Монголд өдөрт 20, 30-аар нэмэгдсээр дотоодоос халдвар авсан иргэдийн тоо 100 давлаа. Төмөр замын сүлжээ дагасан таван аймаг, нийт хүн амын 50 хувь нь буюу 1.6 сая иргэн амьдардаг нийслэл Улаанбаатар хот цар тахлын голомтын бүс болчихоод байна. Аюулт өвчнийг хохирол багатай даван туулахын тулд хатуу хөл хорио тогтоож, бүх нийтээрээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэцгээж байна. Гэтэл хууль тогтоогч нь “30 минут саатууллаа” гэж гоншигонох.

Улсын Онцгой комиссоос гаргасан зорчих хөдөлгөөний цагийн хуваарилалтад тааруулж, иргэд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд зарим үед бяцхан үрээ тэврээд алхахаас аргагүйд хүрч байна. Хүнд өвчтөнүүд эмнэлэгт хүрч, үйлчилгээ авч чадахгүй байгаа тухай ч сонсогдож буй. Тэглээ гээд хов зөөхийг урьтал болгосонгүй. Харин цагийн хуваарилалтыг уян хатан болгож, өвчтөнүүд цаг алдалгүй үйлчилгээ авдаг болох журмыг хэрэгжүүлэх шаардлага үүсч буй тухай учирлаж, тэвчээр заан тэсвэртэй хүлээж байна.

Эм эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгчид шөнөжин ажиллаж, эмийн санч, дэлгүүрийн худалдагч нар бараагаа хүлээн авахын тулд гэртээ ч харих эрхгүйгээр өдөр, шөнийг ялгахгүй болтлоо ажиллаж байхад тэрхүү 30 минутын “байцаалт” дэргэд нь юу юм бэ.

Биеийн байцаалт, ажлын үнэмлэхээ авч яваагүй бол цагдаа шаардлагаа тавих нь зүйн хэрэг. Тэгээд ч цагдаа УИХ-ын гишүүн бүрийг таних албагүй, харин шаардлагаа хүн бүрт адил тэгш тавьж, хуулиа хэрэгжүүлэх нь тэдний үүрэг. Биедээ авч явах ёстой байцаалт, ажлын үнэмлэхгүй явж байгаа бол жирийн иргэнээс эхлээд УИХ-ын гишүүнийг ч гэр рүү нь буцаах эрх тэдэнд бий.

Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад тээврийн цагдаа зогсоож, даатгалаа цаг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр торгоод, бичиг баримтыг нь хураахад сөрдөсхийгээгүй. Харин ч “Цагдаа нар маань хууль мөрдүүлж байна” гэж жиргэн, үнэмлэхийг нь хураасан цагдаагаар бахархсан.

Гэтэл Г.Дамдинням гишүүний үйлдэл ёстой ичиг, ичиг.

Цар тахал дотоодод дэгдсэн учраас УИХ онлайнаар хурлаа зохион байгуулж, гишүүд байгаа газраасаа чуулганы хуралдаанд оролцож буй.

Хууль тогтоох дээд байгууллагын ажил саадгүй явах ёстой учраас хаанаас чуулган, байнгын хорооны хуралдаандаа оролцох нь нэгдүгээр асуудал биш. Хамгийн гол нь ажил тасралтгүй явж, шаардлагатай шийдвэрүүдээ цаг алдалгүй гаргах ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гэрээсээ чуулганы хуралдаанд оролцсоныхоо дараа суудлаасаа босохдоо өөрийнхөө гэрэл зургийг байршуулаад нүд хуурахыг оролдов.

Хэнд ч босох эрх бий. Ямар ч шаардлага гарч болно. Хамгийн гол нь хуралд оролцож буй дүр эсгэх хэрэггүй. Үнэн бай, шударга бай, ёс зүйтэй бай!

Цар тахлыг даван туулахын тулд хатуу хөл хорионы дэглэмийг Засгийн газар 19 хоногийн хугацаатай зарласан. Гэвч энэ хугацааг сунгаж болзошгүй байна. Учир нь шинэ халдвар тээгчид илрэхийн хэрээр шууд хавьтагч болон дам хавьтагчдыг илрүүлэх ажил дахин дахин шинээр ундарч буй.

Иймээс хууль тогтоогчид дархан эрхээр гул барилгүй даруулгатай байж, хуулиа мөрдөж ажиллаарай. Ард түмэн хүсч байна, албаныхан цаг наргүй зүтгэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж