Сансраас гэрт нь чулуу унасны дараа дансанд нь хэдэн сая доллар орж ирнэ гэдэг мэдээж сугалаанд хожихоос ч ховор зүйл. Гэхдээ энэ хачирхалтай үйл явдал нэгэн азтай эрд тохиолджээ.
Индонезийн Суматра мужийн умард хэсэгт байдаг Коланг хотын оршин суугч, авсчин 33 настай Жошуа Хутагалун нэг шөнийн дотор саятан болжээ. Учир нь наймдугаар сарын эхээр түүний хашаанд нэгэн солир унасан байна. Тэрбээр солирыг газраас ухаж гаргахад 15 см өргөнтэй чулуу байсан аж.
Сансраас асар хурдтай ирсэн чулуу Жошуагийн байшинг оноогүй нь хангалттай том аз ч гэлээ түүний азын тэнгэр ингээд зогссонгүй. Солир асар өндөр үнэд хүрчээ. Тэрбээр “Тэр чулууг ухаж гаргахад халуун хэвээрээ байсан. Солир унаж ирэхдээ асар хүчтэй чимээ гаргасан бөгөөд байшин маань чичирч байлаа. Чичиргээнээс болж байшингийн минь дээвэр бага зэрэг эвдэрсэн” хэмээн ярьжээ.
Солир нүүрстөрөгчийн хондрит гэх маш ховор нэгдлээс бүтсэн байжээ. Эл маш ховор нэгдэл нэг грамм нь л 654 фунтын үнэ хүрдэг байна. Харин Жошуагийн хашаанд унасан солир 2.1 кг нүүрстөрөгчийн хондрит байжээ.
Жошуа солироо сая гаруй фунтээр зарсныхаа дараа ажлаасаа гарсан бөгөөд олсон мөнгөөрөө сүм байгуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн тэрбээр удаан хугацаанд охинтой болохыг мөрөөдсөөр ирсэн тул "Энэ аз охинтой болохын дохио мөн" хэмээн итгэж буй юм байна.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ