Улсын онцгой комисс (УОК)-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосон. Үүнтэй зэрэгцэн хүнсний зах, худалдааны төвүүдэд хүнсний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч буй.
Иймд хүнс, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьж байгаа билээ. Тус газраас өчигдөр (2020.11.19) зургаан дүүргийн нутагт байрлах 56 зах, худалдааны төв, жижиг дэлгүүр, 24 жижиг эмийн сан, болон Орхон аймагт хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар махны үнээ нэмсэн лангуу түрээслэгчид хоёр сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Эфес” супермаркетад махны лангуу түрээслэн ажиллуулдаг иргэн Т нь махны үнээ зохиомлоор нэмж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн зөрчил гаргажээ. Түүнд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу ийнхүү мөнгөн торгууль ногдуулсан байна.
Б.ЦЭЦЭГ