Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас есөн дүүргийн 140 хорооны 622 хүнсний объектыг хамруулан, хүнсний түгээлтийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд давхардсан тоогоор 525 зөрчил, дутагдал илэрч, 335 буюу 67,5 хувийг газар дээр нь арилгуулсан байна.
Хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ш, 672 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулжээ. Хүнсний дэлгүүрт худалдаж байсан хаяг, шошгын зөрчилтэй есөн нэр төрлийн 272 ширхэг хүнсний бүтээгдэхүүний дагалдах шошгын шаардлагыг хангуулсан байна. Улмаар түгээлтийн машины ариутгал халдваргүйтгэлийг байнга хийлгэх, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөн бараа түгээлтээ хийхийг НМХГ-аас зөвлөжээ.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 23 байршлын нөөцийн мах борлуулах цэгт мэргэжлийн хяналтын 18 улсын байцаагч байнгын хяналт хийж байгаа юм. Улсын байцаагчид махны чанар, аюулгүй байдал, халдвар хамгаалал, халдваргүйжүүлэлтийн байдлыг шалгаж, зөвлөгөө зөвлөмж өгч, маск зүүгээгүй, зай бариагүй, гар ариутгаагүй зэрэг зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллаж байгаа ажээ.