Хотын орлогч нар 800 мянган төгрөгийн цалинтай

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Хотын орлогч нар 800 мянган төгрөгийн цалинтай

Хэлмэгдэгсдийн хөшөөний урд талд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг огцрохыг шаардаж хэсэг иргэд жагсаж байна. Тэд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж Э.Бат-Үүл даргыг орлогч нараа цөөлөхийг хүсэж, энэ сарын 09 ний дотор зургаан орлогчоо ажлаас нь чөлөөлөхийг шаардаж буй юм. Мөн өнгөрсөн хугацаанд Засаг дарга нарын орлогч нарыг иргэдийн татварын мөнгөөр цалинжуулж, унаа, урсгал зардлыг нь санхүүжүүлдэг байсан нь хотын дарга Э.Бат-Үүл эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдэл гэж тэд үзжээ. Иймээс Э.Бат-Үүл даргыг нийслэлийн иргэдээсээ уучлал хүсэж, албан тушаалаас давхар татгалзах ёстой гэж тайлбарлаж байна.

Харин Э.Бат-Үүл даргын тухайд дээрх иргэдийн жагсаалыг Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж буй явдал. Хуулийг хэрхэн харж, яаж тайлбарлах нь тэдний эрх. Монгол Улсын Үндсэн хуульд тухайн орон нутгийн асуудалд дээд шатны их хурал оролцож болохгүй гэж заажээ. Энэ заалтын дагуу нийслэлийн Иргэдийн хурал Засаг даргын орлогч нарын тоо, эрх хэмжээг тогтоож, тэдэнд зарцуулах санхүүжилтийг орон нутгийнхаа төсөвт тооцон баталдаг аж. Энэ нь орон нутгийн өөрөө удирдах дархлааг тогтоосон чухал заалт гэж Э.Бат-Үүл дарга тодотгосон юм.

Хотын даргын одоогийн зургаан орлогчийн нэгнийх нь дундаж цалин 800 мянга. 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу орлогч бүр өөр өөрсдийн хариуцсан ажилтай. Иймээс тэднийг албан үүргээс нь чөлөөлөх боломжгүй гэж Э.Бат-Үүл дарга ийнхүү мэдэгдсэн. Мөн тэрбээр “Өмнө нь зарим орлогч цалингүй ажиллана гэж мэдээлж байсан ч хуульд орлогч нар цалингүй ажиллана гэсэн заалт байхгүй. Иймээс тэд хуулийн дор, Иргэдийн хурлаас баталсан журам, шийдвэрийн дагуу цалинжиж байгаа” гэсэн юм.

Д.УЛАМБАЯР 

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж