Сэлэнгэ аймгийн Шуурхай штабаас өнөөдөр (2020.11.20) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга, Шуурхай штабын дарга Ш.Оргил мэдээлэхдээ “Тусгаарлан ажиглах 12 байранд 239 хүн, гэрийн тусгаарлалтад 44, нийт 283 хүн хяналтад байна. Сүхбаатар сумын найман багийн есөн цэгт иргэдээс сайн дурын шинжилгээ авч, 9772 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөөд байна. Шинжилгээ авах үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байна.
Нийслэлээс Сэлэнгэ аймаг руу ирэх хүсэлтэй 764 иргэн, Сэлэнгэ аймгаас явах хүсэлтэй 933 хүн байна. Сум хооронд явах 266 хүн байна. Нэгдүгээр хавьтлын 53 хүнд шинжилгээ хийж, 5-6 цагийн дараа эцсийн шинжилгээний хариу гарч байна. Шинээр илэрсэн сэжигтэй нэг тохиолдлын хариу эргэлзээтэй гарсан учраас сорьцыг нь ХӨСҮТ-д хүргүүлсэн. Сэлэнгэ аймгийн Covid-19 халдварын голомтыг тогтоохоор ажиллаж байна.
Дөрвөн иргэнийг “Номин” зочид буудалд тусгаарлаад байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хоол хүнс, эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт хийсэн. Гурван эмчийн бүрэлдэхүүнтэй сэтгэл зүйн баг ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд халдварын голомт батлагдсан учраас хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн. Сүхбаатар сумын хувьд 90 хувийн дэглэмийн гүйцэтгэлтэй байна. Алтанбулаг сумын нийт хүн амыг түргэвчилсэн оношлуураар оношлох ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Аймгийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон 31 хяналтын цэг, Сүхбаатар сумаас орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих 15 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 53 цэг, гэрийн тусгаарлалтын хяналт, хамгаалалтад 409 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тусгаарлан ажиглах 12 байранд 239 иргэн, гэрийн тусгаарлалтад 44 иргэн, нийт 283 иргэн байна. Сүхбаатар сумын найман багийн есөн цэгт иргэд сайн дураар шинжилгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар 9772 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн. Иргэдээс шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна.
Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР:
-Өнгөрсөн хоногт Covid-19-ийн 10 тохиолдол шинээр нэмэгдсэн. Эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, халдвар агаар дуслын замаар тархаж байна. Тийм учраас түргэвчилсэн шинжилгээг бүх хүнд хийх шаардлагатай байна. Сүхбаатар сумын хэмжээнд 4646 хүн сайн дураар шинжилгээ өгчээ. Арваннэгдүгээр сарын 12-ноос хойш PCR шинжилгээг 1239 хүнд хийсэн. Үүнээс Сүхбаатар суманд 20 бүлэг, Алтанбулаг суманд таван бүлэг шинжилгээ хийх ажил зохион байгуулсан.
Ойрын хавьтлуудыг тодорхойлж, шинжилгээг үргэлжлүүлэн авч байна. Нийтдээ ойрын хавьтлын 464 хүнээс шинжилгээ авсан. Шинээр халдвар илэрч байгаа учраас хавьтлуудыг тодорхойлж, маршрутыг гаргахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэдийн 60 орчим хувь нь түргэн оношлуураар шинжилгээ өгсөн. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед PCR шинжилгээнд хамруулж байна.
А.СҮРЭН
Э.БУРАМ
Холбоотой мэдээ