УОК ямар арга хэмжээ авч байна вэ?

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

COVID-19

УОК ямар арга хэмжээ авч байна вэ?

УОК ямар арга хэмжээ авч байна вэ?

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Монгол Улсад Covid-19-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл өгөв.


НИЙТ 48068 ОБЪЕКТЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЖЭЭ

Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлд давхардсан тоогоор нийт 48068 объектын нийт 15 746 325 мкв талбайд урьчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлгэж, хяналт тавьсан. Үүнд, Нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбайн 10 331 707 мкв, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний газрын 6285 объектын 1 289 962 мкв, орон сууцны барилга, байгууламжийн 1233 объектын 432340 мкв, засвар үйлчилгээ, хоёрдогч түүхий эдийн цэгийн 808 объектын 183 933 мкв, эрүүл мэндийн байгууллагын орчны 361 объектын 128 190 мкв, малын хашаа, хороо, саравч болон эрчимжсэн аж ахуйн 10513 объектын 2 540 798 мкв, нүхэн жорлон, бохирын цооног 27813 объектын 839 395 мкв

Нийтийн тээврийн болон хот хооронд зорчиж буй 99062 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй 31,740 тээврийн хэрэгслийг цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийлгэж, үйлчилгээнд гаргасан байна. Худалдаа, банк санхүүгийн болон бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлсэн эсэхэд давхардсан тоогоор 13760 (аймагт 8435, нийслэлд 5325) байгууллагыг хамруулан, хяналт хийхэд 11132 буюу 81 хувь (аймагт 6299 буюу 75 хувь, нийслэлд 4933) буюу 93 хувь нь гар угаах, бие засах нөхцөл бүрдүүлсэн байна. Хог хаягдлийн менежментийг сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд олон улсын туршлагаас үзвэл Covid-19-ийн хог хаягдлыг шатааж устгаж байгаа аж.

ТӨМРИЙН ХҮДЭР ЭКСПОРТЛОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор зөвхөн бараа, тээвэр нэвтрүүлэх горимоор ажиллаж байна. Дорнод аймгийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хаах шийдвэрийг арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан. БНХАУ-тай хиллэж буй боомтууд, түүн дотроо уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний экспорт хийгдэж буй Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Ховдын Булган, Хангимандал, Баянхошуу, Бичигт боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Говь-Алтайн Бургастайн боомт "Алтайн Хүдэр" компанийн хүлээн авагч БНХАУ-ын компанитай төлбөр тооцооны маргааны улмаас төмрийн хүдэр экспортлогдохгүй байна.

ӨДӨРТ 1500 ОРЧИМ НҮҮРС ТЭЭВРИЙН МАШИН ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА

Экспорт: Уул уурхайн ашигт малтмал, эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд таван өдөрт дунджаар 1500-1530 автомашин нүүрс, 96 машин зэсийн баяжмал, 13 машин төмрийн хүдэр экспортолсон. Энэ оны эхнээс 25.9 сая тонн нүүрс,1.2 сая тонн зэсийн баяжмал, 7.3 сая тонн төмрийн хүдэр экспортолсон байна.

Гашуунсухайт: БНХАУ-ын Ганц мод боомт нь 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн задгай талбайд нүүрс буулгахгүй гэсэн шийдвэр гаргасан тул гурван аж ахуйн нэгж шинээр битүү агуулах барьж, нүүрс буулгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Шивээхүрэн: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо болон экспортлогдсон нүүрсний жингийн хэмжээг өмнөх өдөртэй харьцуулахад буураагүй бөгөөд гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БООМТООР ТАВ ХОНОГИЙН ХУГАЦААНД 3,8 МЯНГАН ТОНН АЧАА ИМПОРТОЛЖЭЭ 

Импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн зүйлс, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын болон халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, бодис, түргэн муудаж гэмтэх, хадгалалт тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардах барааны бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулан ажиллалаа. Улаанбаатар хот дахь гаалийн газруудын бусад барааны импортын бүрдүүлэлтийг түр хугацаанд зогсоосон.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эхний тав хоногийн хугацаанд буюу 2020.11.12-2020.11.16-ны өдрүүдэд гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох автобензин, дизелийн түлш 29.4 мянган тонн, сүү сүүн бүтээгдэхүүн 26.6 мянган тонн, цагаан будаа 716.3 мянган тонн, жимс, хүнсний ногоо 1.7 сая тонныг тус тус импортолсон байна. ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг автозамын боомтоор 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 16-ны өдрүүдэд нийт 250 тээврийн хэрэгслээр 3.8 мянган тонн ачаа орж ирснийг гаалийн хяналтад авч, Сэлэнгэ, Улаанбаатар, Дархан, Орхон дахь гүний гаалийн газруудын гаалийн бүрдүүлэлтийг хийжээ.

ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ВАКЦИН ХУДАЛДАЖ АВНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын хамгийн сүүлийн мэдээллээр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхтэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна. Эмнэл зүйн туршилт, судалгааны 3-р үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ-4, АНУ-4, ОХУ-1, Их Британи-1 (Оксфордын их сургууль+Астра Зенека) вакцин тус тус хөгжүүлж байна.

Вакцин дархлаажуулалтын глобал альянс (ГАВИ), ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм (СОУАХ РасПКу) нь Covid-19-ийн эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газар 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн.

Энэ механизмын хүрээнд тухайн орны нийт хүн амын 20 хүртлэх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг механизмын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна. Энэ худалдан авалтыг СО/АХ РасПКу механизмын хүрээнд хийхийн гол ач холбогдол нь худалдан авах вакцин нь гагцхүү ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байх, үнэ өртөг нь КОВАКС-ийн үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийх явдал юм.

ЭМЯ-наас вакциныг тээвэрлэн авчрах, түгээх, хийх үндэсний төлөвлөгөөг 2020 оны долдугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд нэг хүнд ноогдох тун, хоногийн зай зэрэг мэдээлэл нь ДЭМБ-аас энэ оны арваннэгдүгээр сараас тодорхой болж байгаа. Тиймээс ямар төрлийн вакциныг худалдаж авахаа эцэслэн шийдвэрлэснээр уг төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлуулах бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан.

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50,7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна. Вакцин дархлаажуулалтын глобал альянс болон КОВАКС механизмд эцэслэсэн хүн тун вакцины технологийн сонголт хийсэн хүсэлтээ Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын гарын үсэгтэйгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс өмнө илгээх шаардлагатай тул уг хүсэлтийг илгээхээр ажиллаж байна.

Мөн тусгаарлалтаас гарсан иргэдийг гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн цуцлаад байсан бол эргэн сэргээжээ. Тодруулбал, ажиглалт, тусгаарлалтаас гарсан иргэдэд гэрийн 14 хоногийн тусгаарлалт хийх шаардлагыг сэргээн хэрэгжүүлж эхэлсэн байна.

Зарим судлаачид гэрийн 14 хоногийн дэглэмийг цуцалсан нь дотооддоо халдвар алдах эрсдэл болсон гэж үзэж байгаа юм. Тухайлбал, анхны тохиолдол болох жолооч Д тусгаарлалтаас гараад тоглолт үзсэн, гадуур явсан нь халдварын эрсдэлийг өндөр болгосон гэж үзэж байгаа ч сүүлийн өдрүүдийн тохиолдлуудыг харахад Сэлэнгэ аймаг, түүнийг дагасан төмөр замаар халдвар тархсан гэж урьдчилсан байдлаар тогтоож, арга хэмжээ авч эхэлсэн.

Сануулахад, нийслэлээс гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймгуудад халдвар бүртгэгдэж, эдгээр аймгууд хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж