NBA-ийн 2020 оны драфтын үйл ажиллагаа өчигдөр (2020.11.19) зохион байгуулагдаж, дэлхийн сагсан бөмбөгийн ирээдүйг тодорхойлох залуус мэргэжлийн түвшинд тоглох эхний алхмаа хийлээ. Энэ жилийн драфт цар тахлын улмаас анх удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдсан нь онцлог байв. Драфтын тэргүүн сонголтоор Миннесота Тимберуолвес баг Энтони Эдвардс хэмээх 19 настай Жоржиагийн их сургуулийн хамгаалан тоглогчийг сонгосон билээ.
- ЕВРОП ЗАЛУУС АМЕРИКИЙН САГСАН БӨМБӨГТ
Сүүлийн жилүүдэд Европ тивийн авьяаслаг залуус Америкийн сагсан бөмбөгт олноор хөл тавьж, эхнээсээ "эзэрхийлээд" эхэллээ. Энэ жилийн драфтаар сонгогдсон нийт 60 тоглогчийн 13 нь буурал тивийнх байв. Хамгийн эхлээд нэгдүгээр тойргийн долдугаар сонголтоор Детройт Пистонс баг 19 настай Франц залуу Киллиан Хейсийг сонгосон бол дараа нь есдүгээр сонголтоор Вашингтон Уизардс баг мөн 19 настай Израил залуу Дэни Авдияаг сонгосон. Хамгийн сонирхолтой нь, NBA-ийн сүүлийн найман драфтын эхний арван сонголт дотор доод тал нь хоёр олон улсын тоглогч сонгогдож байжээ.
Тэдний араас нигери гаралтай тоглогчид болох Пресус Ачиува 20 дахь сонголтоор Майами Хит баг руу, Удока Азубукэ 27 дахь сонголтоор Юта Жазз баг руу тус тус явжээ. Мөн Аргентин тоглогч Леандро Болмаро 23 дахь сонголтоор Нью-Йорк Никс багт сонгогдож, хамгийн дээгүүр сонгогдсон Аргентин тоглогч болов. Дээрх тоглогчдоос гадна серби залуу Алексей Покушевски, Австрали гаралтай Жош Грин, Чех залуу Вит Креши, Итали гаралтай Нико Маннион зэрэг олон улсын залуучууд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглохоор сонгогдлоо.
- ААВ, АХ НАРЫН ҮРГЭЛЖЛЭЛ
Цагтаа NBA-д тоглож явсан цөөнгүй тамирчдын хүүхдүүд болон одоо тоглож буй тамирчдын дүү нар энэ жилийн драфтаар сонгогдлоо. Хамгийн эхлээд драфтын 15 дахь сонголтоор Коул Энтони Орландо Мэжик багт сонгогдсон. Түүний аав 1991 оны NBA-ийн драфтын 12 дахь сонголт, лигт 11 улирал тоглосон Грег Энтони. Түүний дараа 48 дахь сонголтоор Голден Стэйт Уорриорс багт сонгогдсон Нико Маннион орно.
Итали хүүгийн аав 1983 оны NBA-ийн дратфын 43 дахь сонголт, лигт зургаан улирал тоглож явсан Пэйс Маннион. Сонирхолтой нь, аав хүү хоёр хоёулаа Голден Стэйт Уорриорс багт сонгогджээ. Мөн цагтаа бүх одод явсан, 2000 оны NBA-ийн драфтын тэргүүн сонголт, лигт 15 улирал тоглосон Кеньон Мартины хүү бага Кеньон Мартин 52 дахь сонголтоор Сакраменто Кингс багт сонгогдсон байна.
Харин ах дүүсийн хувьд 2017 оны NBA-ийн драфтын хоёр дахь сонголт, одоо Нью-Орлеанс Пеликанс багт хүчин зүтгэж буй Лонзо Боллын дүү Ламело Болл энэ жилийн драфтын гурав дахь сонголтоор Шарлотт Хорнетс багт нэгдсэн. Тэд драфтад эхний гурваар сонгогдсон анхны ах дүүс болжээ. Мөн 2015 оны NBA-ийн драфтын 24 дэх сонголт, өдгөө Мемфис Гриззлес багт хүчин зүтгэж буй Тайус Жонсын дүү Тре Жонс энэ жилийн драфтын 41 дэх сонголтоор Сан Антони Спурс багт сонгогдсон байна.
- ДУТУУ ҮНЭЛЭГДСЭН ТОГЛОГЧИД
Холбоотой мэдээ