Хувийн PCR шинжилгээний 35 цэгийг ашиглах уу?

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Хувийн PCR шинжилгээний 35 цэгийг ашиглах уу?

Хувийн PCR шинжилгээний 35 цэгийг ашиглах уу?

Монгол Улсад дотоодоосоо Covid-19-ийн халдвар авсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Долоо хоногийн өмнө батлагдсан тохиолдол долоо байсан бол сүүлийн 2-3 хоногт 20, 30-аар огцом нэмэгдэж, дотоодын батлагдсан халдвар 85 болж, нийт тохиолдол 518 боллоо.

Нийт батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр тэдний ойрын болон хоёрдогч хавьтлыг илрүүлэх, тандалт судалгаа хийх шаардлагатай болж байна. Түргэвчилсэн оношилгооны шинжилгээг нийслэлийн 18 цэг болон өрхийн эрүүл мэндийн 84 төв, нийт 102 цэгт авч байна. Үүнээс гадна орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа билээ.

Харин Covid-19-ийн нарийвчилсан шинжилгээ буюу PCR шинжилгээг тодорхой цөөн тооны аймаг, нийслэл хотод хийж буй. Ихэнхдээ орон нутагт илэрсэн сэжигтэй тохиолдлын сорьцыг ХӨСҮТ рүү тээвэрлэж, хугацаа алдаж байгаа нь үнэн.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид PCR шинжилгээ хийж, эцсийн хариуг гаргаж байна. Цаашид дотоодод халдвар авсан хүний тоо хот, хөдөөгүй нэмэгдэх эрсдэлтэй энэ нөхцөлд PCR шинжилгээ хийх лабораторийн тоог нэмэх шаардлага үүсээд байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулахад “Бид улсын хэмжээнд ажиллаж буй хувийн лабораториудын судалгаа, тооцоог гаргасан. Эдгээр лабораторид сайн дурын шинжилгээ авахгүйгээр зөвхөн шаардлагатай хүмүүсийн PCR шинжилгээг зохион байгуулалттайгаар авна. Улсын хэмжээнд хувийн хэвшлийн нийт 35 PCR шинжилгээний цэг бий” гэлээ.

Улсдаа томоохонд тооцогдох “УБ-Сонгдо” эмнэлгийн дарга, эмч Б.Болдсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлд хандахдаа “Манай эмнэлэгт PCR-ын аппаратын нэг төрөл бий. Тийм болохоор PCR шинжилгээ хийх эрхийг нь өгөөсэй" хэмээн хэлж байсан удаатай.

Одоогийн байдлаар нийслэл хотоос гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр гэсэн таван аймагт халдварын голомт бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд түргэн оношилгооны цэгүүдээр 19.915 хүн шинжилгээнд хамрагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Эрсдэлийн үнэлгээний багийн гаргасан урьдчилсан судалгаанд дотоодод халдвар тархвал нийт хүн амын нэг хувь буюу 32 мянган хүн Сovid-19-өөр өвчлөх, үүнээс 4.9 мянган хүний биеийн байдал хүндэрч, 1.6 мянган хүн эрчимт эмчилгээнд хамрагдаж, 1.4 мянган хүн нас барах магадлалтай гэж дүгнэжээ. Энэ бол аюул ойрхон байгаагийн дохио. "Бидний гаргасан судалгаагаар нэг хүн 26 хүнд, хамгийн дээд тал нь 117 хүнд халдвар тараах эрсдэл байна. Бид яаралтай арга хэмжээ авч халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан" хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү яриандаа онцлон хэлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын хэмжээнд 90 гаруй PCR шинжилгээ хийх боломжтой цэг бий. Үүнээс улсын 60, хувийн хэвшлийн 30 гаруй цэг байна гэж хэлсэн. Цар тахлын онцгой нөхцөл байдалд дотоодын халдвар нэмэгдэж байна. Хатуу хөл хорионы хугацаанд шаардлагатай олон хүнийг шинжилгээнд хамруулж, халдварын хүрээг тогтоон барих нь чухал.

Гадуур шинж тэмдэг илрээгүй хүмүүс хөдөлгөөнд оролцоод явж байхыг ч үгүйсгэхгүй. Ойролцоогоор PCR шинжилгээний өртөг 160 мянган төгрөг байна. Энэ зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдэлийн сангаа ашиглан, гаргах боломжтой” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж