Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар өнөөдөр /2020.11.19/ мэдээлэл өглөө. Тус штабаас өдөр бүр 14.00 цагт мэдээлэл өгөхөөр болсон юм.
Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын гишүүн Э.ЭРДЭНЭБААТАР:
-Нийслэлийн хэмжээнд 18 цэгийн 202 байршилд коронавирусийн шинжилгээ авч байна. Өчигдрийн байдлаар 3386 иргэнээс түргэн оношлуураар шинжилгээ авахад 12 нь эерэг гарч PCR шинжилгээгээр бататгахад эерэг хариу гарсангүй. Хүнсний хангамж дээр тэр дундаа махны нөөц дээр төвлөрөн одоогоор 14 байршилд 50.3 тонн махыг иргэдэд худалдаалж байна. Өнөөдөр тавдахь өдрөө үргэлжилж байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 35-110 хоногийн нөөцтэй гэсэн судалгааг гаргасан. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 92 чиглэлд 870 тээврийн хэрэгсэл явж байна. Өнөөдөр өглөөний байдлаар 47726 иргэн нийтийн тээврээр зорчсон байна. Өдөрт нийтийн тээврийн хэрэгслүүдийг давхцсан тоогоор 2500 гаруй удаа ариутгажээ. 42 их дээд сургуулиудын дотуур байруудад ариутгал хийсэн. Харин авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор Улаанбаатар хот руу орсон 1765, Улаанбаатар хотоос гарсан 1926 гээд нийт 3900 гаруй тээврийн хэрэгсэл, 7659 иргэн нийслэлийн товчоодоор дамжин өнгөрчээ. Өчигдөр л гэхэд манай штабд нийт 1134 дуудлага иргэдийн зүгээс ирсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн тоо 60-80 мянга байсан бол арваннэгдүгээр сарын 17-оос хойш 100 мянга, засаг даргын хөдөлгөөн хязгаарлах захирамж гарснаас хойш 45-48 мянган автомашин хөдөлгөөнд орж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн хэмжээд 60-80 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол ажлын өдрүүдээр энэхүү тээврийн хэрэгслийн тоо өсөж 100 мянга хүрчээ. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийснээр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 45 мянгад хүрч, хөдөлгөөнийг 87 хувиар бууруулсан байна.
Холбоотой мэдээ