Цар тахлын энэ хүнд үед дарга, цэрэггүй хэлж буй үг, хийж байгаа үйлдэлдээ хянамгай байх учиртай. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдаанаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар гаргасан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулсан.
Тэрбээр энэ үеэр “Өнгөрсөн арван сарын хугацаанд бид бүслэлтэд орж, хориглон хамгаалалтын дунд байж байгаад, одоо гардан тулаанд орж байна" гэж хэлсэн нь иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлээгүйгээр зогсохгүй тохуутай санагджээ. Тиймээс иргэд түүний даажинтай зүйрлэл цаг үеэ олоогүйг шүүмжилж, дургүйцлээ илэрхийлж байна.
Улсын эдийн засаг муу, баян орон биш гэснээр бүхнийг хаацайлах нь утгагүй. Цар тахалтай бүтэн 10 сарын турш амжилттай тэмцсэн нь үнэн ч бодитоор нүүрлэх эрсдэл маш өндөр байсныг яагаад бодолцсонгүй вэ? Засгийн газар эрсдэлийг урьдчилан тооцоолж, сэргийлэх арга хэмжээ авсансан бол өнөөдөр халдвар тархахгүй байх боломжтой байлаа гэж иргэд хариуцлага нэхэж байна. Цар тахал нүүрлэж, бэлэн байдалд шилжихээс өмнө иргэдийн амьдрал хүнд байсан. Одоо бүр түүнээс ч дордож байгааг хотын захын дүүргүүдэд амьдарч буй, боломж тааруу иргэдийн амьдрал тодорхой харуулж буй. Тэнд маск авах нь битгий хэл идэх хоолоо ч залгуулахад хэцүүхэн айл өрх олон, хүүхдүүд өлсөж байна. Гэдэс доторхоноор амьдралаа залгуулж байсан ядуу иргэд бэлэн байдлын энэ үед өвдөл цөвдлөөр ч хоол хийж чадахгүйд хүрчээ. Тиймээс иргэд У.Хүрэлсүхийн засгийн газраас хөрсөн дээр буусан, бодит амьдралд нийцсэн шийдвэрүүд гаргаж ажиллахыг шаардаж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газар дэлхий дахинд Covid-19 тархаж эхэлсэн цагаас бэлдэж, бүх холбогдох арга хэмжээг авч байна. Саяхан 2021 оны төсөв батлагдсан. Бид энэ цар тахлын үед ямар арга хэмжээ авах вэ гэдгээ маш сайн бодож, олон улсын туршлагуудыг судалж харьцуулж байгаад авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхдийн 100 мянган төгрөгийг одоо ч олгогдож байна, 2021 оны долдугаар сар хүртэл авч хэрэгжүүлнэ. Мөн хүнсний талон олгож байна. Дээр нь нийгмийн халамж тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлээд, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээд явж байна. Ирэх жил мөн үргэлжлүүлэхээр төсөвт суулгаад батлуулсан. Төсөв хэлэлцэх явцад нэлээн сайн тайлбарласан” гэж хэлснээс өөрөөр товч тодорхой хариулт өгсөнгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хариулт үнэндээ хангалттай байсангүй.
Засгийн газрын хуралдааны шийдвэрээр ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулахыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-нд чиглэл болгосон. Улмаар үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авахыг даалгасан. Гэвч энэ арга хэмжээ нь банк, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) төдийгүй иргэдэд санхүүгийн маш их дарамт авчрах эрсдэлтэйг эдийн засагчид онцгойлон анхааруулж байна. Мөн ББСБ, Хадгаламж зээлийн хоршоодоос олгосон зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ, нэмсэн хүү, торгууль, алданги ногдуулах зэргээр зээлдэгчид дарамт учруулахгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах зохицуулалтыг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэхийг үүрэг болгов.
Энэ талаар холбогдох албадаас тодруулахад, зээлийн хүүд хязгаар тогтоох ажлын хэсэг байгуулагдан, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэлдэхүүн ажиллаж эхлээд байна гэсэн хариулт өгч байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, хэдийгээр цар тахлын эрсдэл өндөр байгаа ч арилжааны банкууд хаалгаа нээхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Улсын онцгой комиссын шийдвэрийг хүлээж байгаа ажээ. Төв банкнаас Covid-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байгаагаа дуулгав. Энэ хүрээнд УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдтэй уялдуулан, Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг түр хойшлуулах арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци, Орон сууцны санхүүжилтийн корпораци болон банкууд хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Өнөөдрийг хүртэл банкуудын нийт салбараас нэг сая 366 мянган зээлдэгчид 17.2 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 9.2 их наяд төгрөг нь хэрэглээний буюу иргэдийн зээл байгаа аж. Энэ сарын 10-наас хойш банкны салбар цахимаар ажиллаж, картын, бага дүнтэй, их дүнтэй бүх төлбөр тооцоог хэвийн гаргаж буй юм байна.
Сүүлийн 10 хоногт өдөрт дунджаар сүүлийн 584 мянган ширхэг картын гүйлгээ гарчээ. Мөнгөн дүн нь 14.8 тэрбум төгрөг. Нийт 4,300 АТМ машин ажиллаж, иргэд дунджаар 2.8 сая төгрөг бэлнээр гаргаж авсан байна. Их дүнтэй гүйлгээний өдрийн дундаж нь 5 их наяд төгрөг байгаа аж. Хорио цээрийн дэглэмийн үед цахимаар төлбөр тооцоо хэвийн хийгдэж байгаа ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ