Нутгийн зүүн хойд зүгээс хийсч ирсэн борооны үүл, хүчтэй салхи өнөөдөр/2020.11.19/ өвлийн улирал эхэлж байхад орон даяар хүчтэй аадар бороо оруулж, үер болсон нь солонгосчуудын санааг ихээр зовоож байна. Цаг уурын албаныхны мэдээлж буйгаар нутгийн зүүн хойд зүгийн БНХАУ-ын Шандун хойгоос Солонгосын хойг руу чиглэсэн цаг агаарын урсгалаас болж өмнөд Солонгост аадар бороо, аянга цахилгаан, хүчтэй шуурга үүсч, гамшгаас шалтгаалсан хохирол хаа сайгүй үргэлжлэн ар араасаа нэмэгдсээр байгаа гэнэ.
Жишээлбэл, Бусаны Сасан дүүрэгт дөрвөн замын уулзварын гэрлэн дохио шуурганд унаж, Ёнжэ дүүргийн нүхэн замын хоёр метр өргөнтэй зурагт тэмдэглэгээ хийсч, явган хүний замыг тагласан нь зам тээврийн ноцтой осолд хүргэхүйц зүйл болжээ. Мөн Суён дүүргийн гүүрийн даацын зориулалттай ган багана салхинд гэмтсэн байна. Түүнээс гадна Ганжон дүүрэг, гүмжон дүүргүүдэд цагт 23 мм хэмжээтэй бороо орж, хүчтэй салхинаас болж шүхэр хэрэглэж чадаагүй иргэд шалба норон, гудамж, талбай, зам, айл өрхүүд усанд автсан, машин урссан зэрэг ослууд удаа дараа бүртгэгджээ. Кёнги мужийн Гүри хотод 76.5мм бороо орж, халтиргаанаас болж аав, хүү хоёр машинтайгаа голд унасан хэрэг гарчээ. Азаар тэд амжиж машиныхаа дээр зогсч, аврагдсан байна. Мөн Шихён хотод хогны машин онхолдсон хэрэг гарсан гэнэ.
Цаг агаарын байдлаас болж аврах нисдэг тэргүүд нисэх боломжгүй байгаа тул онцгой байдлынхан завиар аврах ажиллагаа хийж байгаа аж. Хүчтэй салхинаас болж дотоодын нислэгүүд төдийгүй далайн тээвэр ч гэсэн бүгд хойшлогджээ. Өвөл эхэлж, цаг агаар хүйтрэх дөхөж байхад ийнхүү усархаг бороо орсон нь цаашлаад ханиад томууны дэгдэлтэд нөлөөлж, цар тахлын нөхцөл байдлыг хүндрүүлэх вий хэмээн иргэд ихээр санаа зовж байгаа гэнэ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ