Нийслэлээс гадна 5 аймагт халдварын голомт илрээд байна

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

Нийслэлээс гадна 5 аймагт халдварын голомт илрээд байна

Нийслэлээс гадна 5 аймагт халдварын голомт илрээд байна

Улсын хэмжээнд дотоодод бүртгэгдсэн халдвар 72 болж, өчигдөр шинээр Орхон, Дорноговь аймгуудад голомт бүргэгдэв. Ингэснээр нийслэлээс гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг, Дорноговь, Говьсүмбэр зэрэг таван аймагт халдварын голомт бүртгэгдээд байгаа юм. Халдвар гарсан голомтууд нь төмөр замын дагуух гэж урьдчилсан байдлаар тооцоолж байгаа гэнэ. Тиймээс төмөр зам дагуух аймаг, сум, өртөө зэргийг хяналтад авч эхэлжээ. Голомттой аймгуудын Онцгой комисс өнөөдөр /2020.11.19/мэдээлэл хийж, мэдэгдэл гаргав.


ДОРНОГОВЬ: БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ ЭНЭ САРЫН 8-НД УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРГЭЭР АЙРАГ СУМАНД ИРСЭН

Дорноговь аймгийн онцгой комиссоос өнөөдөр/2020.11.19/ мэдээлэл хийлээ.

Дорноговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Г.ЭНХЦЭЦЭГ:

-Төмөр замын ажилчнаас коронавирус илэрсэнтэй холбогдуулан төмөр замын ажилчдыг шинжилгээнд хамруулж байна. Одоогоор 2490 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байна. Замын-Үүд дээр 1300 гаруй хүн болон Сайншанд дээр 1400 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа. Дорноговь аймагт батлагдсан нэг иргэн өнгөрөгч арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргээр Айраг суманд ирсэн. Энэ хүн Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан төмөр замчдын спортын тэмцээнд Говьсүмбэр аймгийн батлагдсан нэг тохиолдолтой хамт нэг багт орж тоглосон байна. Энэ хүн Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирээд Ганзам зочид буудалд орсон. Тэгээд хажуу талынх нь мини маркет руу орж тамхи аваад гал тэргэнд суусан. Гал тэргэндээ гурван хүнтэй хамт зөрчсөн. Эдгээр хүмүүсийг олж тогтоосон. Нэг хүн нь Дорноговь аймгийн Даланжаргал сумынх, нөгөө хоёр нь Говьсүмбэр аймгийн хүмүүс байна. Айраг сумандаа ирээд ажил гэр гээд явсан байна. Хоёр хүүхэдтэйгээ, эхнэртэйгээ хамт амьдардаг. Том хүүхэд нь төмөр замын цэцэрлэгт явдаг бол бага нь гэртээ байдаг. Гэр бүлийнх нь гишүүдийг ажиглалтанд аваад шинжилгээний сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулсан. Нийтдээ 1550 гаруй иргэнийг хянаж байна. Мөн Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын ажилчдыг шинжилгээнд хамруулах гэж байна. Сум, өртөө, точка дээр байгаа хүмүүсийг суурин газар руу л оруулалгүй, явуулын шинжилгээ авна. Хоёр цэгт дөрвөн лаборант ажиллуулна. Өнөөдрийн байдлаар 15 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байна. Баталгаажуулах шинжилгээг Улаанбаатар хот руу явуулсан.

Дорноговь аймагт Айраг, Даланжаргалан, Сайншанд сумын хэмжээнд тэг зогсолт хийж байгаа ажээ.


ОРХОН: БАТЛАГДСАН 13 ТОХИОЛДЛЫН 4 НЬ ХҮҮХЭД

Орхон аймгийн онцгой комиссоос өнөөдөр/2020.11.19/ мэдээлэл хийлээ. Орхон аймагт коронавирусийн халдварын тохиолдол 13 бүртгэгдээд байгаа юм.

Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Эх сурвалж: NB HD Television

Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Эх сурвалж: NB HD Television

Posted by News.mn on Wednesday, November 18, 2020

Тус комиссын албан хүмүүсийн зүгээс:

-Саяхан гарсан ЭМЯ-ны мэдээллээр манай аймагт 13 тохиолдол бүртгэгдлээ. Бид 11-р сарын 17-ноос хойш 270 хүний сорьцыг Улаанбаатар хот руу илгээсэн. Үүнээс дөрвөн хүүхэд, есөн том хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр 13 хүний ихэнхи нь төмөр замын районд ажиллаж амьдардаг. Үүний дараа 387 сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан. Урьдчилсан байдлаар бүгд сөрөг гарсан. Энэ бүх хүн иргэн Г-ийн ойрын хавьтлууд байгаа. Дархан-Уул аймагт батлагдсан иргэн Г-ийн ойрын хавьтал 57, дам хавьтал 158 иргэнийг тогтоосон. Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд 1600 гаруй сорьц авлаа.

Батлагдсан 13 тохиолдлын дөрөв нь сургуулийн насны хүүхдүүд.

Үүнтэй холбогдуулан багш, ангийнх нь хүүхдүүдийг олж тогтоож байна. Бидэнд ирсэн мэдээллээр бол эдгээр хүүхдүүд өнгөрөгч арваннэгдүгээр сарын 7-нд Өргөө кино театрт кино үзсэн гэх мэдээлэл байна. Хүүхдүүдийн нэрсийг удахгүй тодорхой болгоно. Батлагдсан 13 тохиолдлын маршрутыг тогтоож байгаа. Дандаа худалдаа, үйлчилгээний газруудаар явсан гэх мэдээлэл байна. Батлагдсан хүмүүсийн дунд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид байхгүй. Харин сэжигтэй тохиолдол гээд тус үйлдвэрийн ажилчинг гэрт нь тусгаарласан. Дархан-Уул, Улаанбаатар хотоор явсан хүмүүс сайн дураараа ирж үнэ төлбаргүй шинжилгээнд хамрагдаарай. Бид ч аль болох хүн бүрийг хамруулахыг хичээнэ.

6-12 насны дөрвөн хүүхэд, 29-62 насны том хүмүүс халдвар авсан.

Дархан-Уул аймгийн халдвар авсан Иргэн Г айлын хүүхдийн төрсөн өдөрт очсон нь батлагдсан. Энэ хүүхдийн төрсөн өдөрт байсан хүүхдийн өвөө нь манай зэргэлдээ сумын байгаль орчны улсын байцаагч. Энэ хүний талаар Булган аймагт мэдээлсэн. Энэ хүн манай аймагт орж ирж, түлээ мод бэлтгэдэг хүмүүстэй харьцсан. Удахгүй мэдээлэл тодорхой болно. Одоо тэр төрсөн өдөрт хэдэн хүн ирснийг тодорхойлж байна. Одоогоор Эрдэнэт буудалд 60 хүний өрөө бэлдсэн. Үүний 16-д нь хүмүүсээ оруулаад ажиглалт хийж байна. ОХУ-аас орж ирсэн хоёр хүнийг мөн тусгаарлаж байна. Халдвар авсан хүмүүсийг өнөөдөр ХӨСҮТ рүү явууллаа. Одоогоор 13 цэг дээр оношлогоо авч байна. Ойрын хавьтлуудыг тусгаарлаж байгаа бол хоёрдугаар хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж байна. ЭМЯ-наас 15 мянган оношлуур авч байгаа. 320 цэгт 198 машин хүнсний хүргэлт хийж байна. Өчигдөр 78 машин хүргэлт хийсэн. Бид өнөөдөр 0 зогсолт зарласан. Энэ нь үр дүнгээ өгнө гэж найдаж байна.


ДАРХАН-УУЛ: ХАЛДВАР ГАРСАН ГОЛОМТЫГ АРИУТГАЖ, ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙН ЯВСАН ГАЗРУУДЫГ ОЛЖ ТОГТООЖ, АРИУТГАЖ БАЙНА"

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.АЗЖАРГАЛ:

-Өнөөдөр манай аймагт халдвар голомт үүссэн шинэ бүсээс нийт 11 батлагдсан тохиолдол илэрлээ. 12 хүн шинжилгээнд хамрагдаж нэгийнх нь хариу сөрөг гарсан. Гэвч тусгаарлалтанд дахин шинжилгээнд хамруулах гээд байж байна. Нийт аймгийн хэмжээнд 13 мянга гаруй иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бол 735 хүнээс PCR шинжилгээ авсан. Одоогоор төмөр зам дагуух газруудаа онцгой анхаарч байна. Дархан-Уул аймгийн төмөр замын зангилаанд нийт 1500 гаруй хүн ажилладаг. Одоогоор мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Мөн батлагдсан 11 тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, шинжилгээ аваад байна. Нийт 171 хүнийг тогтоосон. Хамгийн их төмөр замчид оршин суудаг районыг тодорхойлж байна. Хонгор сумын Салхитын багийн хоёр төмөр замчнаас коронавирус илэрсэн учир тухайн бүс нутгийн орох гарах хөдөлгөөнийг хаахаар төлөвлөж байна. Аймгийн эрүүл мэндийн газраас Хонгор суман дээр шинжилгээ хийж байна. Тус сумын Салхит баг нийт 500 гаруй өрх бий. Эдгээрийн өрхүүдийн 400 гишүүн нь төмөр замчид гэхээр илүү сайн ажиллах, тус багийн 1600 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулах хэрэгтэй байна. Дархан хотын төмөр замчдын хамгийн их оршин суудаг хэсгийг олж тогтоон, шинжилгээ авна.

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.БАТЦЭНГЭЛ:

-Халдвар гарсан голомтыг ариутгаж, халдвар авсан хүмүүсийн явсан газруудыг олж тогтоож, ариутгаж байна. Буудлын тусгаарлалтыг өндөр түвшинд сахиж байна.  Бид ХӨСҮТ-тэй нягт холбоотой ажиллаж байгаа. Өнөөдөр л гэхэд ХӨСҮТ-ээс 10 мянган оношлуурыг татаж авч байна. Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотоос нэмэгдэл хүч ирэхээр болсон байгаа. Батлагдсан 11 тохиолдлын эхний хот руу явсан хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг байгаа гэсэн. Өнөөдөр сүүлийн гурван хүнийг Улаанбаатар хот руу явууллаа.


СЭЛЭНГЭ: 7173 ХҮН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн онцгой комисс өнөөдөр /2020.11.19/мэдээлэл хийлээ.

Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.ОРГИЛ:

-Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 28 тохиолдол бүртгэгдлээ. Хөтөл зангилаа, Сүхбаатар өртөө, Мандал өртөөний нийт 850 ажилчдыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулаад байна. Сүхбаатар, Алтанбулаг суманд түргэвчилсэн оношлуураар 7173 хүн шинжилгээнд хамрагдаад байна. Шинжилгээ үргэлжлэн явагдаж байгаа тул иргэд шинжилгээндээ хамрагдаарай. Эцэг эх нь өөр суманд, нийслэлд хөл хорионд орсон 10 өрхийн 17 хүүхдийг түр асран хамгаалагч нар хүлээлгэн өгч, хүнсний дэмжлэг хүссэн 18 өрхөд хүнс хүргэж байна.

 

 

 


ГОВЬСҮМБЭР: ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ОЙРЫН ХАВЬТЛЫН 84 ХҮНИЙГ ОЛЖ, ТОГТООСОН

Говьсүмбэр аймгийн онцгой комиссоос үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Тус комиссын мэдэгдэлд,

“Цар тахлын халдвар авсан нэг иргэний нэгдүгээр хавьтлын 84 иргэний олж, үүнээс манай аймагт байгаа 65 хүнийг тусгаарлалтанд оруулж, шинжилгээ аван 28 PCR шинжилгээг Улаанбаатар хот руу арваннэгдүгээр сарын 18-ны шөнө яаралтай хүргүүлсэн. Халдвар авсан иргэний биеийн байдал тогтвортой, хэвийн байна. Голомтын эцсийн халдваргүйтлийг мэргэжлийн байгууллагууд хийж дууслаа. Сумдууд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, нүүрс, ус, хүнс хүргэх ажлын баг байгуулан ажиллаж эхэллээ. Иргэд аймгийн эрүүл мэндийн газарт хүсэлтээ гарган сайн дураараа шинжилгээнд хамрагдаж байна” гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж