Covid-19 цар тахал дэлхий дахинд дэгдсэн үеэс монголчууд гар хумхин суусангүй, хүнд хэцүү цаг тулгарахад бэлтгэл хангасан байх ёстой гэж үзэн, Улсын онцгой комисс (УОК)-т хандив өргөсөн ч өнөөдөр түүнээсээ зарцуулах мөнгөн хөрөнгөгүй болж, данс нь улайжээ.
Уг нь хандиваар 800 хонь цугласан тухай мэдээлж байсан ч дотоодод цар тахал дэгдэхээс өмнө бүгдийг төхөөрч идээд дууссан бололтой, нийт цугласан 7.8 тэрбум төгрөгийн хандиваас одоо 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материал үлдсэн гэдэг тайлбарыг Шадар сайд хийлээ.
УОК-ын нэр дээр нээсэн хандивын дансанд өнгөрсөн хугацаанд нийт 291 аж ахуй нэгж, байгууллага, 257 иргэнээс 3.5 тэрбум төгрөг бэлнээр, 212 аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс 4.3 тэрбум төгрөгийн бараа материал, нийт 7.8 тэрбум төгрөгийн хандив цуглажээ. Үүнээс 6.6 тэрбум төгрөгийн хандив нь зарцуулагдсанаар үлдэгдэл нь 1.2 тэрбум төгрөг болж буй аж.
Мөн хамгийн өндөр буюу нэг тэрбум төгрөгийн хандивыг Франц улсын “Орано Майнинг” компани УОК-т өгч байсан бол монголчуудын халуун сэтгэл шингэсэн хандивлагчийн хамгийн отгон нь найман настай А.Энххүслэн, арван настай Н.Содбилэг нар болсон юм.
Онцгой байдлын ерөнхий газрын Шилэн дансыг “ухаж” хандивыг ямар зүйлд зарцуулсан талаарх тайланг сөхвөл нийт 13 багц ажилд 3.5 тэрбум төгрөгийг зарцуулсан тухай тайлагнажээ.
- “Бөртэ” ХХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа оёдлын үйлдвэрүүдээр амны хаалт захиалгаар оёулсан,
- Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хоёр ширхэг амьсгалын аппарат, уушиг орлуулах ECMO аппарат худалдан авахад зориулж,
- Төрийн байгууллагууд болон УОК-ын шуурхай штабт техник хэрэгсэл худалдан авсан,
- Үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, БНХАУ-аас үзүүлж буй тусламжийг хүлээн авах, Мон химо ХХК-ийн гар ариутгагч денарутарын үйлдвэрлэлд шаардагдах нэмэлт бодис, савлагаа, шошгоны зардалд зориулсан,
- “Хурд” хамтлагийн “Буцааж нэхэхгүй хайр” шууд тоглолтыг зохион байгуулахад гарахад зарцуулсан зардалд шилжүүлсэн,
- Голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид төрийн зарим байгууллагын албан хаагчдыд урамшуулал олгоход зарцуулсан,
- Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарласан жолооч, тусгаарлалтын байранд үүрэг гүйцэтгэж буй ажилтны байрны төлбөрт зарцуулсан,
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр,
- Цагдаагийн ерөнхий газар хилийн боомтоор ачаа тээвэр зөөвөрлөсөн зардалд,
- Covid-19 цар тахлын тусгаарлалтын үйл ажиллагаатай холбоотой нэмэлт санхүүжилтийн зардалд,
- Гадаад харилцааны яам хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд гэхчлэн бичжээ.
Гэхдээ нийт зарцуулсан мөнгөний хэмжээг тавьснаас биш амьсгалын аппарат худалдан авахад хэдэн төгрөг зарцуулсан, төрийн албан хаагчдын урамшуулалд хэдэн төгрөг зарцуулсан, ажил үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдын байршуулсан байранд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдэг нарийн мэдээлэл алга. Бүдүүн тоймоор багцлаад зарцуулалтын тайлангаа байршуулжээ.
Нөгөөтэйгүүр, хөндөх ёстой асуудал бол хандивын мөнгө зөв зүйлдээ зарцуулагдаж чадсан уу гэдэг асуудлыг тавих ёстой болж байна.
Учир нь, Covid-19 цар тахал дотоодод дэгдэж, Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймаг голомтын бүс болсон аюултай нөхцөлд халдвар тээгчдийг бүгдийг нийслэл рүү Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү татан авчирч байна.
Хэрэв эрх баригчид нөхцөл байдлыг зөв үнэлж, хойд хөршөөр дамжин халдвар тархах өндөр эрсдэл байгааг тооцоолж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд аль эсвэл Дархан-Уул аймаг дахь салбар лабориторио түшиглээд 50 ортой эмнэлгийг хандивын мөнгөөрөө байгуулчихсан бол эмч, сувилагч, жолооч нарыг эрсдэлд оруулан, хэдэн зуун км зам туулан халдвар тээгчдийг тээвэрлэхгүй л байлаа.
Хэрэв цугларсан хандиваар эмнэлэг барих боломжгүй байсан бол дээр дурдсан аймгуудад нэг байр суллаад халдвар хамгааллын дэглэмийг хангасан тохижилттой болгож, өөрчлөн зохион байгуулж болох хангалттай л хугацаа байсан.
Хятад улс Ухань хотод дэлгэрсэн цар тахлын голомтыг дарахын тулд халдвар тээгчдээ Бээжин хот руугаа тээвэрлээгүй, богино хугацаанд эмнэлэг барьж, өвчтөнүүдээ оруулан, онгоц, онгоцоор нь эмч нараа Уханьд буулгаж, тэмцсэн.
Дэлхийн улс орнууд ч ийм л жишгээр цар тахалтай тэмцэж байна. Харин Монгол нийслэл Улаанбаатар хот руугаа бүгдийг тээвэрлэсээр… Хэрэв нийслэлд нөхцөл байдал хүндэрвэл яах вэ, УОК-ын гишүүд ээ, төлөвлөгөө байна уу.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ