Монгол Улс covid-19-ийн халдварыг дотооддоо алдсанаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд төсвийн үргүй зардлыг тэвчиж, санах ёстойг төрийн байгууллагынханд сануулсан.
Мөн, төрийн байгууллагын дарга нар сахилга дэг журмыг сайтар сахиж, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах ёстойг ч анхааруулсан. Гэвч, үнэндээ төрийн сахилга дэг журмыг зөрчин, дураараа авирлаж, Төсвийн хуулийг зөрчих, түр орлон гүйцэтгэгчид цөөнгүй байгаа бололтой.
Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газрын даргаар түр томилогдоод байгаа Б.Билгүүн УИХ, Засгийн газрыг шийдвэрийг зөрчин, ядарсан төсвөөр тансаглаж байна гэх гомдол, шүүмжлэл гарах болжээ.
Жишээ нь, тэрбээр байгууллагадаа их засвар хийх нэрээр батлагдсан улсын төсвийг 546 сая төгрөгөөр хэтрүүлэн танил компаниудаараа гүйцэтгүүлсэн баримт нотолгоо шилэн дансанд нь үлджээ. 2020 онд тус байгууллагын 1,2 дугаар байрны засварт 550 сая төгрөгөөр зарцуулсан байна. Ингэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, өөрийн танилынхаа “Далуу” компанийг шалгаруулсан байна.
“Далуу” ХХК-аас гадна “Цамхаг өргөө” ХХК, “Зэт ди эн старт энержи “ ХХК гүйцэтгэсэн уг засварын ажлыг гүйцэтгэсэн болохыг шилэн дансны мэдээлэлээс нь харж болно. Эдгээр компаниуд нэгжийн дарга Б.Эрдэнэзул, Д.Бэхбат нартай ашиг сонирхол нэгтэй гэсэн мэдээлэл байна.
Сорьцын хяналтын газрын 95 сая төгрөгийн үнийн дүнтэй алт хайлуулах зуухны тендерт тус газрын дарга Д.Бэхбатын их сургуулийн нэг ангийн найз Г.Зоригоогийн компани шалгарсан нь бас л шилэн дансны баримтаар нотлогдож байна. Б.Билгүүн төсөв хэтрүүлсэн зардлаа аймгуудын хэлтсийн давсан орлогоос нөхөх үүднээс орлогыг нь урьдчилан татаж эхэлсэн байна.
Цар тахлын үед иргэд нь орлогогүй тэг зогсож байхад энэ мэт хурган дарга нарын үйлдлийг зогсоохгүй бол ядарсан улсын төсөв төрийн дарга нарын тансаг хэрэглээг давж гарахад бэрх болно.
Түүнийг Шадар сайд Я.Содбаатар тус газрын үр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны наймдугаар сард энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулахаар томилсон байдаг. Тэгэхээр Шадар сайд Я.Содбаатар гаргуулсан шийдвэрээ эргэж харж, цар тахлаар далимдуулан төрийн мөнгөөр “тансаглах” дарга нартай хариуцлага тооцох нь зөв биз ээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ