Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2020 оны драфтын үйл ажиллагаа өнөөдөр/2020.11.19/ явагдаж байна. Дэлхийн сагсан бөмбөгийн ирээдүй болсон залуус мэргэжлийн түвшинд ийнхүү хөл тавьж эхэллээ.
НЭМЭЛТ: 10.15
2020 оны драфтын зургадугаар сонголтоор Атланта Хавкс баг Өмнөд Калифорниагийн их сургуулийн жижиг довтлогч Оньека Оконгвуг сонголоо. Тэрбээр өнгөрсөн улирал коллежийн сагсан бөмбөгт 16.2 оноо, 8.6 самбараас бөмбөг авалт, 2.7 хаалт дунджилжээ. Ирэх сар 20 нас хүрэх түүний хувьд ахлах сургуульдаа Боллын ах дүүс болох Лонзо, Ламело, Ли’Анжело нартай хамт тоглож, мужийнхаа аварга болж байсан гэнэ. Мөн тэрбээр драфтын үеэр таалал төгссөн ахаа дурсчээ.
2020 оны драфтын долдугаар сонголтоор Детройт Пистонс баг 19 настай Франц залуу Киллиан Хейсийг сонголоо. Тэрбээр өнгөрсөн улирал Германы Улм багт хүчин зүтгэж, 12.8 оноо, 6.2 ашигтай дамжуулалт дунджилжээ.
2020 оны драфтын наймдугаар сонголтоор Нью Йорк Никс баг Дэйтон их сургуулийн хүчний довтлогч Оби Топпинг сонголоо. Өдгөө 22 настай, хүчтэй тохолтуудаараа алдартай Оби Топпин өнгөрсөн улирал коллежийн сагсан бөмбөгт 20 оноо, 7.5 самбараас бөмбөг авалт, 1.2 хаалт дунджилжээ.
2020 оны драфтын есдүгээр сонголтоор Вашингтон Уизардс баг 19 настай Израил залуу Дени Авдияаг сонголоо. Дени Авдияа өнгөрсөн улирал нутгийнхаа Маккаби Тел Авив багт тогложээ. Мөн тэрбээр 2019 онд зохион байгуулагдсан 20 хүртэлх насны сагсан бөмбөгийн ДАШТ-д түрүүлж, тус тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор нэрлэгдэж байсан аж.
2020 оны драфтын аравдугаар сонголтоор Финикс Санс баг Мэрилендын их сургуулийн хүчний довтлогч Жэйлон Смитийг сонголоо. Өдгөө 20 настай тэрбээр өнгөрсөн улирал коллежийн сагсан бөмбөгт 15.5 оноо, 10.5 самбараас бөмбөг авалт, 2.4 хаалт дунджилжээ.
2011 оны драфтын 11 дэх сонголтоор Сан Антонио Спурс баг Флоридагийн их сургуулийн Дэвин Васселыг сонголоо. Өдгөө 20 настай өнгөрсөн улирал 12.7 оноо дунджилсан түүнийг мэргэжилтнүүд NBA-ийн супер од Энтони Дэвистай харьцуулжээ.
NBA: ЭНТОНИ ЭДВАРДС ТЭРГҮҮН СОНГОЛТ БОЛЖ, ЛАМЕЛО БОЛЛ ЧИКАГО РУУ ЯВЛАА
2020 оны драфтын нэгдүгээр сонголтоор Миннесота Тимберуолвес баг Жоржиагийн их сургуулийн хамгаалан тоглогч Энтони Эдвардсыг сонголоо. Өдгөө 19 настай түүний хувьд өнгөрсөн улирал коллежийн сагсан бөмбөгт 19.1 оноо, 5.2 самбараас бөмбөг авалт, 2.8 ашигтай дамжуулалт дунджилжээ. Тэрбээр драфтын өдөр хорт хавдрын улмаас таалал төгссөн ээж болон эмээгээ дурсчээ.
2020 оны драфтын хоёрдугаар сонголтоор Голден Стэйт Уорриорс баг Мемфисийн их сургуулийн Жэймс Уайсменийг сонголоо. 19 настай төвийн байрлалд тоглодог түүний хувьд өнгөрсөн улирал коллежийн сагсан бөмбөгт 19.7 оноо, 10.3 самбараас бөмбөг авалт, 3.0 хаалт дунджилжээ. Түүний их сургуулийн сагсан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагчаар цагтаа NBA-ийн од явсан Пенни Хардавэй ажиллаж байжээ.
2020 оны драфтын гуравдугаар сонголтоор Шарлотт Хорнетс баг Чино Хиллс ахлах сургуулийн холбон тоглогч Ламело Боллыг сонголоо. 19 настай Ламело Болл өнгөрсөн улирал Австралийн сагсан бөмбөгийн лигийн Иллавара Хавкс багт хүчин зүтгэн 17.0 оноо, 7.4 самбараас бөмбөг авалт, 6.8 ашигтай дамжуулалт дунджилжээ. Түүний том ах болох Лонзо Болл 2017 оны драфтын хоёрдугаар сонголтоор Лос Анжелес Лэйкерс багт сонгогдож байсан билээ. Мөн тэрбээр саяхан спортын хувцас хэрэглэлийн Пума брендтэй гэрээ байгуулсан.
2020 оны драфтын дөрөвдүгээр сонголтоор Чикаго Буллс баг Флоридагийн их сургуулийн Патрик Уиллиамсыг сонголоо. 19 настай жижиг довтлогчийн байрлалд тоглодог Патрик Уиллиамс өнгөрсөн улирал коллежийн сагсан бөмбөгт сэлгээнээс тоглон 9.2 оноо, 4.0 самбараас бөмбөг авалт дунджилжээ. Тэрбээр өнгөрсөн улирал АСС дивизоны "Шилдэг зургаадахь тоглогч" болж байжээ.
2020 оны драфтын тавдугаар сонголтоор Кливленд Кавальерс баг Аубурны их сургуулийн Исаак Окорог сонголоо. 19 настай, жижиг довтлогчийн байрлалд тоглодог тэрбээр өнгөрсөн улирал коллежийн сагсан бөмбөгт 12.9 оноо, 4.4 самбараас бөмбөг авалт дунджилжээ. Мэргэжилтнүүд түүнийг энэхүү драфтын ангийн хамгийн шилдэг хамгаалагч гэж үнэлж байна.
Холбоотой мэдээ