АНУ-д covid-19 цар тахал хяналтаас гарч, хоногт л 160 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Тус улсад цар тахал эхэлснээс хойш буюу нэг жил хүрэхгүй хугацаанд 256 мянган хүн уг халдварын улмаас хорвоог орхисон байна. Энэ нь тус улсад автомашины ослоор нас бардаг хүний тооноос даруй 10 дахин их байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Тус улсад цар тахалд хамгийн их нэрвэгдэж буй газар бол Нью-Йорк. Нью-Йорк хот өнөөдөр /2020.11.19/-өөс бүх шатны сургуулиудаа түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ.
Ингэснээр 300 мянган сурагч хичээлдээ явах боломжгүй болж байна. Энэ хотод 35 мянган хүн covid-19 өвчний улмаас нас бараад байгаа бөгөөд одоо тахлын шинэ давалгаа хотыг нөмөрч байна гэж хотын удирдлагууд үзжээ. Өнгөрсөн долоо хоногт тус хотод баар, ресторануудыг 22.00 цаг хүртэл ажиллуулах, гэртээ 10-аас дээш хүн цуглуулахгүй байх шийддвэрийг гаргасан юм.
АНУ-д авто ослоор жилдээ дунджаар 24 мянган хүн нас бардаг бол томуу, томуу төст өвчнөөр жилд дунджаар 42 мянган хүн хорвоог орхидог байна. Мөн амиа хорлолт жилд 45 мянга орчим бүртгэгддэг бол зүрх судасны өвчнөөр жилд 650 мянга орчим хүн нас бардаг ажээ. Түүнчлэн хорт хавдар бол тус улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд жилд 612 мянга орчим хүн ийм шалтгаанаар нас бардаг. Харин өдгөө covid-19 өвчин тус улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байгаа нь энэ юм. АНУ-д covid-19-өөс үүдсэн нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж, хоногт 1800 гаруй хүнээ энэ өвчнөөр алдаж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ