Бүх насаараа Оросыг захирах Путины "мастер төлөвлөгөө" урагшилсаар

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

Бүх насаараа Оросыг захирах Путины "мастер төлөвлөгөө" урагшилсаар

Бүх насаараа Оросыг захирах Путины "мастер төлөвлөгөө" урагшилсаар

ОХУ-ын төрийн Дум өчигдөр /2020.11.18/ тус улсын үе үеийн Ерөнхийлөгч нарыг насаар нь парламентын дээд танхимын гишүүн болгох хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг дэмжжээ. Уг хуульд,

  • ОХУ-ын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаа дууссаны дараа автоматаар парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн гишүүн болж, насан туршдаа уг албыг хаших
  • Өөрийн сонгосон 30 хүртэл тооны хүнийг зургаан жилийн хугацаатай Холбооны зөвлөлийн гишүүнээр томилох
  • Заримыг нь өөртэйгээ адилхан насан туршийн гишүүнээр томилох эрхтэй байх
  • Тус улсын Ерөнхийлөгч нар албан тушаалаасаа өмнө гэмт хэрэг үйлдсэн бол үүнийг сөхөж шалгахгүй байх халдашгүй эрхтэй болох

Хэрэв энэ хууль хүчин төгөлдөр болбол Ерөнхийлөгч Владимир Путин, экс Ерөнхийлөгч Дмитрий Медведев нарт үйлчлэх боломжтой байгаа билээ.  Учир нь энэ хууль хуучин ЗХУ-ын Ерөнхийлөгч нарт хамаарахгүй юм.

Үүнээс өмнө Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар улсаа 2036 он хүртэл удирдах боломжийг бий болгосон. Ард иргэдийнхээ дунд зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний өдөр хүртэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал асуулга явуулсан ба иргэдийн 78 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн гэсэн дүн гарсан юм. Уг нь энэхүү санал асуулгыг дөрөвдүгээр сард зохион байгуулах байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хойшилсон билээ.

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал ард нийтийн дэмжлэгийг авснаар Путин 83 нас хүртлээ тус улсыг удирдах эрх нь нээгдсэн юм. Учир нь нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч Владимир Путины бүрэн эрхийн хугацааг тэглэх тухай заалт орсон байв.

Түүхэн дэх хамгийн олон жил төр барьсан тэргүүнүүдийн тоонд зүй ёсоор багтаад буй Путин нь өдгөө 20 гаруй жил Орос улсыг удирдаж байна. Хэрэв тэр 2024, 2030 оны сонгуулиудад дахин өрсөлдөж ялалт байгуулбал Зөвлөлтийн үеийн удирдагч Сталин, Хаант Оросын эзэн хаан Пётрийн амжилтыг эвдэн улсаа хамгийн удаан удирдсан удирдагч болох юм. Ямар нэг аргаар эрх мэдлээ хэвээр хадгалсаар байгаа түүний арга барилыг дэлхий дахинд путинизм хэмээн нэрлэж, Орос улсыг орчин цагийн хаант засаглалын жишээ хэмээн тодорхойлж байна.

Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон албан тушаалаа хашиж байхдаа Их Британийг Европын холбоонд элсүүлэх талаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулгыг бүх ард иргэдийнхээ дунд зохион байгуулж байв. Тэр үүнийг заавал ард иргэдээсээ асуух шаардлагагүй байсан бөгөөд энэ бол зүгээр л улс төрийн шахалт шаардлагаар тавигдсан тавилттай жүжиг байсан. Путины дээрх алхам үүнтэй адил бэлгэ тэмдэг төдий санал асуулга байсан гэж шинжээчид үздэг.

Дэлхий дээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарласан үндсэн хуулийн заалтыг үгүй хийсэн цорын ганц улс нь ОХУ биш юм. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудаас гадна сүүлийн жилүүдэд Африкийн улсуудад ч ийм үзэгдэл ихээхэн ажиглагдах болжээ. Путинээс өмнө олон арван төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ хугацааг ямар нэгэн аргаар уртасгаж байв. Тэдний зарим нь өнөөг хүртэл улс орноо удирдсаар байгаа бол зарим нь албан тушаалаа хашиж байхдаа хорвоог орхиж, заримыг хүчээр суудлаас нь буулгасан байдаг.

ОХУ-ын хувьд ойрын 15 жил "нэг хүний ​​засаглал" дор байх нь бараг тодорхой болжээ. Хэдийгээр ардчилсан дүр төрхтэй ч гэсэн Путин “мөнхийн удирдагч” хэвээр байна гэсэн үг. Орчин үеийн Орос улсад ардчилал бэлгэ тэмдэг төдий зүйл болж, улам бүдгэрсээр байгаа гэж шинжээчид дүгнэдэг. Тус улсын улс төрийн түүхэн дэх ардчилалд хамгийн ойр үе бол яах аргагүй Борис Ельцин засгийн эрхэнд байх 1990-ээд он байв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж