Цар тахлын бэлэн байдалд 1368 резидент эмч дайчлагдана

Хуучирсан мэдээ: 2020.11.19-нд нийтлэгдсэн

Цар тахлын бэлэн байдалд 1368 резидент эмч дайчлагдана

Цар тахлын бэлэн байдалд 1368 резидент эмч дайчлагдана

Монгол Улс Covid-19-ийн халдварыг дотооддоо алдаж халдвар авсан хүний тоо 48 болж, нийт батлагдсан тохиолдол 473 болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж буй энэ үед хэчнээн резидент эмч ажиллах бэлэн байдлыг хангаж байгаа талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын ахлах мэргэжилтэн П.Эрхэмбаяраас тодрууллаа.


-Одоогийн байдлаар хэчнээн резидент эмч тусгаарлан ажиглах байранд ажиллаж байна. Цаашид дотоодын халдвар нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрвэл хэчнээн эмч дайчлагдахад бэлэн байна вэ?

-Резидент эмч нар зөвхөн тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа. Резидент эмч нар маань үндсэн мэргэжлээ эзэмшээгүй, суралцаж байгаа ч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, анагаахын сургуулийг зургаан жил сурч төгссөн хүний их эмч нар юм. Одоогийн байдлаар нийт 30 тусгаарлан ажиглах байранд 56 резидент эмч ажиллаж байна.

Улсын хэмжээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС / болон Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй нийт 2022 резидент эмчийн судалгаа бий. Эдгээрээс өчигдрийн байдлаар /2020.11.17/ халдварын голомтод дайчлагдах боломжтой 1368 эмч байна. Бусад резидент эмч нь сургуулиасаа жилийн чөлөө авсан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй гэх мэт шалтгаантай байгаа.

-Цар тахлын нөхцөлд халдвараас хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдаж байгаа юу?

-Бид дэлхий даяар цар тахал гарсан цагаас л резидент эмч нарын судалгааг хийж, голомтод дайчилж байгаа. Өнгөрсөн аравдугаар сард нэгдүгээр дамжааны оюутнуудын элсэлтийг хийсэн. Одоо Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс бүх резидент эмч нартаа зориулж, таван чиглэлийн цахим хичээлийг бэлтгэж, вэб сайтдаа байршуулсан. Үүний дагуу эмч оюутнууд маань цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын сургалтад хамрагдаж, багш нарыг урилгаар авч, ирж заалгаж байгаа.

Цахим хичээлд цар тахлын шинж тэмдэг, эмнэл зүйн шинж тэмдэг ямар байх вэ, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих вэ, тусгай хамгаалалтын хувцсаа яаж тайлж, өөрийгөө хамгаалах вэ, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ, хүүхдийн эрэмбэлэн ангилалт гэж юу вэ гэсэн шаардлагатай таван хичээлийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран цахим хичээл зааж байгаа.

Өөрөөр хэлбэл, резидент эмч нар 2020 оны эхнээс л цар тахлын сургалтад хамрагдаж, тусгаарлан ажиглах байранд ажиллах болгонд арга зүйгээр хангаж, цахим хичээл, мэргэжлийн байгууллагатай хамтран сургалтад хамруулдаг. Одоо тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй резидент эмч нар хамгийн багадаа хоёр, хамгийн ихдээ дөрвөн удаа ажиллаад байна.

-Голомтод буюу ХӨСҮТ-д ажиллаж буй эмч, сувилагч нарт хэдэн удаагийн сургалтыг хийсэн бэ?

-ХӨСҮТ-өөс энэ талаарх мэдээллээ Эрүүл мэндийн яам руу шууд өгдөг. Мэргэжлийн байгууллагын зарим мэдээ мэдээлэл нууцлалын зэрэглэлтэй байдаг юм. Манай төв дээр энэ талаарх мэдээлэл ирдэггүй.

-Тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа резидент эмч нарын цалинг хэрхэн олгож байгаа вэ?

-Орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудын захиалгаар эмч мэргэжлээр суралцаж буй оюутны сургалтын төлбөрийг 2015 онд батлагдсан Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар төрөөс дааж, сард 300 мянган  төгрөгийн тэтгэлэг олгодог. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хүний нөөцийг хангахын тулд сургадаг журамтай. Хувийн зардлаар сурч байгаа оюутнууд сургалтын төлбөрөө өөрөө төлж, тэтгэлэг авдаггүй. Одоо Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу резидент эмч нарыг цалингийн жишигт оруулж, цалинжуулах хууль 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.

Одоо цар тахлын нөхцөл байдалд ажиллаж буй резидент эмч нарт Шуурхай штаб, Эрүүл мэндийн яамнаас хуваарилсан ажиллах хугацааны 500 мянган төгрөгийг Эрүүл мэндийн хөгжлийн төв хуваарилалт хийж байгаа. Манай төвөөс сар бүр данс руу шилжүүлдэг.

2200 ЭМЧ БЭЛТГЭСНИЙ 800 ОРЧИМ НЬ СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР ТӨГСДӨГ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эмнэлгийн хамгаалах хэрэгслийн гурван сарын нөөцтэй” гэдгийг өчигдөр мэдээлсэн. Мөн тэрбээр “Бидний судалгаагаар хүн амын нэг хувь халдварт өртөхөд 2500-3000 ор шаардлагатай. Харин өнгөрсөн хугацаанд бид улсын хэмжээнд нийт 4500 орны төлөвлөлтийг гаргасан” гэсэн юм.

Манай улсад Анагаах ухааны боловсрол олгодог 10 их, дээд сургууль 2200 орчим эмч бэлтгэн гаргаж байна. Үүний 800 орчим сувилагч мэргэжлээр төгсөж байна. Өнөөдөр сувилагчийн орон тоо бүх салбарт дутагдалтай байна. Гэтэл лицензтэй 18504 эмч нар байгаагаас 11788 нь хувийн болон улсын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, 6716 нь эмч мэргэжлээрээ ажиллахгүй буюу илүүдэлтэй байна гэсэн судалгаа гарчээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс сувилагчийн орон тоо улсын хэмжээнд хэчнээн байдгийг тодруулах гэсэн боловч тус төвөөс явуулдаг нарийн мэргэжлийн сургалтад одоогийн байдлаар улсын хэмжээнд 624 сувилагч хамрагдсан. Сувилагчийн орон тоо угаасаа дутагдалтай байгаа гэдгийг холбогдох мэргэжилтэн нь хэлсэн юм.   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж