Улсын хэмжээнд Нийслэл болон Сэлэнгэ, Дархан-Уул, Говь-Сүмбэр аймаг гэсэн дөрвөн бүсэд халдварын голомт илэрч, дотоодын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Анх 21 хоногийн дэглэмээсээ гарсан жолооч Д болон түүний эхнэрээс covid-19-ийн халдвар илэрсэн. Иргэд Д нь эхнэр, дүүгийн хамт олон нийтийн газраар явж, урлагийн тоглолт үзсэн.
Тэгвэл Дархан-Уул аймагт шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэн мөн л олон хөлийн газраар явж, төрсөн өдрөө тэмдэглэсэн гэх мэдээлэл байгаа юм. Үүнээс гадна тус аймагт төмөр замын урлаг, спортын арга хэмжээ болж, олон хүний бөөгнөрөл үүссэн өнөөдөр том эрсдэл дагуулаад байгаа.
Эдгээр халдварын тархалт өөр хоорондоо хамаатай байх юу, эсвэл өөр эх үүсвэртэй юу гэдгийг олж мэдэхээр тандалт судалгаа хийж байна.
COVID-19 ХАЛДВАРЫГ ЭНХСАРАН СУВИЛЛААС АЛДСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ
Улаанбаатарт энэ сарын 10-нд халдварын анхны тохиолдол болж бүртгэгдсэн жолоочийн хувьд "Энхсаран" сувиллаас халдвар авсан байх магадлал өндөр байгаа юм. Түүний гэр бүлийн гишүүд, тэднээс халдварласан хоёр оюутан Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж буй.
Халдвартай гэдгээ мэдээгүй жолооч гэр бүлийн гишүүдийн хамт энэ сарын 8-нд “Улаанбаатар палас”-т "Хархан нүдэн" тоглолт үзсэн байдаг.
Халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг илрүүлэх, шинжилгээ авах тандалт судалгаа үргэлжилж буй.
Гэвч зарим иргэд хойрго хандаж эрсдэлийг нэмэгдүүлж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцолсон. Түүний хэлснээр Соёлын төв өргөөнд энэ сарын 8-нд “Эмоци” продакшны тоглолт үзсэн хүмүүс ойрын хавьтал байх магадлалтай байхад зарим нь үл ойшоож шинжилгээ өгөхөөс татгалзах тохиолдол гарчээ. Иймд тоглолт үзсэн хүмүүс яаралтай шинжилгээ өгөхийг дахин сануулсныг анхаарахад илүүдэхгүй биз ээ.
Халдварын хүрээг хумих зорилгоор нийслэлд хөл хорио тогтоогоод буй. Гэвч үүргээ ухамсарлахаас илүү амин хувийн эрх ашгаа бодсон иргэд хөл хорионы дэглэмийг зөрчиж, халдвар тархах эрсдэл дагуулсан цөөнгүй тохиолдол ч өнгөрсөн өдрүүдэд гарлаа.
Иймд өнөөдрийн нөхцөлд өөрийгөө болон хайртай бүхнээ хамгаалах хамгийн найдвартай арга нь гэртээ байх.
Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэрт өвчлөл кластерт хэлбэрээр бүртгэгдсэн байна. Өвчлөл багц хэлбэрээр бүртгэгдсэн тохиолдол бид бүгд covid-19 халдвар авах эрсдэлтэй. Иймд хүн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Халдвар тархах эрсдэлтэй үед иргэд гэртээ байх, гэртээ хүн хоорондын зай барих шаардлага гарч байхад эсрэгээр нь гадуур явах, машинтай зорчих зэрэг зохисгүй үйлдлүүд гарлаа. Тиймээс халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга нь гэртээ байх юм” гэдгийг сануулсан.
Хөл хорионы хугацаанд монголчууд нийтээрээ сахилга баттай байж чадвал аюулт өвчнийг хохирол багатай даван туулж чадна. Гэрээсээ хурдан гаръя гэвэл гэртээ бай. Хэрэвзээ муугаар бодоход нөхцөл байдал хүндэрвэл бусад улс орнуудын адил олон зуун хүнээ алдаж болзошгүй.
УРЛАГ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ, СПОРТ ЦУГЛААН ДАРХАНД "ГАЙ" ТАРИВ
Үзвэр, үйлчилгээг эргэн сэргээсэн нь халдвар тархах эрсдэл үүсгэсэн. Дархан-Уул аймаг хатуу хөл хорионд орсон нь мөн л үүнтэй холбоотой. Тус аймагт халдвар илрүүлэлт, шинжилгээ, тусгаарлалт, хөл хорионы арга хэмжээг зохион байгуулах шуурхай ажлын хэсгийг удирдаж буй Ж.Энхбаярын мэдээлснээр төмөр замын байгууллагын соёл болоод спортын арга хэмжээ зохион байгуулагдсан нь халдварын голомт болоход нөлөөлсөн бололтой.
Дарханд энэ сарын 17-нд covid-19 халдварын нэг тохиолдол батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл найман тохиолдол бүртгэгдээд байна. Мөн дөрвөн хүнийг сэжиглэн тусгаарлажээ. Түүнчлэн халдвартай иргэн олон нийтийн газраар явж, төрсөн өдрөө тэмдэглэсэн байна.
Тус аймагт тархсан халдварын голомт нь төмөр зам дагасан байх магадлалтайг аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн. Тус комиссын өчигдрийн /2020.11.18/ мэдээллээр Дархан хотын төмөр замын системийн спортын болон ур чадварын тэмцээнүүдэд 445 алба хаагч тус хотод очиж оролцсон нь халдварын эрсдэл дагуулжээ. Тус хотод гурван хоног урлаг соёл, спортын арга хэмжээ болж найрласан ажээ. Энэ нь халдвар тархах эрсдэл дагуулсан бололтой.
ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ ТӨМӨР ЗАМ ДАГАЖ БАЙГАА Ч ОЙРЫН ХАВЬТЛУУДААС ИЛЭРЧ БАЙНА
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 13-нд 74 настай малчнаас covid-19 халдвар илэрсэн. Үүнээс хойш тус аймгийн хэмжээнд нийт 23 тохиолдол бүртгэгдээд байна. Тус аймагт мөн төмөр зам дагасан халдвар голомтлон гарсан байж болзошгүй гэх таамаглалыг мэргэжилтнүүд дэвшүүлж байгаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сэлэнгэ аймгийг дагаад төмөр зам дагасан халдварын багц тохиолдол тархах магадлалтай. Улаанбаатар хотын анхны багц тохиолдол мөн ТИР машины жолоочоос улбаатай” хэмээсэн билээ. Тэгвэл хамгийн сүүлд Говьсүмбэр аймагт халдварын нэг тохиолдол өчигдөр /2020.11.18/ бүртгэгдэж, голомтын бүс болоод буй.
Халдвар анх тархсан шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд судалж байгаа юм. Түүнчлэн Орхон аймагт хүнсний захаас бусад үйлчилгээг гурав хоног зогсоогоод байна. Хэдийгээр өвчлөлийн голомт төмөр зам дагаж бүртгэгдэж байгаа ч covid-19 халдвар ойрын хавьтлуудаас илэрч буйг ХӨСҮТ-өөс онцолсон.
Иймд иргэд цар тахлын аюул хэдийд ч гамшиг дагуулж мэдэх энэ үед хүн бүр үүргээ ухамсарлаж, хатуу хөл хорионы дэглэмийг сахилга баттай, төр нь зөв менежменттэй, шуурхай ажиллаж байж даван туулах нь чухал байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ