Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд өчигдөр /2020.11.18/ Токио хотын Рёогокү кокүгикан ордонд явагдлаа.Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрчээ. Энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдахгүй болсон.
Башёгийн 11 дэх өдөр одоогоор ганц өндөр цолтой бөх болж үлдээд буй озэки Такакэйшо маэгаширагийн тавд эрэмбэтэй Котошохотой тааран барилдаж, ээлжит даваагаа авлаа. Тэрбээр 10 даваа, нэг унаатай башёг Шиманоүмигийн хамтаар тэргүүлж байгаа бол тэдний араас Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, Рюүдэн нар удаалж байна.
Комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн тавд эрэмбэтэй Мёогирюүтай тааран барилдаж, ес дэх даваагаа авав. Тэрбээр есөн даваа, хоёр унаатай яваа бол Тамаваши Мөнх-Оргил Дайэйшод өвдөг шороодож, зургаан даваа, таван унаатай явна.
Харин Ичиножо Ичинноров Ютакаяамаг давсан бол Хошорюү Бямбасүрэн башёг тэргүүлэгч Шиманоүмид, Кирибаяама Лхагвасүрэн Точиношинд тус тус өвдөг шороодов. Кирибаяама Лхагвасүрэн нэг даваа, 10 унаатай, Ичиножо Ичинноров дөрвөн даваа, долоон унаатай, Хошорюү Бямбасүрэн зургаан даваа, таван унаатай байна.
Холбоотой мэдээ