Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш цагдаагийн байгууллагад ирэх гэмт хэрэг, зөрчил, гомдлын тоо болон нийслэлийн онцгой байдлын ерөнхий газарт ирэх гал түймрийн дуудлага эрс багасчээ. Цагдаагийн ерөнхий газрын гаргасан судалгаагаар бэлэн байдалд шилжсэн эхний таван хоногт цагдаагийн байгууллагад ирсэн гомдол, мэдээллийн тоо өмнөх таван хоногтойгоо харьцуулахад эрc буурсан үзүүлэлттэй байна.
Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 5-наас 10-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийтдээ 10798 гомдол мэдээлэл ирж байсан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойшхи эхний тав хоногт буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ноос 16-ны өдрүүдэд нийтдээ 3891 гомдол мэдээлэл ирж, өмнөх үеэсээ 63 хувиар буурчээ. Үүнээс гадна зөрчлийн шинжтэй дуудлага 67 хувиар, гэмт хэргийн шинжтэй дуудлага 55 хувиар, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 67 хувиар, эрүүлжүүлсэн байдал 77 хувиар, согтуугаар автомашин жолоодсон тохиолдол 84 хувиар тус тус буурчээ.
Харин архи согтууруулах ундаа дамлан худалдаалах тохиолдол эрс нэмэгдэж байгаа аж. Өчигдөр/2020.11.18/ л гэхэд цагдаагийн байгууллага Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт шалгалтын ажиллагаа явуулан 16 лааз пиво, 77 шил архийг цахим хуудас болон автомашинаасаа худалдан борлуулах гэж байсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоожээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйл “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын мөн оны А/1472 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах архи, согтууруулах ундаа худалдан борлуулж буй иргэн, аж ахуйн нэгжийг илрүүлж, хуулийн хариуцлага тооцох зорилгоор "Шалгалт" хэсэгчилсэн арга хэмжээг 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхэлсэн гэнэ.
Гал түймрийн дуудлагын хувьд мөн багасчээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээс өмнө нийслэлийн онцгой байдлын ерөнхий газарт өдөрт ахуйн 10-20 гал түймрийн дуудлага ирдэг байсан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэнээс хойш өдөрт 3-5 дуудлага ирж байгаа гэнэ. “Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг аж.
Холбоотой мэдээ