Хөл хорионы дэглэмийн үед сэтгэл зүйгээ хэрхэн тайван байлгах талаар "Отгонтэнгэр" их сургуулийн сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Доктор (Ph.D) Б.Энхбаяртай ярилцлаа.
-Шинэ сорилт, ойлгомжгүй асуудал бэрхшээлийн хувьд хүн болгоны сэтгэлийг түгшээх, айдас төрүүлэх, тааламжгүй мэдрэмж үүсгэх нь жам ёсны үзэгдэл гэдэг. Тэгвэл Covid-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй хөл хорионы дэглэм нь хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Ер нь хүнд үүсч буй айдас түгшүүр нь нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалах, арга хэмжээ авахад чиглүүлсэн сэтгэл зүйн хариу үйлдэл гэж хэлж болно. Тиймээс хүмүүс айдас түгшүүр үүсэхийг хэвийн бус байдал гэж хүлээж авахгүй байх нь чухал. Ингэснээр айдас түгшүүрээ удирдан зохицуулах сэтгэл зүйн нөхцөл бүрдэх юм. Хүн гэх амьтан үүсэн бий болсон цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл тодорхой шинэ орчин нөхцөлүүдэд дасан зохицож тэрхүү шинэ орчиндоо нийцсэн боловсронгуй хариу үйлдлүүдийг эзэмшиж ирсэн.
Харин цар тахал бол бидний өмнө үүсээд буй шинэ нөхцөл юм. Үүнд эхэндээ бид таагүй байдалтай хандаж байгаа ч аажимдаа энэ нь сэтгэл зүйн хувьд танил нөхцөл буюу хэвийн байдлаар хариу үйлдэл үзүүлэх хэмжээнд очно.
Өөрөөр хэлбэл, бид өнгөрсөн нэгдүгээр сарын хөл хорионы үед чухам яах ёстойг мэдэлгүй сандарч байсан бол өнөөдөр харьцангуй сэтгэл зүйн хүндрэл бэрхшээлийг даван туулах чадвар нь сайжирсан байгааг ард иргэдийн хөл хорионы дэглэмийг хүлээн зөвшөөрч буй хандлагаас харж болно. Гэхдээ мэдээж хэрэг сэтгэл зүйн хувьд тун таагүй уур амьсгал зонхилж байгаа нь мэдрэгдэж байна. Энэхүү хөл хорионы нөхцөл байдлаас үүдэж хүнд хэд, хэдэн төрлийн айдас түгшүүр үүсч буйг эрдэмтэд онцолж байна.
Тухайлбал, тодорхойгүй байдлаас үүдэх айдас, бэлэн биш байдлын айдас, цар тахлын аюул заналхийлж буйг мэдрэх ерөнхий айдас, цаашид яах бол гэх болгоомжлолоос үүдсэн төсөөлөх айдас, санхүүгийн айдас, амьдралын хэв маяг өөрийн санаснаар зохицуулагдахгүй байх айдас зэргүүд хүчтэй илэрч байгаа юм.
Жишээ нь, тодорхойгүй байдлын айдас нь цаашид энэ байдал хэр удаан үргэлжлэх, ажил амьдрал нь хэрхэх, төр засгаас ямар шийдвэр гаргах зэрэгтэй холбоотой хувь хүн өөрөө бие даан шийдвэрлэх боломжгүй, цаг үе нөхцөл байдлаас шалтгаалах хувь заяаны асуудлаас шалтгаална гэсэн үг. Эдгээрээс төсөөллийн айдас буюу өвчин эмгэг тусах, цаашид нөхцөл байдал улам хүндэрч буй мэт төсөөлөл нь таны асуудлыг бодитоор хүлээн авах, зөв шийдвэр гаргахад хүчтэй сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Мөн бэлэн биш байдлын айдаст хэт автвал хоол хүнсээ ихээр цуглуулах, дэлгүүрийн лангууг хоослох зэрэг асуудал үүсдэг. Энэ нь оюун ухаан, ухамсраар зохицуулагдахаас илүүтэй хүний суурь хэрэгцээгээ хангах төрөлхийн зөн билгээр зохицуулагддаг.
-Гэхдээ л олон нийт багагүй бухимдалтай, стресстэй байна л даа?
-Эхэндээ хүмүүс маск зүүхээс дургүйцэх, мартах, хайнга хандах зэрэг үйлдлүүд ажиглагдаж байсан. Харин өнөөдөр харьцангуй сайжирч давтамжит, зуршил маягийн үйлдэл болдог.
Цар тахлаас үүдсэн айдас түгшүүр нь хүнд зөв зан үйлийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна гэсэн үг. Энэ нь аажимдаа хэвшил болж эхэлнэ. Харин одоо сэтгэл зүйн асуудлаа хянан зохицуулах байдлыг давтамжит үйлдэл болгох нь л чухал болоод байна.
Өөрөөр хэлбэл, халдварын тохиолдол илрэх бүрт аюул заналхийлэл ойртож байна гэж айдас түгшүүрт автахаас илүүтэй хүнд нөхцөл байдалд үзүүлэх сэтгэл зүйн хариу үйлдлүүдээ улам хүчирхэг болгох шаардлагатай. Тухайлбал, бид дараах сэтгэл зүйн хариу арга хэмжээнүүдийг өөртөө хэрэгжүүлэх хэрэгтэй.
Асуудал, айдас хоёрыг ялгадаг байх. Үүссэн асуудал бүрт санаагаа чилээх хэрэггүй. Учир нь, тэрхүү асуудлыг шийдэхэд та хэр оролцоотой вэ гэдгийг эхлээд бодох хэрэгтэй. Хэрэв таниас шууд шалтгаалахгүй асуудалд санаа зовох нь таны сэтгэл зүйн байдлыг улам л дордуулна. Улмаар энэхүү реакцаа хажуугийн хүмүүстээ илэрхийлбэл бүр ч таагүй. Өөрөөр хэлбэл, ашиггүй түгшүүр, айдсыг үл тоомсорлож орхиж сур. Жишээ нь, төр засгийн бодлого шийдвэрээс шалтгаалах, макро түвшний асуудалд санаа зовох нь таны яг одоогийн байгаа байдлыг аз жаргалгүй болгох бөгөөд итгэлгүй, гутранги сэтгэл зүйг танд бий болгоно гэсэн үг.
Санаа зовинолоо тодорхой цагт хуваарил. Өөрөөр хэлбэл, та бүх л өдрийн турш нэг зүйлд санаа зовох хэрэггүй. Санаа зовинож буй асуудлынхаа тухай төвлөрч бодох тодорхой цагийг өөртөө гарга. Тэр цагтаа өөрийн санаа зовж буй асуудлаа цаасан дээр бич. Харин тэрхүү цаг дуусмагц өөр зүйлд анхаарлаа төвлөрүүл. Илүү сайн сайхан зүйлийг бод, бусадтай хөгжилд, гэр бүлийнхэнтэйгээ ярилц, ажлаа өндөр бүтээмжтэй хий. Тодорхой цагт санаа зовох байдлыг өдөр бүр бий болгож хэрэгжүүлснээр аажимдаа таны санаа зовох асуудал өдрийн хийж буй бүхий л нөхцөлд тань нөлөөлөхөө болино. Өөрөөр хэлбэл, автоматчилагдсан нөхцөлт үйлдэл болж хувирах буюу санаа зовнил таны эрхшээлд орно. Гэхдээ үүнийг цар тахлын иймэрхүү нөхцөлд л хэрэглэх нь тохиромжтой.
- Сошиалд хэрэггүй цагийг бүү үр. Facebook, twitter, instagramm, linkedin зэрэг нийгмийн сүлжээний хэрэгслүүдэд цаг зарцуулахдаа хэрэгтэй, хэрэггүй мэдээллүүдийг шүүлтүүргүйгээр хүлээн авч итгэх, сонирхох байдлаар хандах нь сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс нийгмийн сүлжээнд үр ашиггүйгээр цаг өнгөрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Мөн гар утаснаас хол байж амьд харилцааг илүү чухалчлах хэрэгтэй.
Дасгал хийх. Дасгал хийх нь таны бодол санааг идэвхтэй үйл ажиллагаа руу чиглүүлж өгдөг. Энэ нь сэтгэл зүйн хувьд амралт эсвэл сэргэлт болдог. Өдөрт 20 минут дасгал хийх нь стресс бухимдлыг тайлаад зогсохгүй таны санаа зовнил, айдас, түгшүүрийн энергийг гадагшлуулж, шахан зайлуулдаг.
- Бусадтай харилц. Өөр сэдвийн тухай хэн нэгэнтэй ярилцах нь санаа зовинолыг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, нийгэм олон нийт даяараа зовиниж буй сэдвийн тухай биш бага насны үйл явдал, хөгжилтэй дурсамж, мэргэжил, сонирхлын тухай гээд танд эрч хүч өгөхүйц сэдвийн тухай хажуугийн хүнтэйгээ эсвэл ярилцмаар санагдсан хэн нэгэн рүү утасдаж болох юм.
Гэртээ нэг газраа бүү удаан бай. Гэртээ нэг газраа удаан байх нь таныг ядраах, бухимдуулах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Буйдан дээр өдрийг бардаг бол гутрах, санаа зовинох шалтгаануудын нэг болдог. Тиймээс гэртээ үе, үе байраа сэлгэж бай. Гал тогоо, том өрөө гээд гэрийн өөр, өөр орчнуудад очиж шаардлагатай зүйлсийг хийж бай. Энэ нь таныг идэвхтэй, сэтгэл өөдрөг байхад тустай. Өөрөөр хэлбэл, гэр дотроо сониуч, идэвхтэй бай гэсэн үг.
-Монгол Улс дотооддоо халдварыг алдлаа гэсэн мэдээг сонссон хүн бүр мэдээллийг харилцан адилгүй хүлээн авч эргээд илэрхийлэх үйлдэл нь өөр, өөр. Сэтгэл зүй нь тогтворгүй болсон хүмүүсийн хоол шингэхгүй байх, цусны даралт ихсэх, нойргүйдэх, зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч байгаа гэж дууллаа. Үүнээс харахад хүний бие болоод сэтгэлзүй салшгүй холбоотой гэдэг нь харагдаж байна л даа?
-Товчхондоо сэтгэл зүйн хувьд тэнцвэргүй хүмүүс аливаа зүйлд хэт их зовинох, түгшдэг. Харин сэтгэл хөдлөл нь гадагшаа чиглэсэн хүмүүсийн хувьд өөрийгөө бусдад хүчтэйгээр илэрхийлэх, нөлөөлөх зэрэг үйлдлүүд ажиглагдаж болох талтай. Мөн хүн бүрийн сэтгэл зүйн онцлог хэв шинжүүд харилцан адилгүй өөр байдаг учир үүнийг нэг хэв загварт оруулж, тодорхойлж хэлэхэд бэрхшээлтэй. Мэдээж сэтгэл санааны байдал нь бие организмд нөлөөлдөг. Үүнийг олон улсын судалгааны баримтууд ч харуулдаг.
Сэтгэл зүй бол 100 хувь субъектив шинжтэй асуудал биш. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэц ухамсар бол тодорхой атомуудаас бүрдэж байдаг. Энэхүү атомуудын хариу урвалаас сэтгэл санаа ямар байх нь шалтгаална.
Улмаар бие махбодид органик шинжтэй нөлөө үзүүлнэ. Товчхондоо зүгээр ч нэг хий хоосон сэтгэл зүй хүний бие махбодид нөлөө үзүүлдэггүй. Тэр ч утгаараа өнөөдөр сэтгэл судлалын шинжлэх ухаан нь мэдрэлийн эсийн асуудал судалдаг шинжлэх ухаан болж задарч хөгжих чиг хандлага руу явж байна. Тэгэхээр цар тахлын үеийн сэтгэл зүйн байдлаас шалтгаалж хүний бие организмд өөрчлөлт үүсэх нь яахын аргагүй тулгарах асуудал юм.
Тэр дундаа хүний ходоод, гэдэс, зүрх, элэгний үйл ажиллагаа сэтгэл санаанаас ихээхэн шалтгаалдаг. Таны хэлдгээр даралт ихсэх, хоолны шингэц муудах зэрэг асуудал үүснэ.
Одоо бол нойргүйдэх асуудал хүмүүст ихээхэн тулгарч байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ нь цар тахлын айдас түгшүүрээс гэхээс илүүтэй хөл хорионы үеийн амьдралын хэв маягаас шалтгаалсан нойрны хэмнэл алдагдах асуудал ч байхыг үгүйсгэхгүй. Нойргүйдлээс үүдэн цаашид сэтгэл санаа болон бие махбодийн олон асуудал үүсч болзошгүй учраас дараах хэдэн зөвлөгөөг хүргэе.
Тодорхой цагт унтаж, тодорхой цагт сэрэх нь чухал. Хэрвээ орой болсон ч нойр тань хүрээгүй бол ор луугаа бүү ор. Энэ тохиолдолд ор луугаа орвол бүх л шөнөжин хөрвөөх, элдвийн юм бодох, утсаараа оролдох зэрэг асуудал үүснэ. Тиймээс яг унтах үедээ л ор луугаа орох нь чухал. Өөрөөр хэлбэл, оронд орвол унтана гэсэн механик үйлдлийг тархиндаа бэхжүүлж өгөх хэрэгтэй. Чухамдаа бид орондоо зурагт үзэх, утас оролдох зэрэг үйлдлүүдийг хийгээд байхаар тархи оронд ороод унтах үйлдлийг хүлээж авч бэхжүүлж чаддаггүй гэсэн үг. Түгшүүр ч мөн адил. Та орондоо ороод элдвийг бодож түгшиж, санаа зовиноод байдаг бол ор, нойр, түгшүүр гурав хоорондоо холбогдчихоод унтахгүй байх автомат үйлдэл рүү түлхдэг гэсэн үг. Эцэст нь шөнө сайн унтмаар байвал өдөр нь идэвхтэй байх хэрэгтэй гэдгийг онцолмоор байна.
"ГЭРТЭЭ АЖЛАА ХИЙДЭГ ТОДОРХОЙ ХЭСГИЙГ БИЙ БОЛГОХ НЬ АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ"
–Хөл хорионы өдрүүдэд ихэнх албан байгууллага, компанийн ажилтнууд гэрээсээ ажиллаж байна. Байнгын хөдөлгөөнтэй, олон хүнтэй харилцдаг хүн гэрээсээ ажлаа цахимаар гүйцэтгээд ирэхээр стрессдэх, сэтгэл гутралд орох зэрэг мэдрэмж төрдөг юм байна. Ер нь гэрээсээ ажиллаж байгаа хүмүүс сэтгэл зүйгээ хэрхэн удирдах вэ?
-Гэрийн нөхцөлд ажиллаж сураагүй хүмүүст эхэндээ ажлын бүтээмж муу байх, ажлын байранд ажиллахаас илүү ачаалалтай хүнд хэцүү мэт санагддаг. Хамгийн чухал нь гэртээ албан ажил, гэрийн ажлаа зэрэгцүүлж хийхгүй байх нь чухал.
Тухайлбал, хоолоо хийж байхдаа албаны ажлаа хийх, хүүхдүүдтэйгээ зохицох, тэдэнтэй харилцах үедээ ажиллах зэрэг нь таныг хэт их ачаалалд оруулж, ажлын бүтээмжийг ч бууруулдаг.
Хэдийгээр гэртээ ажиллаж байгаа ч тухайн ажлыг хийж буй цаг дор бүхий л ухамсараа ажилдаа зориул. Хоолоо хийж буй бол зөвхөн түүндээ л анхаарлаа төвлөрүүл гэсэн үг. Ингэснээр ажлын орчин, гэрийн орчин хоёр холилдож таны ажлын бүтээмж болон гэр бүлийн уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлэх нь бага байдаг. Мөн ажлаа хийдэг тодорхой нэг газар, цэгийг бий болгох хэрэгтэй. Тодорхой цэгт ажлаа хийж хэвшвэл гэрээсээ ажиллах ажлын бүтээмж нэмэгдэнэ гэдгийг хэлье. Өмнөх хөл хорио тавигдаад ажилдаа эргэж ирэхэд хүн бүр аз жаргалтайгаар ажлаа эхлүүлж байсан нь шинэ орчинд дасан зохицохтой холбоотой сэтгэл зүйн хямрал үүссэн байсныг харуулж байгаа юм. Энэ удаад ч гэсэн хүмүүс ажил дээрээ ажиллахыг хүсч байгаа нь анзаарагдаж байгаа ч гэрийн нөхцөлд ажиллаж сурах, үүнд дасан зохицох зайлшгүй хэрэгцээ үүсч байна. Ер нь цаашдын чиг хандлага ч тэр цаг хугацаа, орон зай, орчин нөхцөлөөс үл хамаарч суралцах, ажиллах, хөдөлмөрлөх ирээдүй биднийг хүлээж байгаа.
-Уншигчдад зориулаад товчхон зөвлөгөө өгөөч гэвэл?
-Ер нь цар тахал бидэнд таагүй маш олон сөрөг үр дагаврыг авчирсан ч нөгөө талдаа олон боломжийг олгож байна. Гол нь тэдгээр боломжийг олж харах л хэрэгтэй. Гэр бүлдээ анхаарч чадахгүй байна хэмээн гомдоллож байсан хүмүүсийн хувьд энэ бол сайхан боломж. Энэ цаг үеийг ашиглан тэдэнтэйгээ ярилцах, хөгжилдөх, бие биенээ ойлгоход ахиц дэвшил гаргах хэрэгтэй. Цахим сүлжээнд өөрийгөө гайхуулах, үнэтэй зүйлээр гангарч түүнийгээ нийтлэх нь зарим хүмүүст чухал байсан бол өнөөдөр эрүүл мэнд, өөрөө өөрийгөө ойлгох, бусдад анхаарал халамж тавих нь чухал гэдгийг сануулж өгч байна. Дижитал хөгжил дэвшлийн сайн сайхан олон боломжийг мэдрэх, тэдгээрийг ашиглах, түүнд суралцах боломжууд бидэнд байна. Тиймээс байгаадаа сэтгэл хангалуун байх нь чухал. Өвчин тусчих вий гэсэн айдсаар биш эрүүл байна гэсэн эерэг өнцгөөр асуудал бүрт хандах нь таны сэтгэл зүйн эрүүл мэндэд үлэмж сайн нөлөөтэй.
Холбоотой мэдээ