Орхон аймгийн засаг дарга бөгөөд АОК-ын дарга С.Батжаргал: Дархан хотод илэрсэн тохиолдол болох иргэн Ө-гийн нэгдүгээр хавьтал иргэн Г-ээс халдвар илэрч батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдсэн. Иргэн Г нь Орхон аймгийн харъяат бөгөөд хөл хорио тогтоохоос өмнө Эрдэнэтэд гэртээ ирээд буцжээ. Тиймээс иргэн Г-ийн ойрын хавьтал болох 33 хүнийг тогтоон тусгаарлаж, шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээжээ.
Төмөр зам даган халдвар гарсан тохиолдлууд бүртгэгдэж байгаа учраас УОК-оос өгсөн чиглэлийн дагуу төмөр замын ажилчдыг тусгаарлах, төмөр замтай холбоотой ажилладаг жишээ нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тээвэр ложистикийн ажилчдыг гэрийн тусгаарлалтад оруулж, шинжилгээ авах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Орхон аймагт тэг зогсолт хийгээгүй харин ариутгал халдваргүйжүүлэлт хийх, иргэдийн хөдөлгөөнийг хумих, сахилга хариуцлагыг чангатгах арга хэмжээ авч байна. Одоогоор аймгийн хэмжээнд хүнсний түгээлт саатахгүй. Одоогийн байдлаар иргэн Г-ийн ойрын хавьтал мөн төмөр замын ажилчид нийлсэн нийт 270 хүний шинжилгээг ХӨСҮТ-д илгээсэн байна. Дээрх шинжилгээнүүдийн хариу гартал хот доторхи хөдөлгөөнийг багасгах арга хэмжээг авч эхэлжээ.
Холбоотой мэдээ