Одоогоос 88 сая жилийн өмнө Мадагаскар арал Энэтхэгийн хойгоос салж, өдгөө оршиж буй байрлал буюу Африкийн зүүн эргийн ойролцоо ирж тогтсон гэдэг. Харин сүүлийн үед хийсэн судалгааны үр дүнгээс харвал Мадагаскар энэ удаад олон жижиг арлууд болон хуваагдаж байгаа аж.
Африк тивийн зүүн хэсэг аажмаар хуваагдаж, тиктоник хавтангуудын хөдөлгөөнөөс болж Этиопын Афар мужид буй заадас хоорондоо салж, шинэ далай үүсч эхэлж байгааг өмнө нь удаа дараа эрдэмтэд мэдээлж, тайлагнаж байсан. Мөн Кени улсын нутаг дээр газарт том ангалууд үүсэх болсон нь тектоникийн хавтантай холбоотой хэмээн эрдэмтэд үзэж буй.
Африкийн зүүн хэсгийн хуваагдлыг эрдэмтэд Этиопын Афараас урагш Мозамбик хүртэл үргэлжилнэ гэж тооцоолж байсан. Гэвч сүүлийн үед хийсэн судалгааны үр дүнгээс үзвэл энэ нь илүү өргөн цар хүрээтэй, нарийн төвөгтэй зүйл болжээ. Тухайлбал, эрдэмтдийн мэдээлснээр дээрх хуваагдал Мадагаскар хүртэл үргэлжилж, тус арлын орныг аажмаар олон жижиг арал болгон хувааж байгаа юм.
Тус судалгааг хийхийн тулд АНУ, Португал, Мадагаскарын эрдэмтэд хамтран компьютер мэдээллийн технологи ашиглан Африкийн зүүн хэсэг, Мадагаскар болон Энэтхэгийн далай дахь хэд хэдэн арлуудад GPS суурилуулан хөдөлгөөнийг нь нарийвчлан ажиглажээ. Үр дүнд нь тэд Африкийн зүүн хэсгийн хуваагдал 600 км урт үргэлжилж, Мадагаскарыг бүтэн хамарч байгааг олж мэджээ.
Түүнээс гадна Мадагаскарын арлын хойд хэсэг нь Сомалийн хавтан, өмнөд хэсэг нь Луандл бичил хавтан дээр байрладаг билээ. Хавтангийн хөдөлгөөн нь цөөн хэсгийн газрыг, Сомалийн хавтангийн хөдөлгөөн нь илүү олон газрыг эвдэж, олон өөр хэлбэр, хэмжээтэй жижиг арлууд үүсгэж байгаа аж. Энэхүү хөдөлгөөн сүүлийн үед төсөөлж байснаас илүү хурдан үргэлжилж байгаа гэнэ. Тектоникийн хавтангууд хэдэн сая жилийн өмнөөс дахин хөдөлгөөнд орж эхэлсэн нь өдгөө эрчимжиж, жилд долоон мм хөдөлж байгаа гэнэ. Энэ хурдаараа бол Мадагаскар бүрэн задрахад 5-10 сая жил хангалттай аж.
Эх сурвалж: QUARTZ
Холбоотой мэдээ