Тооцоо судалгаагүй шийдвэрүүд иргэдийг стресстүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Тооцоо судалгаагүй шийдвэрүүд иргэдийг стресстүүлж байна

Тооцоо судалгаагүй шийдвэрүүд иргэдийг стресстүүлж байна

Монгол Улсын Засгийн газраас Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрийг үндэслэн, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгасан. Гүйцэтгэх засаглал цар тахлын аюулыг хохирол багатай даван туулахын тулд боломжит бүхий л арга хэмжээгээ авч, шуурхай ажиллаж байгаа нь сайшаалтай юм. Гэвч Засгийн газрын ямар ч тооцоо судалгаагүй гаргаж буй шийдвэрүүд нийгмийг улам стресстүүлж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Зарим иргэд, "Хадны мангаа"-гаас хамааралтай учир шийдвэр гаргах дарга нарын сэтгэлийн хөөрлөөс ямар шийдвэр гарахыг хүлээхээс өөр арга алга” хэмээн шүүмжилж буй юм. Харин зарим нь “Энэ хатуу хорио нь Covid-19 тусаад, амь нас нь эрсдэлд орох бүлгийн хүмүүст туслах биш, эрсдэлийг нь улам нэмэгдүүлж байна. 14 хоногийн дараа орлогоо дахин сэргэхгүйгээр алдсан хүмүүсийн тоо олширно. Энэ хүмүүс стресст орж дархлаа нь улам суларна” хэмээн онцгойлон анхааруулж буй юм.

Covid-19 цар тахал манайд цочин хүлээн авч, цочмог шийдвэр гаргах цоо шинэ “сэдэв” биш. Монгол Улс бүхэл бүтэн 10 сарын турш гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлуудыг бүртгэн, эдгээсэн туршлагатай. Энэ хугацаанд хичнээн хүнд хэрхэн халдвар тарж болзошгүй вэ гэсэн тооцоо судалгаагүй ажилласан гэж иргэд шүүмжилж буйг буруутгах аргагүй юм.

Болзошгүй аюулд бэлэн биш байсныг өнөөдөр нийслэлд гацаж, гэртээ харьж чадахгүй байгаа орон нутгийн иргэдийн жишээнээс харж болно. Үүний улмаас наад зах нь хичнээн хүүхэд эцэг эхээ хүлээж, зутарч байгааг таашгүй юм. Өнөөдөр хотын захад амьдардаг настай аав, ээж нь харж хандах хүнгүй, хүүхдүүд нь  эргэх эрхгүй байна. Өнгөрсөн Даваа гаригт замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг цуцалснаар Мягмар гаригийн хувьд нийслэлд “хэн дуртай нь сэлгүүцсэн” нь бас л тооцоо судалгаагүй шийдвэрийн уршиг, юун зай барих, юун сахилга бат, дэг журам, юун хариуцлага л байв.

Манайх өндөр настнуудаа нөөцийн мах, даатгалын эм болон тэтгэвэрт нь оочерлуулж, эрсдэлийг улам нэмэгдүүлсээр байхад гадны орнууд арай өөр арга хэлбэрээр цар тахлын эсрэг тэмцэж байна. Тухайлбал, ХБНГУ-ын Засгийн газар Covid-19 цар тахлын хорио цээр тогтоохдоо Германы халдварт түргэн тархацтай өвчний судалгаа, шинжилгээний “Robert Koch Institut” төвийн хоёр тоон мэдээлэл дээр үндэслэн шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал, нэгдүгээрт, 10 мянган хүнд ногдох халдвар авсан хүний тоо, хоёрдугаарт Covid-19 тээгчийн халдвар түгээсэн тоо. Хэрвээ аль нэг бүс нутагт 10 мянган хүнд ногдох халдвар авсан хүний тоо 5-аас илүү гарвал хөл хориог чангаруулж байгаа аж. Хэрвээ нэг халдвар тээгч 1-ээс илүү хүнд халдааж байгаа бол мөн тэр бүс нутагт хөл хориог чангалж буй юм байна. Эсрэгээрээ энэ хоёр тоо буурч байвал хөл хориог сулруулж, эдийн засагт амьсгалах боломжийг нэмэгдүүлж байгаа ажээ.

Энэ хоёр тоон дээр ажиллахын тулд Германд сайн дураараа шинжилгээ өгөх бүх хүнээс боломжийн үнээр, нэмээд олон хүнтэй хавьтаж байдаг бүх мэргэжлийн хүмүүс (Онц байдлын газрын албан хаагчид, цагдаа болон цэргийн албан хаагчид, эмч болон багш нар, үйлчилгээний олон хүн цуглардаг газрын тэргүүн эгнээний ажилчид гэх мэт)-ээс үе шаттайгаар вирусийн сорил авч буй юм байна.

Германд хөл хориог чангатгахдаа хамгийн түрүүнд Covid-19 тусаад, амь насанд нь аюул учирч болох бүлэг, 60-аас дээш насны хүмүүс, суурь өвчтэй болон эмнэлгийн хяналтад байгаа хүмүүс, илүү жинтэй хүмүүст гэх мэтчилэн хамгаалах арга хэмжээ авч байгаа аж. Энэ хүрээнд Германы Засгийн газраас өндөр настай хүмүүст маш өндөр хамгаалах чадвартай тусгай маск тарааж буй бөгөөд онц байдлын албан хаагчид, эмч, багш зэрэг хүмүүсийг улсаас сар бүр тогтмол Covid-19-ийн тестэд үнэ төлбөргүй хамруулж буй юм байна.

Манай Засгийн газар Германы Засгийн газар шиг дээрхи хоёр бодит тоо баримтад үндэслэн шийдвэрээ гаргахгүй байна. Дэндүү ерөнхий, бодит тоо баримтад суурилаагүй "хадны мангаа" айлгасан шийдвэр гаргаж байна. Дараагийн шийдвэр нь бас ямар баримт дээр суурилж гарах нь тодорхойгүй хэмээн ажиглагчид шүүмжилсээр буй юм. Германы иргэдийн хувьд дээрхи хоёр тоог өөрийн амьдарч буй засаг захиргааны нэгжийн мэдээллээс хараад хөл хорио чангарах, сулрахыг олж мэдэн, ажил амьдралаа төлөвлөөд, зохицуулаад болж байгаа аж.

Covid-19 бол хадны мангаа биш, жирийн нэг нисдэг хулганы шүлсэнд байдаг вирус гэж тайлбарлах нэгэн бий. Гэвч 40 хүртэлх насны эрүүл бөгөөд энгийн дархлаатай хүмүүс тус тахлаар халдварлаж, нас баралт нь жирийн вирус туссан хүмүүсийнхээс илүүгүй байгаа бол 60-аас дээш насны болон суурь өвчтэй, мөн илүүдэл жинтэй хүмүүсийн нас баралт маш өндөр байгаа ажээ. Иймд хорио цээрийн дэглэм тогтоохдоо эдгээр бүлгийн хүмүүсийг хамгаалсан байх ёстойг шинжээч, судлаачид анхааруулж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж