Монгол Улсын хууль амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Монгол Улсын хууль амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай

2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот
 
      НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл     
 
      1 дүгээр зүйл. Хуулийн зорилт     
 
     1.1. Энэ хуулийн зорилт нь амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.    
 
      2 дугаар зүйл. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль тогтоомж     
 
     2.1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай, Хилийн тухай, Ургамал хамгааллын тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.     
 
     2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.     
 
      3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо     
 
     3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:    
 
     3.1.1. "мал эмнэлгийн гэрчилгээ" гэж экспортлогдож буй амьтан, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжид заасан тодорхой нөхцөл шаардлагыг хангаж байгааг гэрчлэн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон баталгаажуулалтын баримт бичгийг;     
 
     3.1.2. "ургамлын хорио цээрийн гэрчилгээ" гэж экспортлогдож буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал байхгүй болохыг гэрчлэн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон баталгаажуулалтын баримт бичгийг;     
 
     3.1.3. "импортын гэрчилгээ" гэж амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахыг зөвшөөрч, хилийн боомт, гүний гаалийн дэргэдэх мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчаас /цаашид "улсын байцаагч" гэх/ энэ хуулийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт дурдсан баримт бичгийг /цаашид "экспортын гэрчилгээ" гэх/ хураан авч, оронд нь олгож буй баримт бичгийг;     
 
     3.1.4. "эрсдэл" гэж хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээс тодорхой хугацааны туршид амьтан, ургамал, хүн амын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө учруулж болох үр дагаварын хэмжээ өндөрсөх магадлалыг;     
 
     3.1.5. "зөвшөөрөгдөх эрсдэл" гэдэг нь амьтан, ургамал, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн эрсдэлийн түвшинг;     
 
     3.1.6. "эрсдэлийн задлан шинжилгээ" гэж аюулыг олж тогтоох, эрсдэлийн үнэлгээ гаргах, эрсдэлийг бууруулах, мэдээлэл дамжуулахад чиглэсэн үйл ажиллагааг;     
 
     3.1.7. "эрсдэлийн үнэлгээ" гэж импортлогч орны нутаг дэвсгэрт эмгэг төрүүлэгч зүйлүүд нэвтрэн орох, тархахаас үүдэн гарах биологи, эдийн засгийн үр дагаварыг тодорхойлон үнэлэх үйл ажиллагааг;     
 
     3.1.8. "эрсдэлийг бууруулах" гэдэг нь эрсдэлийг зөвшөөрөх түвшинд хүргэхэд ашиглаж болох арга хэмжээг тодорхойлох, сонгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг;     
 
     3.1.9. "аюул" гэж амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээс хүн ам, амьтан, ургамлын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох ямар нэгэн эмгэг төрүүлэгч зүйлийг;     
 
     3.1.10. "хог ургамал" гэж ургамлыг тариалж, үржүүлж буй талбайд тархаж ургах өөр ургамлыг.     
 
      4 дүгээр зүйл. Хорио цээрийн хяналт, шалгалтад хамаарах зүйл     
 
     4.1. Энэ хуулийн хүрээнд дор дурдсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалтад хамруулна:     
 
     4.1.1. бүх төрлийн сүүн тэжээлтэн тэжээвэр болон зэрлэг амьтан, хэвлээр явагч усны амьтан, шувуу, зөгий, тэдгээрийн үр, хөврөл үр, үржлийн өндөг;     
 
     4.1.2. мах, сүү, дайвар бүтээгдэхүүн, өөх, хүнсний өндөг, арьс, шир, яс, ноос, ноолуур, үс, өлөн, эвэр, туурай, шувууны өд, сөд, сарвуу, чив, засаа, залаа, цөс, булчирхай зэрэг амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн;     
 
     4.1.3. байгалийн болон таримал дээд, доод ургамал, мод, тэдгээрийн үр, суулгац, хэсэг;     
 
     4.1.4. үр тариа, төмс, хүнсний ногоо, өвс, тэжээл, үрлэн кофе, хөнгөн болон хүнсний үйлдвэрт хэрэглэгдэх ургамлын гаралтай бусад түүхий эд, ургамлын хатаадас, цуглуулга, тасалбар, зүсмэл мод, түүний хэсэг, бүх төрлийн жимс, жимсгэнэ, гурил, будаа, элсэн чихэр, амтлагч зэрэг ургамлын гаралтай аливаа зүйлс;     
 
     4.1.5. цус болон цусны ийлдэс, сийвэн;     
 
     4.1.6. ангийн олзвор;     
 
     4.1.7. төрөл бүрийн эмгэг төрүүлэгч хорхой, шавьж, бичил биетний өсгөвөр, биотехнологийн аргаар гарган авсан хувиргасан амьд организм; /Энэ заалтад 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/     
 
     4.1.8. амьтны хүүр, сэг, ялгадас, эмгэгт материал;     
 
     4.1.9. хөрс, хүлэр, чулуу;     
 
     4.1.10. тээврийн хэрэгсэл, чингэлэг, сав, баглаа боодол, чигжээс, зөөлөвч, дэвсгэр, хашлага, хөвөнгийн "хөөвөр", амьтны тоног хэрэгсэл, уяа татлага.     
 
      5 дугаар зүйл. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх     
 
     5.1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын /цаашид "хорио цээрийн хяналт, шалгалт" гэх/ талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:     
 
     5.1.1. хорио цээрийн хяналт, шалгалтын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;     
 
     5.1.2. гадаад улс, олон улсын байгууллагатай мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах;     
 
     5.1.3. амьтны гоц халдварт өвчин болон ургамлын гадаад хорио цээртэй өвчний халдвар, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал улсын хилээр нэвтрэн тархах эрсдэл үүссэн болон үүсч болзошгүй нөхцөл байдал бүрдсэн үед улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн хилийн боомтод хорио цээр тогтоох, тогтоосон хорио цээрийг цуцлах;     
 
     5.1.4. энэ хуулийн 5.1.3-т заасан хорио цээр тогтоосон үед баримтлах нийтлэг журам /дэглэм/-ыг тогтоох;     
 
     5.1.5. ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудыг тогтоох;     
 
     5.1.6. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам, зааврыг батлах;     
 
     5.1.7. амьтан, ургамал түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журмыг батлах;     
 
     5.1.8. хилийн боомтод амьтан, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.     
 
     5.2. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн /цаашид "амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн" гэх/-д шинжилгээ, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэл хийх үйлчилгээний хөлсний жишиг үнийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн санхүүгийн асуудал эрхэлсэн сайд тогтооно.     
 
     5.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ импортоор оруулж ирсэн амьтан, ургамлыг хууль тогтоомжид заасны дагуу хорио цээрийн дэглэмд байлгах арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавина.     
 
      6 дугаар зүйл. Хорио цээрийн улсын хяналт, шалгалт, түүний зохион байгуулалт     
 
     6.1. Хорио цээрийн улсын хяналт, шалгалт нь хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлж буй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалтыг хийж, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ.     
 
     6.2. Хорио цээрийн улсын хяналт, шалгалтыг улсын хэмжээнд амьтан, ургамлын хорио цээрийн хяналтын асуудал эрхэлсэн улсын мэргэжлийн хяналтын байгууллага /цаашид "улсын мэргэжлийн хяналтын байгууллага" гэх/, хилийн боомт, гүний гааль бүхий газарт улсын байцаагч тус тус хэрэгжүүлнэ.     
 
     6.3. Улсын байцаагч нь мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой хүн байна.     
 
      7 дугаар зүйл. Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын эрх, үүрэг     
 
     7.1. Улсын мэргэжлийн хяналтын байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:     
 
     7.1.1 хорио цээрийн хяналт, шалгалтын талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хангах;     
 
     7.1.2. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын болон гаалийн хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалт хийх ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, хяналт тавих;     
 
     7.1.3. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө эрсдэлийн задлан шинжилгээ хийж импортын мэдэгдэл олгох;     
 
     7.1.4. Монгол Улсын хилээр нэвтэрсэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний мэдээллийн сан бүрдүүлж, улсын хэмжээнд нэгтгэх, хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх;     
 
     7.1.5. улсын байцаагчийн хийсэн үзлэг, бичиг баримтын шалгалтаар илэрсэн зөрчил нь энэ хуулийн 13.1-д хамаарч байгаа бол тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах буюу устгах арга хэмжээ авахуулах;     
 
     7.1.6. улсын байцаагчийг мэргэжлийн удирдлагаар хангах, мэргэшүүлэх;     
 
     7.1.7. гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, хяналт, шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах;     
 
     7.1.8. Малын эрүүл мэндийн олон улсын байгууллагаас тогтоосон "А" жагсаалтын өвчин /цаашид "амьтны гоц халдварт өвчин" гэх/, ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтан /цаашид "ургамлын хорио цээртэй зүйл" гэх/ илэрсэн тохиолдолд тухайн хилийн боомт, гүний гаальд хорио цээр тогтоох саналыг Засгийн газарт оруулах, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг хянах;     
 
     7.1.9. экспортлох эрх бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжид мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, хянан магадлагаа хийх.     
 
      8 дугаар зүйл. Улсын байцаагчийн эрх үүрэг     
 
     8.1. Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:     
 
     8.1.1. экспортын гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл нь бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, худалдааны гэрээ, тээврийн хэрэгслийн талаархи мэдээлэл, амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээтэй тохирч буй эсэхийг шалгах;     
 
     8.1.2. бүтээгдэхүүн, түүхий эдийн сав, баглаа боодол, тээвэрлэлтийн нөхцөл нь импортлогч улсын шаардлагад нийцсэн, хаяг, шошго жинхэнэ эсэхийг шалгах;     
 
     8.1.3. хилээр нэвтрүүлж буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн анхдагч үзлэг хийх;     
 
     8.1.4. хилээр нэвтрүүлж буй амьтан нэг бүрийг бүртгэж, эрүүл мэндийн үзлэг хийх;     
 
     8.1.5. анхдагч болон эрүүл мэндийн үзлэгээр халдварт өвчний шинж тэмдэг, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын байранд түр саатуулж, лабораторийн шинжилгээний дээж авч, хорио цээрийн хяналтад оруулах;     
 
     8.1.6. экспортийн гэрчилгээ бусад дагалдах бичиг баримт зөрчилтэй, тээвэрлэлтийн нөхцөл нь энэ хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан шаардлага, нөхцөлийг хангаагүй бол амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх;     
 
     8.1.7. хорио цээрийн хяналтанд байгаа амьтан, ургамал, түр саатуулагдсан түүхий эд, бүтээгдэхүүнтэй холбогдсон асуудлыг энэ хуулийн 13, 14, 15, 16 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх;     
 
     8.1.8. экспортын гэрчилгээ болон дагалдах бичиг баримт, хорио цээрийн нөхцөлийн талаар зөрчил илрээгүй эрүүл амьтан, ургамал, гэмтэж муудаагүй түүхий эд, бүтээгдэхүүнд импортын гэрчилгээ олгож, улсын хилээр нэвтрүүлэх;     
 
     8.1.9. үзлэг, шалгалт, шинжилгээ хийсэн, хорио цээрийн хяналтад оруулж түр саатуулсан, экспортлогч улсад буцаасан, устгасан болон улсын хилээр нэвтрүүлсэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний талаархи бүртгэлийг зохих журмын дагуу хөтөлж, мэдээг тогтоосон хугацаанд улсын мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлэх;     
 
     8.2. Улсын байцаагч нь ажлын байр, үзлэг, шинжилгээний багаж, хэрэгсэл болон амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг хийх, хорио цээрт оруулж түр саатуулах зориулалтын тусгайлан тоноглож, төхөөрөмжилсөн хашаа, байр, талбай, агуулах, багаж хэрэгсэл, болон устгал хийх байгууламжаар хангагдана.     
 
      ХОЁРДУГААР БҮЛЭГ Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх     
 
      9 дүгээр зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих нийтлэг шаардлага     
 
     9.1. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд иргэн, хуулийн этгээд дараахь нийтлэг шаардлагыг хангасан байна:     
 
     9.1.1. Монгол Улсаас гадаад улстай амьтан, ургамлын хорио цээрийн талаар байгуулсан хэлэлцээр, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцид заасан стандарт, удирдамж, зөвлөмжийн нөхцөлийг мөрдөх;     
 
     9.1.2. экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн үзлэг, шалгалтанд оруулах;     
 
     9.1.3. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийн хашлага, дэвсгэр, сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэлд хорио цээрийн үзлэг, шалгалтыг хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбай дээр хийлгэх;     
 
     9.1.4. биологийн эмгэгт материал, бичил биетний омог, өсгөврийн дээж, хөрс, хөрстэй ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар хил нэвтрүүлэх ба хүлээн авагч улсын холбогдох этгээдэд хүргэх хүртэл сав, баглаа боодол, битүүмжлэлийг задлахгүй байх.     
 
      10 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход тавих шаардлага     
 
     10.1. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:     
 
     10.1.1. тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн нь амьтны гоц халдварт өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй зүйл тархаагүй тайван улс, бүсээс гаралтай байх;     
 
     10.1.2. тухайн амьтан, ургамал, түүний эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх.     
 
      11 дүгээр зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн экспортлоход тавих шаардлага     
 
     11.1. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:     
 
     11.1.1. импортлогч улстай тохиролцсон хорио цээрийн нөхцөл, эсхүл хорио цээрийн талаархи Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, олон улсын байгууллагаас гаргасан стандарт, удирдамж, зөвлөмжид нийцсэн байх;     
 
     11.1.2. экспортын шаардлага хангаж буйг нотолж эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх.     
 
      12 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг дамжуулан өнгөрүүлэхэд тавих шаардлага     
 
     12.1. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэхэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:     
 
     12.1.1. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх тухай хүсэлтээ энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын мэргэжлийн хяналтын байгууллагад урьдчилан мэдэгдэж, зохих мэдэгдэл авсан байх;     
 
     12.1.2. амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлийн дэгдэлт гараагүй тайван улс, бүсээс гаралтай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байх;     
 
     12.1.3. тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чингэлэгийн лац, ломбо бүрэн бүтэн байх.     
 
     12.2. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг дамжуулан өнгөрүүлэх үед улсын мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгахыг хориглоно.     
 
     12.3. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас болон амраах, услах, тэжээх зорилгоор амьтныг маршрутын дагуу урьдчилан тогтоосон цэгт улсын байцаагчийн хяналтын дор тээврийн хэрэгслээс буулгах үйл ажиллагаанд энэ хуулийн 12.2 дахь хэсэг хамаарахгүй.     
 
     12.4. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх замд амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн тохиолдолд улсын мэргэжлийн хяналтын байгууллага энэ тухай импортлогч, экспортлогч улсын хяналтын эрх бүхий байгууллагад яаралтай мэдэгдэж, энэ хуулийн 13, 14, 15, 16 дугаар зүйлд заасан арга хэмжээг авна.     
 
      13 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэхийг хориглох     
 
     13.1. Дараахь тохиолдолд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно:     
 
     13.1.1. энэ хуулийн 10.1, 11.1-д заасан шаардлагыг хангаагүй;     
 
     13.1.2.хорио цээрийн хяналт, шалгалтанд ороогүй, эсхүл гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл зөрүүтэй буюу дагалдах бичиг баримт нь хуурамч болох нь хяналт, шалгалтын явцад тогтоогдсон.     
 
     13.2. Энэ хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан шаардлагыг хангаагүй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг хориглож, энэ тухай улсын мэргэжлийн хяналтын байгууллага нь экспортлогч улсын хилийн боомтын хяналтын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.     
 
     13.3. Энэ хуулийн 13.1, 13.2-т заасан үндэслэлээр амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдлийг улсын байцаагч хариуцагч иргэн, хуулийн этгээдэд гардуулан өгнө.     
 
     13.4. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй.     
 
      14 дүгээр зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэх үед түр саатуулах     
 
     14.1. Улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтаар өвчний шинж тэмдэг илэрсэн амьтан, шавьж илэрсэн ургамал, гэмтэж муудсан нь тогтоогдсон түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагч 21 хүртэл хоногийн хугацаагаар түр саатуулж, энэ тухай мэдэгдлийг хариуцагч иргэн, хуулийн этгээдэд гардуулан өгнө.     
 
     14.2. Түр саатуулах тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбайд тусгайлан бэлтгэсэн хашаа, байр, агуулах, талбайд улсын байцаагчийн шийдвэрээр, түүний хяналтын дор амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгслээс буулгаж нарийвчилсан үзлэг хийлгэнэ.     
 
     14.3. Улсын байцаагч хорио цээрийн нарийвчилсан үзлэг хийж, шинжилгээний дээж аван холбогдох лабораторид хүргүүлнэ. Дээж хүлээн авсан лаборатори нь 14 хоногийн хугацаанд багтаан шинжилгээний хариуг гаргана.     
 
     14.4. Лабораторийн шинжилгээний хариу болон хорио цээрийн хугацаанд хийсэн ажиглалт, үзлэгийн дүнг үндэслэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг хилийн боомт, гүний гаалийн мэргэжлийн хяналтын байгууллага шийдвэрлэнэ.     
 
     14.5. Лабораторийн шинжилгээнд орсон зүйлээс амьтны гоц халдварт өвчин оношлогдсон, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн бол амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийг тээвэрлэхэд хэрэглэсэн хашлага, тоног хэрэгсэл, өвс, тэжээлийн үлдэгдэл, дэвсгэр, сав, баглаа, боодол, чигжээсийг энэ хуулийн 15.2-т заасны дагуу устгана.     
 
     14.6. Энэ хуулийн 12.1.1-д заасан шаардлагыг хангаагүй амьтан ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тодорхой хугацаагаар түр саатуулж, экспортлогч улсын хорио цээрийн хяналтын байгууллагад мэдэгдэн, зөрчлийг арилгуулсаны үндсэн дээр дамжуулан өнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.     
 
      15 дугаар зүйл. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах     
 
     15.1. Хорио цээрийн хяналт, шалгалтын явцад дараахь нөхцөл байдал үүссэн бол амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгана:     
 
     15.1.1. энэ хуулийн 13.1, 13.2-т заасны дагуу амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлогч орны хилийн боомтын эрх бүхий байгууллагад мэдэгдэхэд буцааж хүлээн авахаас татгалзсан;     
 
     15.1.2. тухайн амьтан нь гоц халдварт өвчний халдвартай болох нь оношлогдсон;     
 
     15.1.3. тухайн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын гадаад хорио цээртэй зүйл илэрсэн;     
 
     15.1.4. хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл, горим зөрчсөний улмаас түүхий эд, бүтээгдэхүүнд учирсан гэмтэл нь хүн, амьтны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй нь тогтоогдсон;     
 
     15.1.5. түүхий эд, бүтээгдэхүүнд үүссэн хими, биологи, цацрагийн бохирдлын түвшин олон улсын стандартын зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн.     
 
     15.2. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах ажлыг тухайн хилийн боомт, гүний гааль байрлаж буй сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг улсын байцаагчийн хяналтын дор зохих журмын дагуу гүйцэтгэнэ.     
 
     15.3. Энэ хуулийн 15.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ амьтныг тарчлаахгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээргүй, халдвар үүсгэгчийг бүрэн устгаж чадахуйц аргыг хэрэглэнэ.     
 
      16 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх     
 
     16.1. Улсын байцаагчийн хяналтын дор мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн дараахь зүйлд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ:     
 
     16.1.1. амьтны гоц халдвартаас бусад халдвартай өвчин оношлогдсон болон эерэг урвал үзүүлсэн амьтан;     
 
     16.1.2. ургамлын дотоод хорио цээртэй зүйл илэрсэн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн;     
 
     16.1.3. энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хэрэглэсэн хашлага, тоног хэрэгсэл, өвс, тэжээлийн үлдэгдэл, дэвсгэр, сав, баглаа боодол, чигжээс, тэдгээртэй адилтгах зүйлс;     
 
     16.1.4. энэ хуулийн 15.1.1, 16.1.1, 16.1.2-т заасан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэдгээртэй адилтгах бусад зүйлс;     
 
     16.1.5. энэ хуулийн 15.1.2, 15.1.3-т заасан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн байсан байр, агуулах, талбай, халдвараар бохирлогдсон байж болзошгүй орчны хөрс, барилга, байгууламж.     
 
     16.2. Энэ хуулийн 16.1-д заасан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгсэл, хашлага бусад зүйлд холбогдох мэргэжлийн байгууллагаар эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгүүлсэний үндсэн дээр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.     
 
      ГУРАВДУГААР БҮЛЭГ Зорчигчийн гар тээш болон илгээмжийн хорио цээрийн хяналт, шалгалт     
 
      17 дугаар зүйл. Зорчигчийн гар тээшийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн шаардлага     
 
     17.1.Зорчигчийн хувийн хэрэглээний амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнд шаардлагатай тохиолдолд улсын байцаагч анхдагч үзлэг хийнэ.     
 
     17.2. Энэ хуулийн 17.1-д заасан үзлэгийн явцад, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн, амьтны гоц халдварт өвчин гарсан улс, бүс нутгаас гаралтай болох нь тогтоогдсон амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагч энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан арга хэмжээг авна.     
 
     17.3. Энэ хуулийн 17.1 дэх хэсэг нь үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнд хамаарахгүй.     
 
      18 дугаар зүйл. Амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний илгээмжид тавих хорио цээрийн хяналт     
 
     18.1. Илгээмжийн үйлчилгээ эрхлэгч байгууллага нь амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бүхий илгээмж ирсэн тухай мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын холбогдох байгууллагад мэдэгдэж үзлэг, шалгалт хийлгэнэ.     
 
     18.2. Энэ хуулийн 10.1.1-д заасан нөхцөлийг хангасан, хорио цээрийн анхдагч үзлэгээр ургамлын хорио цээртэй зүйл илрээгүй, гэмтэж муудаагүй түүхий эд, бүтээгдэхүүнийг илгээмжээр хил нэвтрүүлнэ.     
 
     18.3. Энэ хуулийн 18.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаагүй илгээмжийг илгээгчид мэдэгдэж буцаах буюу устгах арга хэмжээ авна.     
 
      ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх     
 
      19 дүгээр зүйл. Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд тавих шаардлага     
 
     19.1. Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь дараахь шаардлагыг хангасан байна:     
 
     19.1.1. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал, таатай нөхцөлийг хангасан, халуун, хүйтний хэмийг тохируулах боломжтой байхаар тоноглогдсон байх;     
 
     19.1.2. тээвэрлэлтийн өмнө технологийн дагуу цэвэрлэж, ариутгаж халдваргүйжүүлсэн байх;     
 
     19.1.3. чингэлэг, хашлагыг нээх үед амьтны хэвтэр, ялгадас, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн асгарахааргүй ачигдсан байх.     
 
     19.2. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд тусгайлан тавих шаардлага, тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн өмнөх ариутгал, халдваргүйжүүлэлтийн журмыг улсын мэргэжлийн хяналтын төв байгууллага тогтооно.     
 
      20 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэлд хийх хорио цээрийн үзлэг, шалгалт     
 
     20.1. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх үед дараахь үзлэг шалгалт хийнэ:     
 
     20.1.1. энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх;     
 
     20.1.2. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд дагалдах бичиг баримт нь тээврийн хэрэгслийн талаархи мэдээлэлтэй тохирч буй эсэх;     
 
     20.1.3. тээврийн хэрэгсэл нь амьтны гоц халдварт болон халдварт өвчний үүсгэгч, ургамлын хорио цээртэй зүйлсээр бохирлогдсон эсэх.     
 
     20.2. Хорио цээрийн хяналт, шалгалтын үед амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зөвхөн улсын байцаагчийн хяналтын дор тээврийн хэрэгслээс буулгана.     
 
     20.3. Үзлэг шалгалтаар тээврийн хэрэгсэлд хорио цээртэй зүйл илэрвэл дээж авч лабораторийн шинжилгээнд өгнө.     
 
     20.4. Үзлэг шалгалт хийх үед тээвэрлэгчийн төлөөлөгчийг байлцуулна.     
 
      21 дүгээр зүйл. Тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх     
 
     21.1. Хорио цээртэй зүйлээр халдварлагдсан тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллага, иргэн улсын байцаагчийн хяналтын дор зохих журмын дагуу хийнэ.     
 
     21.2.Тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх талбайг улсын байцаагч тогтооно.     
 
     21.3. Тээвэрлэгч нь тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх нөхцөлөөр хангана.     
 
      22 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийг хорио цээрт оруулах     
 
     22.1. Амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлийн голомт үүссэн бүс нутгаас амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслийг хилийн боомт дээр ирмэгц улсын мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэрээр хорио цээрт оруулна.     
 
     22.2. Энэ хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хорио цээрт оруулсан тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ.     
 
      ТАВДУГААР БҮЛЭГ Импорт, экспортын өмнөх хяналт, баталгаажуулалт 
 
      23 дугаар зүйл. Импортын мэдэгдэл     
 
     23.1. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох иргэн, хуулийн этгээд хүсэлтээ улсын мэргэжлийн хяналтын байгууллагад дор дурдсанаас доошгүй хугацааны өмнө гаргана:     
 
     23.1.1. салаа туурайтай амьтан, адуу импортлоход 60 хоног;     
 
     23.1.2. тахиа, галуу, нугас, цацагт хяруул, гургууль зэрэг тэжээвэр шувуу импортлоход 40 хоног;     
 
     23.1.3. таримал болон байгалийн ургамлын үр суулгац импортлоход 30 хоног;     
 
     23.1.4. Энэ хуулийн 23.1.1-23.1.3-т зааснаас бусад амьтан, ургамал, түүхий эд, зарим бүтээгдэхүүнийг оруулахад 20 хоног.     
 
     23.2. Хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээд нь дараахь мэдээллийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлтийн хамт ирүүлнэ:     
 
     23.2.1. амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах бичиг баримт;     
 
     23.2.2. импортлогч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;     
 
     23.2.3. амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл;     
 
     23.2.4. нэвтрүүлэх хилийн боомт, хугацаа;     
 
     23.2.5. түүхий эд, бүтээгдэхүүний тоо хэмжээ, боловсруулалтын байдал, /хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, шинэ гэх мэт/ савлалт, шошго, чанар, аюулгүй байдлын талаархи мэдээлэл.     
 
     23.3. Улсын мэргэжлийн хяналтын байгууллага нь хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:     
 
     23.3.1. тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд импортын мэдэгдэл олгож, хилийн боомт, гүний гаалийн мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлэх;     
 
     23.3.2. зөвшөөрөгдөх эрсдэлийн хэмжээнээс хэтэрсэн, түүнийг бууруулах боломжгүй тохиолдолд хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэх.     
 
      24 дүгээр зүйл. Импорт, экспортын өмнөх хорио цээрийн хяналт, шалгалт, баталгаажуулалт     
 
     24.1. Хууль болон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол импортлох салаа туурайтныг 21, адууг 15, тахиа, нугас, галуу, цацагт хяруул, гургуулийг 21, ургамлын үр 60, ургамлын суулгац, үржүүлгийн материалыг 30 хоногийн хугацаанд экспортлогч улсын нутаг дэвсгэр дээр хорио цээрийн хяналтад оруулна.     
 
     24.2. Энэ хуулийн 24.1-д заасан амьтныг үржлийн болон эдэлгээний зориулалтаар импортлох бол хорио цээрийн хяналтад байх хугацааны турш өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж, биеийн халууныг хэмжин тэмдэглэл хөтөлнө.     
 
     24.3. Энэ хуулийн 24.1-д заасан амьтан, ургамлыг экспортлоход импортлогч улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон энэ хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн хорио цээрт оруулж, үзлэг, шинжилгээ хийнэ. Шинжилгээг олон улсын стандартад нийцсэн аргаар хийнэ.     
 
      25 дугаар зүйл. Импорт, экспортын гэрчилгээ     
 
     25.1. Импортын гэрчилгээг экспортлогч улсын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн эрх бүхий байгууллагаас олгосон экспортын гэрчилгээ, улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон импортын мэдэгдэл, шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагч олгоно.     
 
     25.2 Экспортын гэрчилгээг хорио цээрийн хяналт, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний дүн, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг харгалзан тусгайлан эрх олгосон мэргэжлийн байгууллага олгоно.     
 
     25.3. Экспорт, импортын гэрчилгээ нь олон улсын амьтны халдварт өвчний болон ургамал хамгааллын байгууллагын баталсан загварын дагуу хийгдэж, экспортлогч, импортлогч улсын харилцан тохиролцсон хэлээр бичигдсэн байна.    
 
     25.4. Экспортын гэрчилгээг тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг ачуулахын өмнө 24 цагийн дотор олгосон байна.     
 
      ЗУРГАДУГААР БҮЛЭГ Эрсдэлийн задлан шинжилгээ, үнэлгээ, зөвшөөрөгдөх эрсдэл     
 
      26 дугаар зүйл. Эрсдэлийн задлан шинжилгээ, үнэлгээ хийх     
 
     26.1. Монгол Улсын хүн ам, амьтан, ургамлын эрүүл мэндийг хамгаалах, амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор импортын эрсдэлийн задлан шинжилгээ хийнэ.     
 
     26.2. Эрсдэлийн задлан шинжилгээгээр импортлож буй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнээс дараахь зүйлд учирч болох аюулыг тодорхойлно:     
 
     26.2.1. хүн ам, амьтан, ургамлын эрүүл мэндэд;     
 
     26.2.2. улсын эдийн засагт;     
 
     26.2.3. хүрээлэн буй орчинд.     
 
     26.3. Эрсдэлийн задлан шинжилгээг дор дурдсан үндэслэлээр хийнэ:     
 
     26.3.1. импортын уламжлалт харилцаагүй улс, бүс нутгаас анх удаа мал, амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн Монгол Улсад импортлох бол;     
 
     26.3.2. импортын уламжлалт харилцаатай боловч тухайн улсад амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн, хими, физикийн бохирдлын эрсдэл өссөн байж болзошгүй нөхцөлд Монгол Улсад импортлох бол;     
 
     26.3.3. хэд хэдэн улсын нутаг дээгүүр дамжуулан тээвэрлэх бол.     
 
     26.4. Эрсдэлийн задлан шинжилгээг улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас томилогдсон мэргэжлийн баг гүйцэтгэнэ.     
 
      27 дугаар зүйл. Зөвшөөрөгдөх эрсдэлийг тооцох     
 
     27.1. Эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг улсын мэргэжлийн хяналтын байгууллага болон хилийн боомт, гүний гаалийн мэргэжлийн хяналтын байгууллага олон улсын стандарт, удирдамж, зөвлөмжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.     
 
     27.2. Зөвшөөрөгдөх эрсдэлтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний импортыг хүлээн зөвшөөрч мэдэгдэл олгоно.     
 
      ДОЛДУГААР БҮЛЭГ Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг     
 
      28 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн эрх     
 
     28.1. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх, тээвэрлэх иргэн, хуулийн этгээд дараахь эрх эдлэнэ:     
 
     28.1.1. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэхтэй холбогдсон хорио цээрийн нөхцөл, шаардлагын талаархи мэдээллийг хорио цээрийн байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;     
 
     28.1.2. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх талаар гаргасан хүсэлтийг энэ хуулийн 23.3-д заасан хугацаанд шийдвэрлүүлэх;     
 
     28.1.3. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэхийг хориглосон, саатуулсан талаар албан ёсны тайлбар авах;     
 
     28.1.4. хорио цээрийн үзлэг, шалгалт, хяналтын талаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах.     
 
      29 дүгээр зүйл. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг     
 
     29.1. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх, тээвэрлэх иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:    
 
     29.1.1. энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх тухай хүсэлт, мэдээллийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлэх;     
 
     29.1.2. улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний талаар улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчид мэдүүлэх;     
 
     29.1.3. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед экспорт, импортын болон бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, худалдааны гэрээ, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг улсын байцаагчид шалгуулах;     
 
     29.1.4. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг үзлэг, шинжилгээнд хамруулах;     
 
     29.1.5. улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчаас тавьсан шаардлагыг биелүүлэх;     
 
     29.1.6. амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж баталгаажуулах, тэдгээрийг саатуулах, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах зардлыг хариуцах .     
 
      НАЙМДУГААР БҮЛЭГ Бусад зүйл     
 
      30 дугаар зүйл. Хорио цээрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааны санхүүжилт     
 
     30.1. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн арга хэмжээтэй холбогдуулан дараахь зардлыг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлнэ:     
 
     30.1.1. хил, гүний боомтод амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн буюу илэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хэрэгжүүлэх хорио цээр, ариутгал, халдваргүйжүүлэлт, устгалын арга хэмжээнд шаардагдах хөрөнгө.     
 
      31 дүгээр зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, хорио цээрийн үзлэг, шалгалт хийхтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх     
 
     31.1. Иргэн, хуулийн этгээд улсын байцаагчийн хооронд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, хорио цээрийн үзлэг, шалгалт хийхтэй холбогдон үүссэн маргааныг улсын мэргэжлийн хяналтын байгууллага шиийдвэрлэх бөгөөд тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл иргэн, хуулийн этгээд, улсын байцаагч нь шүүхэд гомдол гаргаж болно.     
 
      32 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага     
 
     32.1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь захиргааны шийтгэл ногдуулна:     
 
     32.1.1 хорио цээрийн хяналт, шалгалтын үед амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгасан бол иргэнийг 15000-50000, хуулийн этгээдийг 50000-150000 төгрөгөөр торгох;     
 
     32.1.2. энэ хуулийн 19.1.2, 19.1.3-т заасны дагуу тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, ачилтыг хийлгээгүй бол иргэнийг 25000-50000, хуулийн этгээдийг 50000-150000 төгрөгөөр тус тус торгох;     
 
     32.1.3. импорт, экспортын гэрчилгээгүй болон гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл хуурамч, дагалдах бусад баримт бичигтэй тохирохгүй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, зөрчил гаргасан иргэнийг 1000 – 50000, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;     
 
     32.1.4. энэ хуулийн 9.1.4-т заасан сав, баглаа боодлын битүүмжлэлийг задалсан иргэнийг 5000-50000, албан тушаалтныг 25000-80000 төгрөгөөр торгох;     
 
     32.1.5. энэ хуулийн 18.1-д заасан илгээмжийн үйлчилгээ эрхлэгч байгууллага нь амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн бүхий илгээмж ирсэн тухай мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн байгууллагад мэдэгдэж үзлэг, шалгалт хийлгээгүй бол зөрчил гаргасан албан тушаалтныг 50000-150000 төгрөгөөр торгох;    
 
     32.1.6. энэ хуулийн 29.1.1-29.1.5-ыг зөрчсөн иргэнийг 1000-25000, хуулийн этгээдийг 25000-80000 төгрөгөөр торгох;     
 
     32.1.7. энэ хуулийн 29.1.6-д заасан зардлыг төлөхөөс зайлсхийсэн иргэнийг 5000-50000, хуулийн этгээдийг 50000-200000 төгрөгөөр торгох;     
 
     32.1.8. энэ хуулийн 13.4-т заасныг биелүүлээгүй иргэнийг 50000-150000, хуулийн этгээдийг 200000-250000 төгрөгөөр торгож, буцаах болон устгахтай холбогдон гарсан зардлыг гаргуулах.     

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж