ОХУ-ын Эрхүү мужийн Киренск хэмээх жижиг хотын зам дээр хүний яс олноороо хаягдсаныг олджээ. Мөстөж, халтиргаа үүссэн замын халтиргаа гулгааг бууруулахаар элс асгасан ба элсэн доороос хүний гавлын яс болон бусад яснууд гарч ирсэн байна.
Эдгээр яснуудын зураг цахим сүлжээнд тарж, орон нутгийн хууль сахиулагчид учрыг олж, хариуцлага алдсан хүмүүсийг олж илрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Одоогоор эдгээр яснууд гурван хүний цогцос болохыг олж тогтоожээ. Эдгээр нь 1917-1922 оны Оросын иргэний дайны үед амь үрэгдсэн хүмүүсийнх байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзжээ. Хот тохижилтын ажилтнууд хуучин оршуулгын газрын орчмоос элс авч зам дээр дэвссэн байж магадгүй гэнэ.
Дэлхийн II дайны үед тулаан өрнөж байсан газруудаас барилга, газар шорооны ажлын үеэр хүний яс гарч ирэх тохиолдол элбэг байдаг аж. Тухайлбал, 2018 онд Латвид барилгын суурь ухах үеэр 150 орчим хүнийг бөөнд нь оршуулсан булш илрүүлж байжээ.
Мөн Якутск хотыг Магадантай холбосон 2,000 км орчим урт Колымын автозамыг Сталины үед хоригдлуудаар бариулж байв. Ажлын ачааллаа дийлэлгүй 250 мянга орчим хоригдол амиа алдсан гэдэг ба уг замыг “хүний ясаар бүтсэн зам” гэж нэрлэдэг байна.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ