Украинчууд ОХУ-ын Элчин сайдын яам руу дайрав

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Украинчууд ОХУ-ын Элчин сайдын яам руу дайрав

 

Москва өлсгөлөн зарласан украин нисгэгчийг суллахаас татгалзсан хариу өгсний дараа Киев хотод хорсож, хилэгнэсэн хүмүүс тус хот дахь ОХУ-ын Элчин сайдын яам руу өндөг, чулуу шидэж, яамны байрны цонхыг хагалжээ. Үүний өмнөх өдөр танхай этгээдүүд Элчин сайдын яамны гаднах машинуудын цонхыг хагалж танхайрсан байна.  Түүнээс гадна хэдэн зуун хүн Элчин сайдын яамны гадна жагсч, Оросын хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 34 настай украин нисгэгч Надя Савченког суллахыг шаардаж байгаа юм. Надя Савченко шүүх хурлыг хойшлуулсныг эсэргүүцэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн шоронд хуурай өлсгөлөн зарласан юм.

 

Киев хотод эсэргүүцэн жагссан олон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хөргийг өлгөж, алуурчин гэж бичсэн гэнэ. ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч Франсе-пресс агентлагт “Нөхцөл байдал маш хурцадмал байгаа” талаар ярьжээ.

 

ОХУ-ын Донецк хотод болсон шүүх хурлыг шалтгаангүйгээр хойшлуулсны дараа Надя Савченко өөрийг нь эх оронд нь буцаахыг шаардсан билээ. Надя Савченког Украинд 2014 оны дөрөвдүгээр сард эхэлсэн ОХУ, Украины сөргөлдөөний баатар гэж өргөмжилсөн юм.

 

Харин ОХУ Надя Савченког 2014 онд Украины сайн дурын батальонд байхдаа Оросын хоёр сэтгүүлчийн амийг хөнөөсөн гэж буруутгаж байна.  Надя Савченко үүнийг няцааж өөрийг нь Оросын цэргүүд хулгайлж, авчирсан гэж үзэж байгаа юм.

 

В.Путины хэвлэлийн төлөөлөгч Надя Савченког өлсгөлөн зарласан тухайд “Энэ бол Кремлийн асуудал биш” хэмээн хариулсан байна.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж