Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн чөлөөт агентын зах зээл өчигдөр/2020.11.17/ албан ёсоор нээгдэж, багууд ирэх улиралдаа бэлдэн бүрэлдэхүүнээ шинэчилж байна. Зарим багууд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бол зарим нь ирэх улирлын аварга болох зорилготой нүүдлүүдээ хийж эхэллээ. Эхний өдрийн дараах байдлаар хэд хэдэн сонирхолтой солилцоонууд болов.
- ЛОС АНЖЕЛЕС ЛЭЙКЕРС
Аваргууд дараалан түрүүлэх ажиллагаандаа оров. Тэд туршлагатай, шидэлт, хамгаалалт хосолсон Дэнни Гринийг багаасаа явуулж, түүний оронд өнөө цагийн шилдэг сэлгээний холбогч болоод буй Герман залуу Деннис Шрёдерийг багтаа элсүүллээ. Хэдхэн өдрийн өмнө Деннис Шрёдер Лэйкерст яасан ч тоглохгүй гэж байсан бол Оклахома Сити Тандер багийн эзэд өөр бодолтой байжээ. Ийнхүү Лэйкерс өнгөрсөн улиралд 18.7 оноо дунджилсан, шидэлттэй сэлгээний холбон тоглогчтой боллоо. Үүнтэй зэрэгцэн тус багийг аварга авахад чухал үүрэг гүйцэтгэсэн Ражон Рондо, Кентавиус Колдуэлл-Поуп болон лигийн шилдэг хамгаалагчдын нэг Эвери Брэдли нар гэрээний сүүлийн жилээ цуцалж, чөлөөт агент болцгоов. Аварга авч өөрсдийгөө баталсан тэдний хувьд одоо хөдөлмөрөө үнэлүүлж, урт хугацааны өндөр үнийн дүнтэй гэрээ хүсч байна.
- МИЛВАУКИ БАКС
Милвауки Бакс багийн супер од, өнөө цагийн NBA-ийн өнгө төрх болоод буй Яннис Антетокоунмпог багаасаа явна гэсэн яриа сүүлийн хэдэн сар эрчимтэй яригдсан. Багийнхаа төдийгүй, хотынхоо ганц баатрыг алдахгүйн тулд багийн удирдлагууд нь чөлөөт агентын зах зээл нээгдмэгц хоёр тун давгүй солилцоо хийв. Эхлээд Нью-Орлеанс Пеликанс багаас цагтаа бүх одод явсан Жрью Холидейг Эрик Бледсо, Жорж Хилл, ирээдүйн драфтын гурван эрхээр сольж авсан бол дараа нь Сакраменто Кингс багаас Серби оноо түүгч Богдан Богдановичийг Эрсан Ильясова, Донте Дивинсензо, ДЖ Уилсон нараар сольж авчээ. Ямар ч байсан өнгөрсөн улирал аварга авна гэж байсан Милвауки Бакс баг бүрэлдэхүүнээ эрс сайжрууллаа. Одоо тэд сэлгээгээ сайжруулах үлдлээ.
- ФИНИКС САНС
Сүүлийн хэдэн жилийн драфтад тун амжилттай ажиллаж, шилдэг залуу тоглогчдыг бүрэлдэхүүндээ элсүүлсэн Финикс Санс баг эхний өдөр сонирхолтой нэгэн солилцоог хийв. Тэд Оклахома Сити Тандер багаас бүх одод холбон тоглогч, талбайн жанжин гэгддэг Крис Полыг солилцоогоор авч залуу тоглогчдодоо чухал хөрөнгө оруулалт хийлээ.
Оклахома Сити Тандер баг 2026 он хүртэлх драфтын 16 эрхтэй болсон бол Нью-Орлеанс Пеликанс баг 2027 он хүртэлх драфтын 13 эрхтэй боллоо.
- ПОРТЛЕНД ТРЭЙЛ БЛЭЙЗЕРС
Лигийн чанга багуудын нэг Портленд Трэйл Блэйзерс баг хамгаалалттай, шидэлттэй Роберт Ковингтоныг Хьюстон Рокетс багаас авч чадлаа. Тэд Ковингтоны төлөө туршлагатай Тревор Ариза болон 2020, 2021 оны драфтын эрхээ өгчээ.
- БРҮҮКЛИН НЕТС
Эхний өдрийн гол сенсаци Брүүклин Нетс багтай холбоотой. Кевин Дюрант, Кайри Өрвин зэрэг өнөө цагийн NBA-ийн хоёр супер одыг багтаа элсүүлээд буй Нетсийн удирдлагууд дахин нэг супер одыг багтаа элсүүлэхэр ажиллаж байна. Тодруулбал, Хьюстон Рокетс багийн супер од Жэймс Харден багаасаа явах хүсэлтэйгээ илэрхийлсэн бөгөөд тэрбээр Брүүклин Нетс эсвэл Филадельфиа 76ers багууд руу солигдохыг илүүд үзэж байгаа гэнэ. Жэймс Хардены хувьд лигийн түүхэнд нэг улиралд 50 сая ам.долларын цалин авсан анхны тоглогч болох боломж байсан ч тэрбээр татгалзаж, багаасаа явахаа мэдэгджээ.
- ХЬЮСТОН РОКЕТС
Цаасан дээр бол лигийн хамгийн хүчирхэг хослолтой, сайн баг хэдий ч энэхүү багийн дотоод уур амьсгал тааруу байжээ. Багийнх нь хоёр гол тоглогчид болох Жэймс Харден, Рассель Уэстбрук нар ээлж дараалан багаасаа явах хүсэлтээ хүргүүлж, удирдлагууддаа дарамт үзүүлэв. Сүүлийн үеийн мэдээллээр Рассель Уэстбрукийг Вашингтон Уизардс багийн супер од Жон Уоллоор солих яриа гарчээ. Мөн Рокетсын удирдлагууд Жэймс Харденыг Брүүклин Нетс баг руу явуулахаар болвол Кевин Дюрант эсвэл Кайри Өрвин нарын аль нэгээр нь солих бодолтой байгаа аж.