Японд хараагүй, дүлий хүмүүсийн кафе амжилт олжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Японд хараагүй, дүлий хүмүүсийн кафе амжилт олжээ

 

Токио хотод  “Sign with Me” нэртэй шөлний кафед ороход иймэрхүү үйлчилгээний газар хэвшил болсон хэллэг “irasshaimase” буюу “тавтай морил” гэсэн хоолой биш, дохио зангааны хэлээр бичсэн хаяг бас манекан угтана.

 

Учир нь, кафены эзэн 43 настай Масахиро Янаги сонсголын бэрхшээлтэй хүн аж. Масахиро Янаги том корпорацид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байхдаа сонсголын бэрхшээлтэй хүмүүс хамт ажиллагсадтайгаа харилцаж, өөрийгөө илэрхийлж чадахгүй, асуудал гарахад бусдаас тусламж авч чаддаггүйгээс болж тэгсгээд ажлаасаа гардгийг олж мэджээ.

 

Ингээд Масахиро Янаги сонсголгүй хүмүүсийн ертөнцөд ямар байдгийг сонсголтой хүмүүст ухааруулахын тулд бизнесээ эхлүүлж, 2011 онд кафе нээжээ.

 

Тэрбээр санхүүгийн чадамж, нийгмийн халамжаас хамаарахгүй, тогтвортой ажиллаж чадах бизнес эхлүүлэхээр санаа шулууджээ. Ингэхдээ Масахиро Янаги ажилчид нь Япон хэлээр чөлөөтэй ярьж чаддаггүй ч үйл ажиллагаагаа амжилттай явуулж чадсан Хятад, Энэтхэг ресторанаас жишээ авсан байна.

 

 Одоо түүний бизнес маш амжилттай байгаа бөгөөд Масахиро Янаги “Амт бол манай давуу тал, хүч” гэж ярьдаг гэнэ. Масахиро Янаги кафегаа нээснээс хойш таван жил өнгөрч байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийнх нь 90 хувь нь сонсголын бэрхшээлтэй хүмүүс байдаг гэнэ. Санамсаргүй орж очсон зочид нь заримдаа будилж, сандрах явдал гардаг ч зочдын дийлэнх нь тэдний өвөрмөц хэв маягийг дуртайяа дагадаг байна. 

 

“Япон улс шинэ санаа, шинэлэг зүйл бараг гарч ирэхээргүй хөгжсөн. Тиймээс зарим нь хөгжилд саад хийх гэж оролдох нь ч бий. Харин манай кафе бол дутууг давуу тал болгож чадсан сонгодог жишээ” хэмээн Янаги ярьжээ.

 

Үүнтэй адил бас нэгэн жишээ бол Киото харааны бэрхшээлтэй хүмүүсийн ажиллуулдаг Мачия кафе юм. Кафед хараа муутай бас бүр хараагүй 15 хүн ажилладаг бөгөөд эхэндээ уг кафе хараагүй хүмүүсийн уулздаг газар байжээ. 2013 онд тэд нийгмийн халамжийн сангийн дэмжлэгтэйгээр харааны бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангах бизнесээ эхлүүлж, одоо жуулчид, аялагчдын очих дуртай газрын нэг болжээ.

 

Тэдний огт юм хардаггүй ажилтан хүртэл тусгай хэмжигч төхөөрөмжийн тусламжтайгаар маш сайхан кофе найруулж чаддаг гэнэ. Кафены эзнийг Жуниа Канамори гэдэг бөгөөд тэрбээр залуудаа нэг нүдгүй болсон аж.

 

Жуниа Канамори ингэж ярьжээ. “Хүмүүс харааны бэрхшээлтэй хүнийг илээч, бариачийн ажил л хийж чадна гэж боддог. Харин бид тэдний төсөөлснөөс ч олон зүйлийг хийж, төлөвлөж, бүтээж чаддаг гэдгийг харуулж, олон ажлын байр бий болгохыг зорьж байна” хэмээн ярьсан юм.

 

Японд ирэх дөрөвдүгээр сард хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаварлан гадуурхахыг хориглосон хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Хууль хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүх нөөц боломжоо дайчлахад хязгаар байхгүй болох бөгөөд ажил олгогчид тэднийг ажиллах таатай боломж, нөхцөлөөр хангах үүрэг хүлээх ажээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж