Улс орнууд цар тахлын үед эдийн засгаа хэрхэн дэмжив?

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Улс орнууд цар тахлын үед эдийн засгаа хэрхэн дэмжив?

Улс орнууд цар тахлын үед эдийн засгаа хэрхэн дэмжив?

Дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орнуудын нийгэм, эдийн засгийг тооцоолох боломжгүй хүндрэлд оруулаад байгаа билээ. Иймд улс орнууд хүнд үеийг аль болох хохирол багатай даван туулах, ажлын байрыг хадгалж үлдэх, улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон хувийн бизнесийн үйл ажиллагааг тасалдуудахгүй байх шийдвэрүүдийг гаргаж, өөр өөрсдийн хэмжээнд дэмжлэг үзүүлж байгаа юм. Цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалт, хөл хорио нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, түүнчлэн улмаар өрх, иргэдэд санхүүгийн томоохон эрсдэлийг бий болгож буй энэ цаг үед дэлхийн улс орнууд иргэд, ААН-үүдээ хэрхэн дэмжиж байгааг та бүхэнд танилцуулъя.

Ихэнх улс орон хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөвчлөх, ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги, торгуулиас чөлөөлөх, иргэддээ бэлэн мөнгө тараах, татвараас чөлөөлөх, банкуудынхаа бодлогын хүүг бууруулах, бизнес эрхлэгчдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, ажлын байраа хадгалж үлдсэн компаниудыг дэмжих зэрэг арга хэмжээг авч байна. Япон улс ДНБ-ийхээ 20 хувийг эдийн засгаа дэмжихэд зарцуулсан бол АНУ 13 хувийг, Швед 12 хувийг, Герман 10.7 хувийг, Франц 9.3 хувийг тус тус зарцуулжээ.

АНУ бүх иргэндээ 1200 ам.долларын чек олгосон бол гэрлэсэн хосуудын хувьд орлогын албан татвараа хамтад нь бүртгүүлдэг бол 2400 ам.доллар авах боломжтой. Мөн хүүхэд бүрт 500 ам.доллар тараажээ.Үүнээс гадна тус улсын Холбооны нөөцийн банк зах зээлийг тогтворжуулах, санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх үүднээс бондын худалдан авалтаа түүхэнд байгаагүйгээр эрчимжүүлж, 1.5 их наяд ам.доллараар нэмэгдүүлж 5.8 их наяд ам.долларт хүргэжээ. Бондын худалдан авалтаа нэмэгдүүлсэн нь эдийн засгийн уналтыг сааруулж, хувийн хэвшлээ дэмжсэн алхам гэж үзэж байна.

Герман улс ажил олгогч болон хувираа хөдөлмөр эрхлэгчдээ дэмжиж 5000 ам.доллар ба түүнээс дээш хэмжээний нэг удаагийн дэмжлэг үзүүлсэн. Цар тахлын улмаас хүндрэлд ороод буй 250-аас дээш ажилтантай томоохон компаниудыг нөхөн санхүүжүүлэхэд зориулж 500 тэрбум еврогийн сан байгуулсан байна.

ЯПОН УЛС ДНБ-ИЙХЭЭ 20 ХУВИЙГ ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИХЭД ЗАРЦУУЛАВ

Япон улс ДНБ-ийхээ 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийг дэмжих багц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус улс цар тахлын улмаас орлого нь огцом буурч, амьжиргаа нь хүндэрсэн өрхүүдэд 300 мянган иен, хүүхэд бүрт 10 мянган иен олгожээ. Мөн маш хүнд нөхцөлд байгаа жижиг дунд бизнесүүдэд хоёр сая иен, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэг сая иен тус тус олгохоор болсон. Түүнчлэн Япон улсын Засгийн газар цар тахлаас үүдэн эдийн засагт нь доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжин хүүгүй, барьцаагүй зээл олгох шийдвэр гаргасан билээ.

Франц улсын хувьд хөл хорионоос болж бизнесээ үргэлжлүүлэх боломжгүй болсон эсвэл орлого нь 70 хувиар буурсан компани болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1,600 ам.доллар хүртэлх бэлэн мөнгө олгосон. Тус улс ард иргэдээ ажлын байраа авч үлдэхэд нь туслаж нийт 50 орчим тэрбум ам.долларыг зарцуулжээ. Мөн бизнес эрхлэгчдэд зориулан 300 тэрбум еврогийн банкны зээлийн баталгааг Засгийн газраас өгөх аж.

АВСТРАЛИ НИСЛЭГИЙН ТООГОО НЭМЖ, ЭКСПОРТЫГ ДЭМЖИВ

Австрали  улсын Засгийн газар яаралтай арга хэмжээ авснаар нислэгийн тоог нэмэгдүүлэхэд 110 сая австрали доллар (67.4 сая ам.доллар) зарцуулж, экспортлогчдод бараагаа олон улсын гол зах зээлд хүргэхэд туслахаа мэдэгдэв. Мөн бага орлоготой зургаан сая гаруй иргэнд нэг удаа 750 ам.долларын бэлэн мөнгө тараажээ.

Итали улс хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон улирлын чанартай ажил хийдэг хүмүүст 650 орчим ам.долларын дэмжлэг үзүүлсэн.

Ирландын Засгийн газар хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон ажлын байраа алдсан иргэддээ 880 орчим ам.долларыг олгожээ. Нидерланд улсын Засгийн газар цар тахлын үед ажлын байраа хадгалж үлдсэн ААН-үүдийн ажилчдын цалинг гурван сар даахаар болсон. Харин Дани улс мөн ажлын байраа хадгалж үлдсэн ААН-үүдийн ажилчдын цалингийн 75 хувийг тодорхой хугацаанд даахаар болсноо өнгөрсөн гуравдугаар сард зарлаж байв.

БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХҮНСНИЙ КУПОН, ЭРХИЙН БИЧИГ  ТАРААЖЭЭ

Их Британийн Засгийн газар ажлын байраа хадгалж үлдсэн, нэг ч ажилтнаа цомхотгоогүй байгууллагын ажилчдын цалингийн 80 хувийг олгохоор болсон байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээ амлав. Түүнчлэн компаниуд хязгааргүй зээлийн баталгаа авах боломжтой бөгөөд томоохон компаниудад Английн Банкнаас шууд зээл авах эрхийг олгож, зарим салбарын бүх компаниудад үл хөдлөх хөрөнгийн татварыг нэг жилийн хугацаатай цуцлах зэрэг арга хэмжээнүүдийг авчээ.

Өмнөд Солонгосын Засгийн газар коронавирусийн халдварын тархалтын эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах үүднээс улсынхаа нийт өрхийн талаас илүү хувьд хүнсний купон, эрхийн бичиг олгоход зориулж 7.1 их наяд вон буюу 5.8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Энэ хүрээнд дундаас доогуур орлоготой нэг гишүүнтэй өрхөд 400, хоёр гишүүнтэй өрхөд 600, гурван гишүүнтэй гэр бүлд 800 мянган вон олгох, дөрөв болон түүнээс дээш гишүүнтэй, орлогын түвшин бага өрх тус бүрт нэг сая вон олгохоор шийдвэрлэв.

ОХУ ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний зардлын тодорхой хэсгийг нөхөн төлж байгаа бөгөөд цар тахлын улмаас орлого нь буурсан компаниудын нэг ажилтанд ойролцоогоор 12 мянган рубль олгожээ. Мөн 3-15 хүртэлх насны хүүхэд бүрт нэг удаа 10 мянган рублийн тэтгэмж олгоно. Хүүхдийн мөнгийг олгохоос гадна 2017 оны нэгдүгээр сараас 2020 оны хооронд анхны хүүхэд нь төрсөн, эсвэл үрчилсэн гэр бүлд мөнгөн тэтгэмж олгож байгаа бөгөөд энэ тэтгэмж дээр нэмж 5000 рубль олгожээ.

ХЯТАДЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛАВ

Хятад улсын Засгийн газар хөдөө аж ахуйг сэргээхийн тулд 20 сая ам.долларын нөхөн төлбөр тарааж, дрон, жолоочгүй ХАА-ын тээвэр хэрэгслийн технологид ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүнчэн Хятадын Төв банк бодлогын хүүгээ бууруулж, банкууд болон зээлдэгч нарт ирэх зээлийн хүүгийн дарамтыг багасгахад туслах үүднээс их хэмжээний бэлэн мөнгийг зах зээлд нийлүүлсэн. Мөн дотоодын зах зээл дээрхи үнийн хөөрөгдлийг зогсоож, иргэдийн амьжиргаа болон бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэд хэдэн татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлсэн.

Канад улс иргэддээ 75 тэрбум ам.долларын коронавирусийн тусламжийн багц тараахаар болжээ. Уг хуулийн төсөлд хүүхэдтэй гэр бүлд олгох хүүхдийн тэтгэмжийн төлбөрийг нэмэгдүүлэх, жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан цалингийн тэтгэмж, татварын хөнгөлөлт зэрэг арга хэмжээ багтах аж. Тусламжийн хүрээнд COVID-19-ээс болж ажлаа алдсан хүмүүст сард 2000 ам.долларыг дараагийн дөрвөн сарын хугацаанд олгох, орлого багатай иргэд нэг удаад 400 канад долларын тэтгэмж олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Бразилд албан ёсоор ажилгүй болсон гэж бүртгэгдсэн иргэд гурван сарын туршид сар бүр 115 ам.доллар, өрх толгойлсон эхчүүдэд энэ мөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнтэй тэтгэмж олгож байгаа. Тайландад Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаггүй иргэдэд гурван сарын туршид сар бүр 5000 бат олгож байгаа бол Португалд 12 нас хүртэлх насны хүүхэдтэй хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хагас жилийн туршид сар бүр 438 еврог бэлнээр олгож байна. Харин Бельги улс хөл хорионы улмаас ажилгүй болсон ажилчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1400 ам.доллар олгожээ. Мөн Хонгконгийн эрх баригчид зургаан сарын турш ажилгүй болсон иргэдийнхээ цалингийн 50 хувь буюу ойролцоогоор 1160 ам.долларыг олгож байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, BBC, CFR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж