Нийслэлийн зарим газар хөрсний бохирдол 10 дахин их

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Нийслэлийн зарим газар хөрсний бохирдол 10 дахин их

“Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2016.03.07/ боллоо. Энэхүү хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Физик-Математик- Химийн салбарын Бага чуулган хамтран зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийн зорилго нь Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эх үүсвэр, бохирдлыг бууруулах асуудлыг шийдэх оновчтой гарцыг олоход оршиж байна. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эх үүсвэр, хөрсний бохирдлоос үүдэн хүн амын эрүүл мэндэд учирч буй хортой нөлөөллийн талаар эрдэм шинжилгээний байгууллагуудын гаргасан сүүлийн үеийн судалгаа, бохирдлыг шийдэхийн тулд практикт нэвтрүүлж эхэлж буй зарим боломжит арга замын талаархи судалгаа шинжилгээнд суурилсан үр дүнгийн тухай илтгэлүүд тавигдлаа.

2014 оны байдлаар Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшин дундаж хэмжээнд байгаа бөгөөд алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолд ажиглагдсан байна. Арьс ширний үйлдвэр орчим хром зонхилсон хар тугалга, кадми, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байгаа аж. Мөн хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдол их байна. Тухайлбал: Нарантуул захын арын хаалганы орчмоос авсан хөрсний дээжинд аммони агууламж хамгийн их буюу 21,07 мг/кг гарсан ба бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байна.

Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байгаа бөгөөд энэ нь гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой юм. Бохирдлыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг багасгах, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэхэд, иргэд олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх зэрэг удаан хугацааны цогц арга хэмжээ шаардлагатай аж.

Энэхүү хэлэлцүүлэгтэй холбоотойгоор “Технологийн инкубатор” төвийн захирал Ч.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хөрс өнөөдрийн байдлаар хэр зэрэг бохирдсон бэ?

-Хөрсний бохирдол жилээс жилд нэмэгдэж байна. Үүнээс үүдэж ард түмний эрүүл амьдрах нөхцөл алдагдаж байна. Тиймээс эрдэмтэн судлаачид тодорхой технологийн шийдлийг гаргах ирэх үүргийнхээ дагуу ШУА сүүлийн таван жилийн турш дэвшилтэд технологийг судалсан. Судалгааны үр дүнд микробиологийн дэвшилтэд EM технологийг ашиглахаар болсон. Энэ технологи нь химийн бус, хямд аргаар хөрсөө эрүүлжүүлэх боломжтой юм.

-Энэ технологийн ачаар хэдий хугацааны дараа хөрс цэвэрлэгдэж дуусах вэ?

-Хөрсний бохирдол газар бүр харилцан адилгүй байдаг. Нэг хэсэг газар нянгаар бохирлогдсон, нэг хэсэг газар нефьтээр бохирсон гэх мэт. Бохирлогдсон хөрсийг макробиологийн технологи маань гурван сарын дотор цэвэрлэх боломжтой.

-Манайд аль чиглэлийн хөрсний бохирдол их байна вэ?

-Ер нь хүнд хортой металаар маш их бохирдож байна. Тухайлбал, цахилгаан станц, гэр хорооллын нүүрсний утаа, автомашины утаа, хог хаягдал зэргээс бохирдож байна. Энэ технологийг ашигласнаар хөрсийг гэмтээхгүй ариутгах боломжтой. Хоёрдугаарт, үнэр дардаг учир амиак шивтэр гэх мэт олон төрлийн үнэрийг арилгадаг.  

-Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарж чадах уу?

-Бид 2012 оноос хойш Төв цэвэрлэх байгууламжинд туршилт хийсэн. Уг байгууламжаас шингэн лаг, өтгөн лаг гэсэн хоёр төрлийн лаг гардаг. Шингэн лагийн үнэрийг дарж чаддаг, өтгөн лагийн үнэрийг тодорхой хугацаанд шимэгдэх хэлбэрээр арилгадаг. Ингэснээр цаашид лагаа баялаг бүтээх, бордоо болгох боломж бүрдэж байна.

Т.ДАВААНЯМ

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж