УОК-ын шийдвэрээр хөл хорионы дэглэмийг чангатгаж, нийтийн тээврийн үйлчилгээний хуваарьт өөрчлөлт орууллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийтийн тээвэр өнөөдрөөс 07.00-10.00 болон орой 17.00-20.00 цагийн хооронд үйлчлэх юм. Өмнө нь нийтийн тээвэр 06.00-10.00 цаг болон 17.00-22.00 цаг хүртэл үйлчилж байсныг ийн богиносгож байна. Мөн дээрх тогтоосон цагаас бусад үед иргэд явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэй юм. Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангалтын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг аль болох шөнийн цагаар ажлаа явуулдаг байхаар зохицуулалт хийх аж.
Өнөөдрөөс эхлэн төрийн байгууллагууд болон төрийн өмчид аж ахуйн нэгжүүд нийт ажиллагсдын 15-20 хувиас илүүгүй хүмүүсийг ажиллуулахаар болж байна. Иймд зайлшгүй шаардлагаар нийтийн тээврээр зорчиж буй иргэдийг амны хаалт зүүж үйлчлүүлэхийг албаны хүмүүс зөвлөж байгаа юм. Мөн хөл хорионы үеэр автобусанд 10-12 хүн л сууж зорчих бөгөөд чиглэл хоорондын зайг 3-5 минут болгон ойртуулжээ. Нийтийн тээвэрт хүн хоорондын зайг барьж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг мөрдөж байгаа эсэхэд Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон хяналтын ажилчид хяналт тавьж ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзвэл өчигдөр хөдөлгөөний ачаалал өмнөх өдрүүдээс эрс нэмэгдэж 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлаж байж тархалтыг хумьж чаддаг олон улсын жишгийн дагуу хөл хориог ийнхүү чангатгалаа. Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй шийдвэр хэвээр байна
Б.ЦЭЦЭГ