Дарханд гурван тохиолдол илэрч, тэг зогсолтыг дахин сунгалаа

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Дарханд гурван тохиолдол илэрч, тэг зогсолтыг дахин сунгалаа

Дарханд гурван тохиолдол илэрч, тэг зогсолтыг дахин сунгалаа

Дарханд гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тул хөл хориог дахин гурван хоногоор буюу энэ сарын 21 хүртэл сунгажээ. Тус аймгийн Онцгой комиссын өчигдрийн /2020.11.17/хуралдаанаар уг шийдвэрийг гаргасан байна.

Дарханд өчигдөр covid-19 халдварын шинэ тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тэг зогсолт хийсэн. Энэ хугацаанд түргэвчилсэн оношлуураар иргэдийг шинжилгээнд хамруулахад гурван эерэг тохиолдол илэрсэн байна. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас шинжилгээний хариу нь эерэг гарсан гурван иргэнийг сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэсэн тул ХӨСҮТ рүү хүргэхээр болов. Иймд, хатуу хөл хорионы дэглэм өнөөдрөөс /2020.11.18/ дахин сунгагдаж байна. Энэ хугацаанд халдварын ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоон шинжилгээ авах юм байна.

Өнгөрсөн  хоногт гэхэд тэг зогсолт хийсний үр дүнд сүүлийн гурван тохиолдлын ойрын болон хоёрдугаар хавьтлын 30-50 хүнийг илрүүлжээ. Мөн нэгдүгээр хавьтлын 59 иргэнийг тусгаарласан бол хоёрдугаар хавьтлын 139 иргэнээс шинжилгээ авчээ.

Тус аймагт хатуу хөл хориог сунгаж, тэг зогсолт хийх хугацаанд алба хаагчид халдварын шалтгааныг тодруулахаар ажиллах юм байна. Дарханд халдварын шинэ голомт үүссэн тул эрсдэлийг тооцож таван зочид буудалд 243 ор бэлджээ.

COVID-19 ИЛЭРСЭН ИРГЭН САЙН ДУРААРАА ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ:  

-Дарханд илэрсэн сэжигтэй тохиолдол баталгаажиж халдварын шинэ голомт илэрсэн. Тухайн иргэн үүргээ ухамсарлаж, сайн дураараа шинжилгээнд хамрагдаж covid-19 илэрч, баталгаажсан. Гэсэн ч энэхүү аюулт өвчнийг илрүүлэхэд аймгийн Онцгой комиссынхонд дэмжлэг үзүүлж, хотынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн хэмээн үзэж байна. Тиймээс иргэд тухайн иргэний хариу эерэг гарсан ч иргэд үзэн ядах, баталгаагүй мэдээ тараахгүй байх, тайван хүлээцтэй хандахыг хүсье. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хөл хорионы дэглэмийг гурван хоног сунгасан тул иргэдэд маш олон асуудал тулгарна. Иргэдэд түлш, ус, усан хангамж, хүнсний бүтээгдэхүүн хүргэх ажлыг зохион байгуулах ажлыг аймгийн Онцгой комиссоос анхаарна. Юуны өмнө Дархан-Уул аймгийн төвийг долоон блок хэсэгт хувааж, хүнсний бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулна. Нэн түрүүнд тусламж шаардлагатай  айл өрхөд хүнс түгээх тул иргэд хүлээцтэй зөвөөр ойлгох хэрэгтэй гэлээ.

ХҮНС, ЭМИЙН ХАНГАМЖ, ТҮЛШИЙГ ХҮРГЭЛТЭЭР ӨГНӨ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.ЭНХБАЯР: 

-Дарханы иргэд үүргээ ягштал баримтлан, хөл хориог нарийн баримталж байна. Иймд, Ерөнхий сайд нийт дарханчуудад талархал илэрхийлснийг би та бүхэнд дамжуулж байна. Бид сүүлийн өдрүүдэд 10 мянган иргэнд хүрч ажилласнаар өнөөдөр 3 иргэн халдвар авсныг илрүүллээ. Тэдний нэг болон хоёр хавьтлуудыг хурдан тогтоох шаардлага үүслээ. Иймд хатуу хөл хориог дахин гурав хоногоор сунгалаа гэлээ.

Дархан хотыг долоон бүсэд хуваан хүнс, эмийн хангамж, түлээ түлшийг хүргэлтийн үйлчилгээгээр хүргэх юм байна. Энэ ажлын хүрээнд хүнсний нөөцийн судалгаанд нийт 191 дэлгүүрийг хамруулжээ. Мөн түлээ нүүрсний цэгүүдтэй холбогдож хэрхэн түгээлт хийх зохион байгуулалтыг судалж байгаа тул удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл, холбоо барих утасны дугаар тодорхой болох юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж