ШУУД: УОК-оос мэдээлэл хийж байна
ШУУД: УОК-оос мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Tuesday, November 17, 2020
Улсын онцгой комисс өнөөдөр 21.00 цагт хуралдсан бөгөөд гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Нийтийн тээвэр, автомашины хөдөлгөөний зорчих цагийг 07-10, 17-20 цаг хүртэл үйлчлэхээр болгож, цагийн хуваарийг богиносгосон байна.
Автомашины хөдөлгөөн өнөөөдөр эрс нэмэгдсэн тул дээрх цагийн хуваарийн хатуу зохицуулалт хийж буй аж.
Хөдөлгөөний нягтралыг сийрэгжүүлэхийн тулд албадлагын арга хэмжээ авах шаардлага үүссэн гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Амгалан мэдэгдлээ.
Төрийн албан хаагчдын 15-20 хувь маргааш ажилдаа ирнэ, ажилдаа явахдаа ажлын үнэмлэхтэй байхыг анхаарууллаа.
Бүх нийтийн хатуу хөл хориог чангатгаж чадвал цар тахлын тархалтыг арванхоёрдугаар сарын 1-ний дотор барих боломжтой гэлээ. Мэргэжлийн байгууллагуудаас хөл хориог чангатгах шаардлагатай талаар зөвлөмж өгсөн аж.
Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзвэл өнөөдөр хөдөлгөөний ачаалал өмнөх өдрүүдээс эрс нэмэгдэж 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлаж байж тархалтыг хумьж чаддаг олон улсын жишгийн дагуу хөл хориог ийнхүү чангатгах шийдвэр гаргажээ.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
"Улаанбаатар төмөр зам"-ынхны дунд Covid-19 халдвар илэрсэн, илрээгүй гээд мэдээлэл цацагдаж байна. Улаанбаатар өртөөнөөс сэжигтэй нэг тохиолдол эхний шинжилгээгээр илэрсэн юм билээ, мэргэжлийн байгууллага нь шинжилгээний дүнг маргааш танилцуулна. Миний ч мэдэж ярих асуудал биш.
Амралтын өдөр нийслэлийн хэмжээнд 10 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон бол өнөөдөр 40 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон талаар сая Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээллээ. Иймээс цагийн хатуу хязгаарлалт хийхээс аргагүй болж байна. Маргааш тодорхой салбарын автомашиныг хөдөлгөөнд оролцуулах нарийвчилсан шийдвэр гарна. Мэдээллийг сонсч байгаарай.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян:
Хөл хорионы дэглэмийг 80 хувиар бууруулсан тохиолдолд тархалтыг 30 хувиар бууруулж чадсан олон улсын судалгаа байна. Иймээс хөл хорионы дэглэмийг ард иргэд сайтар ухамсарлаж, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг биелүүлэх хэрэгтэй байна. Бүх хөдөлгөөнд хуулийн байгууллага хяналт тавьж ажиллана. Зөрчсөн хүмүүст хариуцлага тооцно.
Төрийн бүх шатны байгууллага ажлын тусгай горимд шилжиж ажиллаж байгаа.
Хувийн хэвшлийнхэн аль болохоор цахимаар ажлаа зохион байгуулахыг шаардаж байна. Эрүүл мэнд, хүнсний үйлчилгээ авах эрх л нээлттэй үлдсэн. Улаанбаатар хотод ирсэн иргэд олон байна. Улсын онцгой комиссоос ойрын хугацаанд иргэдэд хотоос гарах зөвшөөрөл олгох юм байна гэсэн ташаа мэдээллийн дагуу сайн дурын Covid-19-ийн шинжилгээнд дугаарлах тохиолдол гарч байна. Ийм албаны шийдвэр гараагүй. Албан ёсоор орон нутгийн иргэдтэй холбоотой хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсаны дараа шийднэ. Тодруулж хэлбэл, Улсын онцгой комиссоос тодорхой шийдвэр гарсны дараа Улаанбаатар хотоос хөдөөг зорих хөдөлгөөнийг зохицуулна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
Явганаар зорчих иргэдэд 07-10, 17-20 цаг хүртэлх цагийн хуваарь мөн хамаарна гэдгийг анхааруулъя.
Нийслэлээс 4800 аж ахуйн нэгжид хүнсний судалгаа хийж, өдөр болгон мэдээлэл авч байгаа. Хүнсний хангамж хангалттай. Тухайлбал, махны 48-60 хоногийн нөөцтэй бол гурилын 88-98 хоногийн нөөцтэй байна.
Хүнсний бүтээгдэхүүний түгээлт дээр онцгой анхаарч, дүүрэг бүрт байгаа зургаа, найман нэрийн дэлгүүр рүү түгээлт хийж байна.
Хүнсний нөөцтэй холбоотой асуудал дээр иргэд маань буруу зөрүү мэдээлэл авч бухимдуузай. Тээвэрлэлтийн зохицуулалтыг саадгүй хийх зорилгоор Зам тээврийн хөгжлийн сайд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдтай ярилцаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 21 байршилд 71 тонн нөөцийн мах борлуулсан. Дэглэмийн дагуу махыг борлуулахаар ажиллаж байна.
Махны нийлүүлэлтийг шөнийн хувилбарт шилжүүлэх бодлого барьж байна. Мах худалдах цэгийг мөн нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Гарцаагүй хүнсээ цуглуулахаар гарч байгаа бол дүүргийнхээ нөөцийн цэгээс мах авахаас өөр сонголтгүй байгааг ойлгоорой.
Г.ХОРОЛ