Баатрууд нь дарга нар биш эмч нар!

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Баатрууд нь дарга нар биш эмч нар!

Баатрууд нь дарга нар биш эмч нар!

“…..Манай шинжилгээний багийнхан халуун хүйтнийг үл ажран, битүү хувцастай, вирустэй орчинд, өдөржингөө хоол ундаа хасан 12 давхар руу ( лифтгүй) өөд уруугүй 5-25 кг хүнд ачааг үүрэн, өрөө өрөөнд нь орж гурван давхар бээлийгээ хүн тус бүр дээр байнга сольж өмсч, бие биендээ хатуу хяналт тавин, халдвар хамгаалалын дэглэм, журмаа сахин ажиллаж ирсэн. Зогсоогоороо олон хүний шинжилгээг авахдаа, хэл амаар доромжлуулан загинуулах бол энүүхэнд. Зарим нь шинжилгээгээ өгөхгүй гээд удна, намайг өвчтэй гэж санаа юу гээд эмч сувилагч нарын маань хувцасыг нь урах гэж дайрна. Хөлс урсч, дотор муухайран, толгой эргэж, өвдөх нь жирийн үзэгдэл. Нэг буудлын шинжилгээ дуусаад дараагийн буудал хүртэл хувцсаа тайлах л хамгийн их аз жаргал. Тухалж хоол идэх боломжгүй учир заримдаа өдөрт хоёр хуушуур дундаа нэг колагаар голоо зогооно. Хоол идэх боломжгүй үе их ээ. Авчирсан шинжилгээг лаборторийнхон маань шөнөжин нойргүй сууж хийнэ. Бүгд ар гэртээ халдвар тараачих вий гэсэн айдастай. Үр хүүхэд ач зээгээ ч тэвэрч үнсэхээс эмээнэ”. Халдварын голомтод ажиллаж буй нэгэн эмчийн бичсэн пост.  Халдварын голомтон дунд ажиллаж буй тэд ямар хүнд нөхцөл дунд байгааг үүнийг уншсан хэн бүхэнд ойлгогдоно. Тэр өнөөдөр ч гэртээ харих эрхгүй, голомтон дунд ажиллаж байж мэднэ. Тухайлбал, өчигдөр Дарханд илэрсэн халдварын тохиолдол эмнэлгийн ажилтан байсан бөгөөд амбулаториор үйлчлүүлсэн өвчтөнөөсөө халдвар авсан нь тогтоогджээ. Уг хүн нь Алтанбулаг боомтод ачаа зөөдөг хүн байжээ. Халдвар авснаа мэдэхгүй эмнэлгээр үйлчлүүлж явах үед Сэлэнгийн 74 настай эмээ болон Дарханы эмнэлгийн ажилтан халдвар авсан бололтой. Энэ мэтээр эмнэлгийн байгууллагынхан асар том эрсдэл дунд ажиллаж байхад 14 хоногийн хөл хориог тэвчих нь иргэн бүрийн үүрэг болж байна.

Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдлын дийлэнх нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Гэхдээ дотоодоосоо авсан халдвар хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэдний дунд ажлаа хийж яваад халдвар авсан эрүүл мэндийн ажилтнууд бий. Дэлхий дээр халдварын эрсдэлд хамгийн ихээр өртөж амь насаа алдаж буй хүмүүс бол эрүүл мэндийн байгууллагынхан. Гэсэн ч тэд өргөсөн тангаргаасаа няцаагүй.

Өргөсөн тангарагтаа үнэнч үлдэхийн тулд тэд амь насаа гаргуунд тавьж, олон иргэнийг  өвчин зовлонгоос нь аварч байна. Одоогоор манай улсад covid-19-өөс болж амиа алдсан тохиолдол бүртгэгдээгүй нь ХӨСҮТ-ийн эмч, сувилагчдын гавъяа. Жинхэнэ баатрууд нь дарга нар биш эмч нар юм.  Цар тахлаар монгол хүн үхэхгүй гэсэн баталгаа үнэндээ байхгүй. Учир нь, дэлхий дээр нэг хоног олон мянган хүн цар тахлаар нас барж байна.

Биднийг диван дээрээ хэвтээд, утсаа маажиж суухад тэд амрах завгүй, хоолоо амтархан идэж чадахгүй нөхцөл дунд цар тахалтай байлдаж явна. Хэрэвзээ covid-19-ийг дайн гэвэл дайны галын шугаман дээр “байлдаж” яваа хүмүүс бол эмч, сувилагчид. Тэдэнд ч хайртай хүмүүс, хамгаалах ёстой гэр бүл гэж бий. Тэд амьд явах эрхтэй.

Тиймээс галын шугаман дээр ажиллаж буй олон мянган хүний хичээл зүтгэлийг талаар болгочихгүйн тулд та гэртээ “тайван” сууж, УОК, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг дагаж хэрэгжүүлэх нь нэн чухал байна.  Тэнд хүмүүс таны амь насыг хамгаалахын тулд өдөр, шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байхад бид өөрөө, өөрсдийнхөө амь насыг яагаад эрсдэл оруулах ёстой вэ.

Дэлхийд цар тахлыг дотооддоо алдаагүй улс орон өнөөдөр алга. Эрүүл мэндийн салбар нь хөгжсөн их гүрнүүд энэ өвчинд өвдөг сөгдөж байхад монголчуудын ажил амьдрал 10 сар тайван үргэлжилсэн.

Өнөөдөр улстөржиж, талцаж, хуваагддаг цаг биш. Хэрэлдэж, муудалцаж, хэн нэгнээс буруутгал хайж суух нь өвчнийг ялахгүй. Эсрэгээрээ өвдсөн нэгэндээ урам өгч, ядарсан нэгэндээ дэмжлэг үзүүлж, эв нэгдэл, хамтын зүтгэлээр энэ өвчнийг ялах ёстой юм.

Тэгээд ч Монгол муудаа цар тахлыг дотооддоо алдаагүй. Хэзээ нэгэн цагт цар тахал зөөвөрлөгдөн орж ирэх нь ойлгомжтой байсан, бусад орны гашуун туршлагыг харахад. Харин одоо монголчууд “хүчээ нэгтгээд” цар тахлыг давцгаая. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж